“Шударга шүүхийг бий болгохын тулд шүүгчийн сонгон шалгаруулалт, сахилга хариуцлагад анхаарах шаардлагатай”

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас Шүүхийн тухай багц хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Дээрх хоёр хуулийн төслийг харьцуулан, аль нь шүүхийн байгууллагуудыг хариуцлагатай, хараат бус байлгах эрх зүйн орчин бүрдүүлэх боломжтой талаар Монголын хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форумынхан өчигдөр хуульчдын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Үндсэн хуулийн үзэл санааг амилуулж, нийгэмд шударга ёс тогтоохын тулд Шүүхийн тухай хуулийн төслийн талаар судлаачдын байр суурийг сонсон, сайтар хэлэлцэх шаардлагатай” хэмээн онцлов.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ “Шүүхийн тухай хуулийн харьцуулалт” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр “Аливаа хуулийн төслийн зорилгыг тодорхойлсон байх ёстой. Үндсэн хуулиа бэхжүүлэн хамгаалсан, иргэнийг шударга шүүхээр үйлчлүүлэх орчныг бүрдүүлсэн байх шаардлагатай гэдэгт анхаарлаа хандуулмаар байна. Өнгөрсөн хугацаанд шүүгчийн хараат бус байдалд түлхүү анхаарч ирсэн. Тэгэхээр Шүүхийн тухай хууль нь шударга шүүхээр иргэд асуудлаа шийдвэрлүүлдэг нөхцөл бүрдүүлэх зорилготой юм. Шударга шүүхийг бий болгохын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) хараат бусаар ажилладаг, шүүгчийг сонгон шалгаруулах оновчтой, ухаалаг процедурыг хуульчилсан байх, шүүгчийн мэргэжил, ур чадварыг үнэлэх, дээшлүүлэх механизм бий болгох, шүүгчийн сахилга, хариуцлагыг чангатгах гэсэн дөрвөн нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үндсэн хуулийн 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусдыг нь нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэж заасан. Тэгвэл Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөлд нээлттэй сонгох ШЕЗ-ийн таван гишүүний нэгийг Төрийн тэргүүн, нэгийг ХЗДХЯ, үлдсэнийг нь Монголын хуульчдын холбооноос санал болгож, нийтийн сонсгол явуулсны үндсэн дээр томилохоор тусгасан байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Ерөнхийлөгч, ХЗДХ-ийн сайд тус бүр нэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос гурвыг нь санал болгохоор заасан” хэмээн илтгэлдээ онцоллоо.

Дараа нь шүүгчийн сахилга, хариуцлагын талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш А.Эрдэнэцогт илтгэл тавив. “Сахилгын зөрчлийг хэрхэн хуульчилсан бэ гэдэг бол зарчмын шинжтэй асуудал. Тухайлбал, нэг талаас шүүгч ёс зүйн дүрмээ зөрчсөн, нөгөөтээгүүр, мэргэжлийн алдаа гаргасан бол сахилгын зөрчилд хамааруулах уу гэдэг маш чухал. 2010 оноос өмнө шүүгч хууль зөрчсөн бол үүнд хамааруулж байлаа. Харин түүнээс хойш шүүгч мэргэжлийн алдаа гаргасан бол ёс зүйн зөрчил гэж үзэхээ больжээ. Өөрөөр хэлбэл, шүүгч мэргэжлийн алдаа гаргасан, хууль зөрчсөн, илт буруу үйлдэл хийсэн байхад ёс зүйн зөрчилд хамааруулахгүй гэх агуулгаар хууль хэрэгжүүлж иржээ. Шударга шүүхээр шийдвэрлүүлэх иргэний итгэлийг алдагдуулахад энэ нь нөлөөлсөн. Тиймээс дээрх хоёр хуулийн төсөлд сахилгын зөрчлийг хэрхэн томьёолсныг харах нь зүйтэй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд уг нэр томьёог шүүгчийн мэргэжлийн илэрхий алдаа (санаатай, эсвэл албан үүрэгтээ илт хайнга хандсан үйлдлийг) болон ёс зүйн зөрчил гэж тодорхойлсон байна. Засгийн газрын төсөлд уг хуулийн 52, 53, 54, 55 дугаар зүйлд заасан хязгаарлалт болон Шүүгчийн ёс зүйн дүрмийг мөрдөөгүй бол сахилгын зөрчил гэж үзэхээр тусгажээ. Шүүгчид хориглосон зүйлийн жагсаалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахтай холбоотой зүйлийг дээрх 52-55 дугаар заалтад дурдсан байна. Тэгэхээр Засгийн газрын төсөлд уг ойлголт илүү өргөн хүрээтэй орсон. Шүүгчид сахилгын зөрчил ногдуулахдаа нэг талаас хараат бус байдалд нь нөлөөлөх эрсдэл үүсэхээс сэргийлэх ёстой. Сахилгын зөрчлийг зөв тодорхойлоогүйгээс шүүгч хариуцлагагүй болох, нөгөөтээгүүр, хараат бус байдалд нь нөлөөлөх аюултай” гэсэн юм. Мөн Засгийн газрын төсөлд Мэргэшлийн хороо гэх ойлголт оруулсан нь Шүүгчийн сахилгын хорооны зарим чиг үүрэгтэй давхцаж буйг анхааруулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон шүүгчийн томилгооны талаар “Оюуны инновац” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, судлаач П.Баттулга илтгэл тавилаа. Тэрбээр “Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хөндлөнгөөс ажиглаж, ямар асуудал үүсэж байгааг манай байгууллага судалдаг. 2020 оны эхний хагас жилийн байдлаар ШЕЗ-өөс 43 шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан. Үүний 32-ынх нь орон тоог бүрдүүлсэн байна. Яагаад үлдсэнийх нь орон тоо бүрдэхгүй байна вэ. Улсын дээд шүүхийн хоёр шүүгчийг томилох талаар одоогоор УИХ-д танилцуулаагүй. Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч томилоогүй нэг тохиолдол бий. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхгүй байгаа тав, сонгон шалгаруулалтад тэнцээгүй нэг тохиолдол байна” гэв. Мөн шүүгчийг томилохоос Ерөнхийлөгч татгалздаг, сонгон шалгаруулалт нь удаан явагддагийг шүүмжилж, “Засгийн газрын боловсруулсан хуулийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлсэн хүнийг 14 хоногийн дотор томилох хугацаа зааж өгсөн нь сайшаалтай. Түүнчлэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчдээс нь томилохоор тусгасан нь зүйтэй” гэсэн юм. Ташрамд дурдахад, 1993 оноос хойш шүүгчийг сонгон шалгаруулах журмыг 10 удаа шинэчилжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)