ШУТИС дотуур байрныхаа төлбөрийг нэмэхгүй

Оюутнуудад тулгардаг өөр нэг бэрхшээл бол амьдрах байр. Манай улсад жилд 150 000 орчим оюутан суралцаж буйгаас дийлэнх нь нийслэлд байна. Одоогоор Улаанбаатарын хэмжээнд 15 000 оюутан амьдрах боломжтой 45 дотуур байр бий. Жилийн төлбөр нь дунджаар 450 000-600 000 төгрөг аж. Тодруулбал, ШУТИС энэ хичээлийн жил дотуур байрныхаа үнийг нэмэхгүй, 30 000 төгрөгийн барьцаа авч, нэг хүн сард 40 000 төгрөгийн хөлстэй суух хэвээр байгаа.

Тус сургууль таван дотуур байрандаа 1800 гаруй оюутан хүлээн авах ба наймдугаар сарын 23-наас нэг, хоёрдугаар курсийнхнийг түрүүлж бүртгэх гэнэ. Харин хамгийн олон буюу 20 000 орчим оюутантай МУИС дотуур байрны үнээ нэмэх, эсэхээ одоогоор шийдээгүй. Зургаан байрандаа гадаад, дотоодын 1200-1400 оюутан суулгах аж. Өнгөрсөн онд жилийн төлбөр нь дунджаар 500 000 төгрөг байжээ. МУИС-ийн оюутан сургуулийнхаа цахим хуудсанд дотуур байранд амьдрах хүсэлтээ гаргах бөгөөд интернэтээр өрөөгөө сонгох боломжтой гэв.

Нийтийн байр болон түрээсийн орон сууцны үнэ ханш ямар байгаа талаар сонирхлоо. Нэг өрөө байрны сарын түрээс байршил, тавилга, интернэттэй зэргээс хамаарч 320 000-700 000 төгрөг байна. Хан-Уул дүүрэг хуучнаар нэхмэлийн шар байр, Сонгинохайрхан дүүргийн “Орчлон” хороолол, Таваншард түрээсийн байр хамгийн хямд буюу 320 000-450 000 төгрөгийн үнэтэй байна. Харин Тавдугаар хороолол болон Бөхийн өргөө орчмын байр 700 000 төгрөгт хүрчээ. Түрээсийнхээ мөнгийг гурван сараас нэг жилээр төлөх ёстой. Мөн барьцаа болгон нэг сарын хөлстэй тэнцэх мөнгийг өгөх гэнэ.

Нийтийн байр мөн л байршил халуун, хүйтэн ус, боловсон жорлонтой, эсэхээсээ хамаарч өөр өөр үнэтэй. Нэг хүн сард багадаа 100 000, ихдээ 250 000 төгрөг төлөөд “нийтээрээ” амьдарч болно. Төлбөрөө хэрхэн төлөх болон барьцаа мөнгө өгөх, эсэхээ тохиролцож болдгоороо давуу талтай гэдгийг эзэд нь хэлсэн. Мөн айлын хажуу өрөөнд амьдрах, 2-3 өрөө байрыг хуваан түрээслэх боломж бий. Хажуу өрөө 11-20 ам метр хэмжээтэй бөгөөд байршлаасаа хамаарч 150 000-280 000 төгрөгийн үнэтэй. Ихэвчлэн “хэл ам татлахгүй” 1-2 эмэгтэйд хөлслүүлэх сонирхолтой аж. Түүнчлэн 20 ам метр талбайтай нэг өрөө байрны зах зээл дэх хамгийн хямд үнэ нь 35 орчим сая төгрөг бол 30 ам метр хэмжээтэй нь байршлаасаа хамаарч 45-60 сая төгрөгийн ханштай байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)