Шуналт хамтрагч

2009 оны наймдугаар сарын аагим халуун өдөр Сибирийн томоохон хот болох Новосибирскийн гэмтлийн эмнэлэгт дунд хэрийн насны эр ухаангүй байдалтай хүргэгдэн иржээ. Өвчтөнийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэн яаралтай арга хэмжээг авав. Түүнийг Игорь Васильев гэдэг бөгөөд “Модус М” компанийн орлогч захирлын албан тушаалыг хашдаг нэгэн байв. Эмч нар хоёр өдөр нойр хоолгүй тэмцсэний эцэст өвчтний биеийг тогтворжуулж чаджээ. Ингээд Игорь Васильев ямар өвчнөөр өвчилсөн байх нь вэ гэдгийг тодорхойлох амаргүй бас ярвигтай судалгааны ажил эхэлсэн байна. Энэ үеэр “Модус М” компанийн байранд хачирхалтай үйл явдлууд ар араасаа цуврах болов. Тус компанийн үнэт цаасны тэргүүлэх мэргэжилтэн А.Гурины хөл нь бадайрч, нуруугаар нь өвдөөд байхаар нь ерөнхий захирлаасаа чөлөө авахаар өрөөнд нь ортол захирлынх нь бие мөн муудан эмч домч дуудчихсан сууж байх нь тэр. Захирлын нуруугаар нь хүчтэй өвдөхийн хажуугаар бүрэн амьсгаа авч чадахгүй байв. Тус компанийн өөр нэг орлогч захирал болох А.Кривобоков мөн л бие нь муудаад ажилдаа ирж чадахгүй нь гэдгээ утсаар дуулгажээ. Дээрх хүмүүс гэртээ хэвтээд өвчин нь зүгээр болох байх гэж найдсан ч биеүд нь улам муудсан аж. Ингээд долоо хоногийн дотор Игорь Васильеваас гадна “Модус М” компанид ажилладаг нийт таван хүн адилхан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Гагцхүү өвчний онош тодроогүй хэвээр. Мэдээж “Модус М” компанийн дотоод уур амьсгал түгшүүртэй болох нь ойлгомжтой. Тус компани нь Новосибирск хот төдийгүй тухайн бүс нутагтаа үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, ачаа тээвэрлэлт, барилга гээд олон салбараар эрчимтэй хөгжиж байгаа байгууллагын нэг байлаа. Энэ бүхнийг цөөн тооны чадварлаг бизнесменүүд удирдаж гол асуудлуудаа өөрсдөө менежмент хийж зохицуулдаг байжээ. Ийм ажлын системтэй байгууллагын ерөнхий захирал хоёр орлогчтойгоо мөн хоёр тэргүүлэх мэргэжилтэн нь ажлын чадвараа алдсан нөхцөлд компанийн ажил бараг зогссон байна. Нөгөө талаасаа ямар нэгэн халдварт өвчин тархаж байж болзошгүй тул ажилчдын дунд сандрал үүсээд байв. Учир нь Игорь Васильев өмнө нь нэгдүгээр сард Тайланд улсад аялж ирснийхээ дараа танигдаагүй нэгэн вирусээр өвчлөн удаан хугацаагаар эмчлүүлсэн аж. Тэгээд ажилдаа ороод удаагүй байтал өвчин нь сэдэрч ухаангүй хүргэгдсэн нь энэ. Харин энэ удаа хэд хэдэн хүн халдварласан бололтой. Зүүн өмнөд Азиас гаралтай вирусийн тархалт байж болзошгүй тул тус өвчтөнүүдэд Новосибирскийн урдаа барьдаг эмч нар анхаарлаа хандуулжээ. Гэвч хэрэв вирусийн халдвар мөн бол Игорь Васильевын гэр бүлийнхэн нь болон бусад ойр харьцдаг хүмүүс халдвар авах ёстой. Гэтэл тэд бүгд эрүүл байв. Ингээд эмч нар И.Васильевын өвчний талаар төв мэдрэлийн системийн хурц эмгэг гэсэн онош дээр санал нэгдэж тохирсон эмчилгээг хийж эхэлжээ. Нэг хэсэг өвчтөний бие дээрдэж эхэлсэн төдийгүй өөрийнх нь ажлыг хариуцах болсон А.Кривобоковд зөвлөгөө өгдөг болов. А.Кривобоковын өвчин бусдыгаа бодвол хөнгөн хэлбэрийнх байсан тул тэрбээр удалгүй эмнэлгээс гарч ажилдаа орсон аж. Харамсалтай нь И.Васильевын бие эргээд мууджээ. Бусад гурван өвчтөний бие ч цаг цагаар дордсоор байв. Өвчтөнүүдэд маш сонин шинж тэмдэг илрэх болжээ. Жишээ нь тэд хаалганы цаанаас хүний түрхсэн үнэртэй усыг мэдэрч, хонгилын нөгөө үзүүр дэх хүмүүсийн яриа сонсогдох болов. Бас үс нь туг тугаараа унаж эхлэв. Энэ шинж тэмдэг илрэнгүүт эмч нарын нэгэнд цацраг идэвхт бодисын хордлого болсон байж магадгүй гэсэн таамаг орж иржээ. Ингээд өвчтөнүүдийн үс болон хумсны дээжийг аван шинжилгээнд явуулсан байна. Шинжилгээний хариу эмчийн таамгийг батлав. Бүх өвчтөнүүдээс талий хэмээх цацраг идэвхт металл илрэх нь тэр. Ингээд хордсон нөхцөл байдлыг тодорхойлох нь хуулийн байгууллагын ажил хэмээн эмч нар ч, “Модус М” компанийн хамт олон ч үзсэн байна. Мөрдөгчид эхэндээ эл явдлыг гэмт хэргийн шинжтэй хэмээн үзээгүй ч хаана яаж хордсоныг тогтоох хэрэгтэй байлаа. Новосибирск хотод хаана, ямар байгууллага цацраг идэвхт талийг хэрэглэдэг вэ гэдгээс эхлэв. Химийн, хараа зүйн, нарийн багаж хэрэгслийн үйлдвэрүүдэд ашигладаг ч Новосибирск хотод уг бодисыг хэрэглэхээ болиод арван жил болсон байв. Хотоор дамждаг төмөр замын ачаа тээврийн сүүлийн нэг жилийн бүртгэлийг шалгасан ч сэжигтэй зүйл гарч ирсэнгүй. Ингээд үйлдвэрийн осол биш нь нотлогдсон тул хотын прокурор хүний аминд хүрэхийн завдсан гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөрдөгчид ажлаа гэмт хэргийг хийх болсон шалтгааныг тогтоохоос эхлэв. “Модус М” компанийн орлогч захирал И.Васильев хоёр дахь удаагаа ийм нөхцөл байдалд орж байгаа тул гэмт хэрэг түүн рүү чиглэгдэж хэмээн үзлээ. И.Васильев нь Новосибирскийн төмөр замын ачаа тээврийн дийлэнх хувийг эзэмшдэг тул түүнийг зайлуулах шалтгаан үүнд оршиж байх магадлал өндөр. Хувийн харилцаа, өс хонзон, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн захиалга гэх мэт хувилбарыг ч үгүйсгэх аргагүй. Харин аль хувилбар нь вэ гэсэн асуултад гол гүйцэтгэгч буюу хордуулагч этгээд хариулж чадна. Түүнийг илрүүлэхийн тулд юуны түрүүнд гэмт хэргийн үйл явцыг тодруулах хэрэгтэй. Энэ тал дээр мөрдөгчдөд зөвхөн “Модус М” компанийн ажилчид л тусалж чадах аж. Хамт олон дотор нь аймшигт хэргийг үйлдэх нэгэн байна гэдэгт Модус М“-ийхан итгэж өгөхгүй л байлаа. Тэр байтугай хохирогч И.Васильев хараагүй болж, өөрөө явж чадахааргүй тахир дутуу болсон ч хэн нэгэн түүнийг алахыг завдсан гэхэд итгэж чадахгүй байсан гэдэг. Гэрчүүдийн мэдүүлгээс мөрдөгчид нэгэн чухал нөхцөл байдлыг тодруулсан байна. Эл хэргийн хохирогчид болох бүх таван хүн нэг цагт нэг газар цугларсан байдаг. И.Васильев ажилдаа ороод удаагүй байхад түүний төрсөн өдөр болжээ. Эл өдөр дээрх таван хүн бүгд түүний өрөөнд цугларан цай уун хууч хөөрч сууцгаасан аж. Тэгэхээр эл өдөр тэр өрөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нь тодорхой болжээ. Харин тэр өдөр тэр өрөөнд хохирогч таван хүнээс гадна зургаа дахь хүн байсан нь тогтоогдов. Тэр бол үл хөдлөх хөрөнгийн тэргүүлэх мэргэжилтэн С.Гаманьков гэгч байв. Түүний бие эв эрүүл сав саруул байх нь тэр. Ингээд Гаманьковыг хувь хүн, холбоо, танил тал гээд бүх талаас нь судалсан боловч И.Васильевыг алах шалтгааныг олдсонгүй. Хэрэв хэрэгтэй биш бол тэр яагаад хордсонгүй вэ. Эл учгийг тайлахад “Модус М” компанийн тэргүүлэх ажилтан хохирогч А.Гурины таамаг тус болжээ. Тэр өдөр С.Гаманьков Васильевын өрөөнд бусадтай хамт сууж байсан ч цай бус харин кофе уусан аж. Түүнийг элсэн чихэр хэрэглэдэггүйг Гурин мэддэг бөгөөд хэрэг явдал элсэн чихэрт байж болох юм гэжээ. Ингээд нэмэлт шинжилгээ судалгаа явуулсны дараа Васильевын өрөөний шургуулгад байсан элсэн чихрийг гэмт этгээд хорт бодис шингээсэн элсэн чихрээр сольж гэдгийг тогтоов. “Модус М” компани нь харуул хамгаалалт сайтай, бүх танхим хонгилдоо ажиглалтын камертай, хүн болгон өрөөний түлхүүртэй тул гаднын хүн орох магадлал үгүй. Тэгэхээр И.Васильевын өрөөнд байсан элсэн чихрийг зөвхөн тус компанид ажилладаг хүн л сольж чадах аж. Ингээд “Модус М” компанийн дотоод амьдрал буюу ажилтнуудын хоорондын харилцаа, ялангуяа И.Васильевт хандах хандлагыг судалжээ. Васильев маш нийтэч, илэн далангүй хүн тул түүний өрөөгөөр компанийн бараг бүх хүн орж гардаг байв. Сэжигтний хүрээг багасгахын тулд мөрдөгчид Васильевыг хордуулж алах гэсэн анхны оролдлогын нөхцөл байдлыг тодруулахаар шийджээ. Түүний аминд халдах гэсэн хоёр оролдлого хаа нэгтээ отолцож л таараа. Васильев Таиландаас ирснийхээ дараа аяллын сонирхолтой дүрс бичлэгийг үзье гэж өөрийн туслах Е.Языковаг гэртээ урьжээ. Языкова нь түүний туслах төдийгүй хамгийн ойр дотнынх нь хүн аж. Өөрөөр хэлэх юм бол амрагууд гэсэн үг . Тэр орой амрагууд Васильевын гэрт ирээд баахан шарвин иджээ. Төд удалгүй Васильевын бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Ийнхүү анхны сэжигтэн Языковагаас байцаалт автал маш сонирхолтой нөхцөл байдлууд гарч ирэв.Шарвиныг хэн хийсэн гэсэн асуултад Васильев ч биш, Языкова ч биш харин Кривобоков болж таарав. Васильев нь шарвинд их дуртай нэгэн бөгөөд нэг удаа ойролцоох зоогийн газрын шарвин идэж үзээд амтыг нь магтан шагшиж гарчээ. Хамт явсан нөхдийн санал нийлээгүйн нэг нь Кривобоков байж. Тэрбээр өөрөө шарвин хамаагүй амттай хийдэг бөгөөд та нарыг дайлж үзүүлнэ гэж ам гарсан байна. Шарвинд нугасгүй Васильев түүнээс хойш Кривобовоос байн байн шарвин хэзээ хийж өгөх гэж байна хэмээн нэхдэг болжээ. Ингээд Васильев Тайландад хийсэн аялалынхаа бичлэгийг үзүүлэх гэж байгаа сургаар Кривобоков амлалтаа биелүүлэх далим гарган тэднийг гэртээ урьжээ. Ингээд бичлэг үзэнгээ Кривобоковын хийсэн шарвинг идэцгээсэн байна. Шарвин үнэхээр амттай болжээ. Тэднийг явах болоход Кривобоков үлдсэн шарвинаа Васильевт боож өгөөд явуулжээ. Маргааш нь Васильев үлдсэн шарвиныг идээд бие нь муудсан бол Языкова түүнээс амсаа ч үгүй аж. Мөрдөгчдийн анхаарлыг А.Кривобоков өөрийн эрхгүй татлаа. Хэдий тэрбээр эл хэрэгт өөрөө хохирогч болсон ч мөрдөгчид олон жилийн туршлага, мэдрэмжээрээ түүний буруугүй нотолгоог сайтар шалгах хэрэгтэй гэж үзлээ. Гэрчүүдийн мэдүүлгээс Кривобоковын анхны эхнэрийн үхлийн тухай мөн Васильевын өвчний тухай ярьсан яриа мөрдөгчдийн анхаарлыг татав. Тэрбээр Васильевын гэр бүлийнхэнд анхны эхнэр нь гадаад явж ирээд яг ийм шинж тэмдэгтэй өвчин тусаад эдгэрэлгүй нас барсан, манайд энэ өвчнийг оношилж чаддаггүй, шаардлагатай эм тариа нь байхгүй гэж ярьж байжээ. Талийгаач эхнэрийнх нь өвчний түүхийг сөхвөл И.Васильевынхтай ижилхэн оноштой байсаар 11 дэх хоног дээрээ нас барсан байлаа. Мөн өвчний түүхэнд талийгаачийг нэгэн өргөдлийг үндэслэн задлан шинжилгээ хийлгэлгүй оршуулах тухай цаас хавсаргасан байлаа. Тэрхүү бичгийг талийгчийн нөхөр А.Кривобоков үйлдсэн нь тогтоогдов. Тэгэхээр талийгчийн цогцсыг ил гарган шинжилгээ авах шаардлагатай гэж мөрдөгчид үзэв. Эл ажиллагааг сэжигтэн Кривобоковыг үргээчихгүйн тулд талийгчийн гэр бүл, хамаатан саданд нь хэлэлгүй нууцаар явуулсан бөгөөд цогцсоос авсан дээжийг Москва руу хараат бус шинжээчдийн комисст илгээжээ. Шинжилгээгээр Ирина Кривобоковын цогцсоос цацраг идэвхт бодис болох талий нэг хүн байтугай бүхэл бүтэн салаа цэрэг хордох хэмжээгээр илэрчээ. Кривобоковын эхнэрийн үхэл болон Васильевын амь насанд халдсан явдлууд зүгээр нэг тохиолдлын давхцал биш гэдэгт мөрдөгчид эргэлзэхгүй байв. Хэдий Кривобовын буруутайг нотлох шууд баримт байхгүй ч түүнийг чөлөөтэй байлгах нь цаашид аюултай гэж үүдэн баривчилсан байна. Александр Кривобоков нь 1953 онд сэхээтний гэр бүлд төрсөн, инженер мэргэжил эзэмшиж, албан тушаал нь байнга өсөж явсан нэгэн байв. Гэхдээ тэрбээр маш их биеэ тоосон бас шунал нь өвчин болсон нэгэн аж. Олон газар өндөр албан тушаалд очдог байсан ч амьдралынх нь үзэл бодол, зорилго нь зөвхөн өөрийн халаасыг дүүргэхэд оршиж байсан болохоор ихэнхдээ санхүүгийн асуудал болон маргаанаас болж ажлаасаа гардаг байжээ. Гэхдээ тэр өөрийн хөрөнгийг үргэлж үржүүлсээр иржээ. Ямар нэгэн асуудалд орооцолдохгүйн тулд бүгдийг эхнэрийнхээ нэр дээр бүртгүүлдэг байв. Харин амьдрал нь өөрчлөгдөх мөчид энэ зуршил түүнийг гэмт хэрэг хийхэд түлхсэн аж. Түүний анхны эхнэр нас барахаас 4 жилийн өмнө А. Кривобоков өөрийн сексийн хүслээ хангахын тулд нэгэн биеэ үнэлэгч бүсгүйтэй гудамжинд танилцжээ. Бүсгүй маш тооцоотой нэгэн байсан бөгөөд энэ харилцаа цаашид түүний амьдралыг тэтгэнэ гэдэгт итгэн Кривобоковыг уургалаад авчээ. Биеэ үнэлэгч бүсгүй Кривобоковын нууц амраг төдийгүй нарийн бичиг нь ч болоод амжиж. Нөхрийгөө араар нь тавиад байгааг гадарласан эхнэр нь өмссөн өмдтэйгөө үлдэв дээ гэж нухацтай сануулахад Крибовоков ямар алдаа хийснээ ойлгожээ. Хөдлөх, үл хөдлөх, данс гээд бүх хөрөнгө нь эхнэрийнх нь нэр дээр байдаг болохоор хэрэв салбал Кривобоков ёстой л өмссөн өмдтэйгөө үлдэнэ гэсэн үг. Дээрээс нь нууц амраг нь түүнийг эхнэрээсээ салаад өөртэй нь суухыг тулган, хэрэв үгүй бол буцаад гудамжинд гарч биеэ үнэлнэ гэж сүрдүүлэх болжээ. Кривобков сонголтоо хийжээ. Ингээд удалгүй Кривобоковын эхнэр гэнэт нас барж, бэлэвсэрсэн эр тэр дороо Бессоноватай гэрлэжээ. Өмнөх эхнэрээсээ салаагүй учир бүх хөрөнгө нь түүнд шилжиж таараа. Ингээд шинээр гэрлэсэн хоёр нэгэн бизнесийн төсөл боловсруулж хоёр хөрөнгө оруулагч татаж амжсан байна. Нэг нь Новосибирск хотын чинээлэг эр мөн Чех улсын бизнесмен. Тэдгээр хамтрагчдынх нь тухай судалгаа явуултал нутгийн чинээлэг эр төв мэдрэлийн системийн хурц эмгэгээс болоод өөрийгөө ч танихаа больж, харин Чехийн иргэн тодорхой бус шалтгаанаар нас барсан байлаа. Эл үйл явдлаас хойш Кривобоков шинэ эхнэрээ аваад хэл амнаас хол хэсэг хугацаанд Арабын Нэгдсэн Эмиратад амьдарчээ. Тэнд амьдарч байхдаа Кривобоков өөрийн нэр дээр компани байгуулж Бритиш Банканд данс нээж чадсан байлаа. Ингээд гэмт хэрэгтэн гадаадаас ирээд “Модус М” компанид ажилд орсон байна. Туршлагатай, гадаадад түншүүдтэй бизнесмен гэж түүнд итгэсэн тус компани Кривобоковыг нэг орлогч захирлаараа авсан байна. Хамтран ажиллагсад нь Кривобоковыг маш мэдлэгтэй, сонирхолтой, нийтэч хүн гэж тодорхойлсон байдаг. Харин ижилхэн албан тушаалтай байсан Васильевтай бүр нөхөрсөг харилцаатай байж. Тэрбээр хамтран ажиллагсдадаа амжилттай хийсэн бизнесийнхээ арга туршлагаас харамгүй хуваалцдаг байв. Ингээд нэг өдөр тэрбээр Васильевт хэн ч байсан татгалзмааргүй санал тавьжээ. Тэрбээр Герман улсад нэгэн бизнес нээх гэж байгаа бөгөөд Васильевыг хамтрагчаар оролцох уу гэсэн санал тавьсан аж. Кривобоковын байгуулах гэж буй компани нь маш өндөр ашигтай байгууллага болох тооцоо гарчээ. Ингээд Васильев Кривобоковтой хамтрахаар шийдэн 150 мянган ам.доллар бэлнээр өгсөн байна. Харин Кривобоков эргүүлээд ямар нэгэн нөхцөлд байдал үүссэн тохиолдолд тус мөнгөн дүнтэй тэмцэх хэмжээний Бритиш Банкны чекийг өгсөн байна. Мөрдлөгийн явцад тэрхүү чек нь хуурамч биш байсан ч тийм их хэмжээний мөнгийг авах бараг боломжгүй бөгөөд ердөө 3 мянган доллар л олгогдох эрхтэй чек байв. Энэ бол цэвэр залийлангийн хэрэг байлаа. Учир нь Кривобоков Германд ямар ч бизнес явуулаагүй аж. Цаг хугацаа өнгөрөх тусам Васильев нөгөө 150 мянган долларынхоо тухай байн байн асуух болжээ. Тэгэх тоолонд Кривобоков мөнгийг өгөхгүй байх ямар нэгэн шалтгаан тоочсоор байв. Энэ бол алах шалтгаан яахын аргагүй мөн боловч нотолгоо болж чадахгүй аж. Дээрээс нь сэжигтэн Кривобоков хэргээ огт хүлээхгүй байлаа. Өөрийгөө Васильевын адил хохирогч хэмээн зүтгэсээр. Кривобоковын хордсон шалтгааныг цацраг идэвхт бодистой мэргэжлийн бус өөрөөр хэлбэл тусгайлсан бус газар, технологийн дагуу биш аргаар удаан харьцсан тохиолдолд арьсаар хордлого дамжих магадлал өндөр байдаг гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна. Кривобоковын гадаад хэрэмний энгэрийн халааснаас болон жижиг гар цүнхнийх нь дотор тасалгаанаас цацраг идэвхт талийн бичил хэсэг олдсон нь Кривобоковын гэм бурууг шууд нотлох баримт болжээ. Новосибирск хотын дээд шүүх Кривобоковт хорин жил шоронд хорих ял оноосон байна. Харин гэмт этгээд одоо ч гэсэн хэргээ хүлээхгүй байгаа бөгөөд давж заалдах өргөдлийг зогсоо зайгүй гаргаж байгаа аж. Ийнхүү нэг шуналт хамтрагчаас болж эрдэнэт хүний амь нас алдагдаж, хэдэн хүн эрүүл мэндээрээ хохирч, бүхэл бүтэн байгууллага дампуурах шахжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)