Шувуудын “хэлмэрч”

Амьд биетийн үүсэл, хөгжил, бүтэц, тархац нутаг, байршил, өөр хоорондоо болон гадаад орчинтой хэрхэн харилцдагийг судалдаг хүнийг биологич гэдэг. Энэ мэргэжлээр 30 гаруй жил суралцаж, ажиллаж буй МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн эрхлэгч, профессор С.Гомбобаатарын ажлын нэг өдрийг сурвалжиллаа.

07.15 цаг. “Хүүхдүүдээ сургуульд нь хүргэчихээд ирлээ. 06.00 цагт босоод ч ажил амжихгүй юм” гэсээр сурвалжилгын гол баатар маань МУИС-ийн хичээлийн II байрны 121 тоотод, ажлын өрөөндөө орлоо. Хувцсаа сольж, хичээлийн бэлтгэлээ базаагаад 427 тоот танхимыг зорив. 07.40 цагт эхлэх шувуу судлалын хичээлд суух оюутнууд байраа эзэлжээ. Түүнийг С.Гомбобаатар гэхээсээ “Гомбоо багш”, “шувууны Гомбоо” хэмээн дуудна.

Хичээл орохоос урьтаж Хустайн байгалийн цогцолборт газрын менежерээр 17 дахь жилдээ ажиллаж буй Д.Өсөхжаргалтай уулзан, судалгааны ажилтай нь танилцаж, алдааг нь улаан балаар нэг бүрчлэн засаж өгөв. “Хустайн нуруунд нутагшуулж буй тахийн тоо толгой, хөдлөл зүй” сэдвээр биологийн ухааны докторын зэрэг горилж буй түүний судалгааны ажилтай танилцаж, оршил хэсэг болон дэд бүлгийг шинэчлэхийг зөвлөж, хоёр хоногийн дотор засаж, сайжруулах даалгавар өгсний дараа хичээлээ эхлүүллээ. Оюутнууд өнөөдөр шувуу хэмжиж, эдийн дээж авч, чихмэл хийж сурах ёстой гэнэ. Үүнээс өмнө гэрийн даалгавраа шалгаж, цэнхэр цаасан дээр нямбай наасан өдний дараалал зөв, эсэхийг нягтлав. Зарим оюутан дарааллыг буруу тогтоосон учраас өмнөх лекцээ дахин санууллаа. Нэг болон хоёрдугаар зэргийн дэвэгч өдийг таних аргыг заан, хичээлийн дараа засаж, сайжруулах үүрэг өглөө. С.Гомбобаатар Монгол орны шувууны зүйлүүдийн өдний цуглуулга хийх санаачилга гаргажээ.

Нисэх онгоц хөөрч, буух үедээ шувуутай мөргөлдвөл хөдөлгүүр, эд анги нь гэмтэх эрсдэлтэй. Мөн эдийн засгийн хохирол учрахаас гадна хүний амь эрсдэх аюултай аж. Ийм тохиолдолд онгоцны эд ангид шувууны өд л үлддэг. Ганцхан ширхэг өднөөс ямар төрөл, зүйлийн, хэдэн настай шувуу байсныг мэдэхэд хэцүү ч энэ чадварыг судлаач хүн эзэмших ёстой гэнэ. Оюутнууддаа энэ мэт зөвлөгөө өгсний дараа шувуунаас эдийн дээж авах, чихмэл хийх хичээлээ эхлэв. Өнөөдрийн хичээлд ашиглаж буй шувууг Монгол оронд маш ховор тохиолдох зүйлийнх гэдгийг тэрбээр хэдэнтээ сануулж, болгоомжтой ажиллахыг өөртөө болон оюутнууддаа анхаарууллаа. Монгол орны шувууны зүйлийн жагсаалтад наран энхэт бялзуухайг (Bombycilla japonica) бүртгэсэн ч хэн, хэзээ, хаана харсныг тодорхойлсон баримт байдаггүй гэнэ. Энэ зүйлийг анх Дорнод аймгийн Халх, Нөмрөгийн голд тэмдэглэсэн тухай зарим бүтээлд дурджээ. Харин гурван жилийн өмнө Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн голын хөндийд Германы гэрэл зурагчид уг шувууны зургийг буулгаснаар манай оронд амьдардаг болох нь батлагдсан аж. Ийм ховор шувууг хүмүүс өмнө нь барьж байгаагүй учир чихмэл нь Монголд байдаггүй аж. Харин өнгөрсөн аравдугаар сарын 16-нд Шинжлэх ухаан технологийн паркийн баруун талаас эл шувуу үхсэн байхыг тус тэнхимийн профессор Р.Самъяа олжээ. Цээжний хэсэгт их хэмжээний цус хурсан учир цонх, эсвэл цахилгааны утас мөргөснөөс болж үхсэн байх магадлалтай гэж тогтоолоо.

Сибирийн энхэт бялзуухайн сүүлний үзүүр нь шар бол наран энхтийнх ягаан гэнэ. Шувууны биеийг дээр, доор, хажуу, мөн толгой, хөл, далавч, сүүлний хэсгийн зургийг авч баримтжууллаа. Зургийг авахдаа цэнхэр юм уу, саарал өнгийн цаасан дээр тавьж авбал тод сайн гардаг аж. Монголд ховор “олдвор” учир ийнхүү гэрэл зургаар баримтжуулсан нь ч анхны тохиолдол гэнэ. Далавч, сүүл, биеийн бүрхүүл өдний онцлог, гавлын ясны ясжилтын харгалзан энэ оны зун төрсөн, залуу шувуу гэж төвөггүй тодорхойлов. Дараа нь далавч, сүүл, бие, хошуу, дагз, хөлийн уртыг хэмжиж, 17.5 сантиметр урт, 56.7 грамм жинтэй болохыг тогтоолоо. Хөлдөөгчид байлгаж, ариутгал халдваргүйжилт сайн хийсэн учир шувуутай ажиллахад эрүүл ахуйн хувьд аюулгүй болохыг тайлбарлав. Үүний дараа арьсыг өвчиж, махыг нь салгалаа. Тас, шонхор, бүргэд зэрэг шувууны арьс хурганыхаас дутахгүй зузаан байдаг гэнэ. Харин жижиг шувууны арьс нимгэн учир урагдах нь цөөнгүй. Өдийг цус болгохгүйн тулд цардуул түрхэж, бохирдлоос хамгаалдаг юм байна. Тэрбээр энэ чиглэлээр Япон, БНСУ-ын эрдэмтэдтэй хамтардаг байсан бол сүүлийн үед АНУ-ын Колорадо болон Харвардын их сургуулийн профессорын багийнхантай ажиллажээ. Дараа нь яс, махнаас салгасан арьс дотор хөвөн чихэж, зүссэн хэсгээ оёж, чихмэл болгов. “Ганган” шувуу учир өд, сөдийг нь сайтар янзалсны эцэст хатаалаа.

МУИС-ийн шувуу судлаачид өдний тусламжтай ангилал, гарал үүсэл, удам төрлийн холбоо, генетик бүтцийг судлах зорилгоор эдийн дээж цуглуулан шинэ лаборатори байгуулахаар ажиллаж байна. Ийм лабораторитой болчихвол хүнд металлын болон бусад төрлийн судалгаа, шинжилгээ хийхэд ажил урагштай явна гэж С.Гомбобаатар ярилаа. Тиймээс ховор зүйлийн дээрх шувууны дотор эрхтнээс дээж авахыг оюутнууддаа даалгав. Оюутнуудын хийх ажлын дарааллыг танилцуулж, дадлагын хичээлийг үргэлжлүүлж байхыг лаборантад захиад гарлаа.

10.00 цаг. Биологийн улсын олимпиадыг Монгол Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Т.Гун-Аажавын нэрэмжит болгон зарлаж, 29 дэх удаагаа зохион байгуулжээ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас зохиогоогүй гэнэ. Ирэх оны дөрөвдүгээр сард олимпиад зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд МУИС-ийн Биологийн тэнхимийн дэд профессор Д.Нарангарвуутай санхүүгийн асуудлаар санал солилцсон юм. Олимпиадын хорооны гишүүдийг бүрдүүлэх тийм ч амаргүй гэнэ. Үзэл бодол нэг, хамт олноо гэсэн хандлага, зүтгэлтэй баг бүрдүүлэхийг зорьж буй аж. Тус хороог төрийн бус байгууллагын статустай болговол аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, гэрээ, хэлэлцээр хийхэд хялбар ч 3-4 хүн тогтмол цалинжуулах шаардлагатай учир санхүүгийн асуудлаас үүдэн яаравчлан ийм шийдвэр гаргаж болгохгүй гэдгээ илэрхийллээ. Ажлын хэсэг байгуулах талаар физик, математикийн салбарынхантай санал солилцож, хамтран ажиллахаар анхаарч буй аж. Тус хорооны дүрмийг баталж, цахимаар зохиох талаар ч ярилцав. Одоогоор ХААИС, МУБИС, АШУҮИС-ийн төлөөллүүд уг хорооны үйл ажиллагаанд оролцох болжээ. Бусад салбарынхан олимпиадыг чанаржуулахын тулд бүтэн жилийн турш зохион байгуулдаг талаар Д.Нарангарвуу ярив. Жилийн турш сурагчдаас том, жижиг сорилт авч нийлбэр оноог нь гаргаснаар олон улсад өрсөлдөх чадвартай сурагчид бэлтгэгддэг аж. Санал солилцож, ажлын жагсаалт, яаралтай шийдэх асуудлаа хэлэлцэж, дүгнэлээ.

10.40 цаг. Тэрбээр Биологийн тэнхимийн хөтөлбөрийн хорооны даргаар ажилладаг бөгөөд шинэ болон хуучин хичээлийн давхардлын талаар Биологийн тэнхимийн багш, дэд профессор Д.Нямбаяртай ярилцлаа. Экологи, биологи болон биологийн нөөцийн хичээлийн заримынх нь нэр хоорондоо давхацдаг учир яаралтай шийдвэрлэх ёстой. Дараагийн улиралд багш нарын заах хичээл энэ мэт давхардах эрсдэлтэй учир шуурхай шийдвэрлэхээр санал солилцов. Мөн ахлах ангийн багш нар болон нэгдүгээр курсийн оюутнуудад хөтөлбөрөө сурталчлах хэрэгтэй аж. Хөтөлбөрийн сурталчилгааг хэрхэн сайжруулах чиглэлээр холбогдох багш нартай уулзалтын тов гаргалаа. Тэднийг ярилцаж байхад МУИС-ийн Бүртгэл, санхүүгийн албаны аж ахуйн нярав орж ирэв. Биологийн тэнхимийн экологи, биохимийн хөтөлбөрт ашиглахаар худалдаж авсан шинэ тоног, төхөөрөмжийг нийлүүлж буй “Цэцүүх” компанийнхан болон МУИС-ийн холбогдох ажилтнууд тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг шалган, хүлээж авах аж. Туслах ажилтан А.Цэвээн үүнийг хариуцах болов.

11.00 цаг. 427 тоот өрөөнд очлоо. Оюутнууд наран энхэт бялзуухайн дотор эрхтнийг задалж, шимэгч хорхой байгаа, эсэхийг шалгаж байв. Мөн дотор эрхтнийг нь таних дадлага хийжээ. Тэд зүрх, ходоод, бөөр зэрэг эрхтнийг нэрлэж, ямар ач тустайг нь ярилаа. “Шувуунд хүчилтөрөгч чухал шаардлагатай учир том зүрхтэй байдаг” гэж нэг оюутан нь хэлэв. Харин нөгөөх нь “Булчирхайт ходоод идэш тэжээлийн анхны боловсруулалт хийдэг. Булчинт нь түүнд наалдсан шил, модны үртсийг буталдаг” хэмээв. Зүрх, бөөр, нарийн гэдэснээс дээж авч, хуруу шилэнд хийж, спиртээр дүүргэн, дугаарлаж баримтжууллаа. Эдгээр дээжийг хөргөгчид байлгасны дараа генетикийн судалгааны ажилд ашиглах аж. Дээр дурдсанчлан судалгааны лабораторитой болоход Монгол орны 513 зүйл шувууны дээж хэрэгтэй учир энэ мэтчилэн нэг нэгээр нь цуглуулж буй. Дараагийн хичээлийн үеэр оюутнууд өөрсдөө чихмэл хийхээр тохирлоо. Тэд бор шувууны чихмэл хийх бөгөөд осолдож эндсэн шувууг задалж, дадлага хийх даалгавар авлаа. Сайн судлаач болоход нягт, нямбай ажиллагаа чухал гэдгийг анхааруулаад хичээлийн цаг харгалзалгүй өд наах ажлаа дуусгахыг сануулав.

12.00 цаг. С.Гомбобаатар “Дэлхийн цармын бүргэд” номын бүлгийг бичиж байгаа бөгөөд энэ талаар профессор Д.Сурантай ярилцлаа. АНУ-ын гурав, Канадын нэг эрдэмтэнтэй хамтран бичиж буй эл бүтээлийн нэг бүлэгт цармын бүргэдээр агнуур хийдэг монголчуудын түүх, соёл, уламжлалын талаар өгүүлэх аж. Цармын бүргэдийг гаршуулж, анд ашигладаг эртний уламжлалтай монголчууд номын энэ бүлгийг зохиож, бичих ёстой гэж үзэн хэвлэлийн газрынханд нь албан ёсоор санал тавьжээ. Тэд ч зөвшөөрч бүргэдийг анд ашиглах талаар монголчууд бичих болсон аж. Эл бүтээлийг ирэх онд хэвлэхээр төлөвлөсөн бөгөөд тэд Увс, Ховд аймгийн нутгаар цармын бүргэдийг хэрхэн судлах талаар ярилцсан юм. Өмнө нь энэ сэдвийн дагуу бичиж байсан хэд хэдэн бүтээлтэй танилцсан бөгөөд газар дээр нь судалгаа хийх шаардлагатай хэмээн санал нэгдэв.

12.30 цаг. Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувуу олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцод манай улс 1998 онд нэгджээ. Рамсарын бүс нутгийн Төв, Зүүн Азийн удирдах зөвлөлд Монгол Улсыг төлөөлдөг С.Гомбобаатар “Монгол орны усны намгархаг газар ба “Ковид-19”-ийн нөхцөл байдал” сэдвээр энэ сарын 13-нд цахимаар илтгэл хэлэлцүүлэх аж. БНСУ-ын эрдэмтэдтэй илтгэлийн талаар болон цаашдын үйл ажиллагаатай холбоотой саналаа цахимаар солилцлоо.

14.00 цаг. Үдийн хоолоо идэх зууртаа ширээн дээр байх чамин жаазтай өргөмжлөлийг танилцууллаа. Тэрбээр 2019-2020 оны МУИС-ийн Шилдэг судлаач багшаар шалгарчээ. Судалгааны хамт олон нь өнгөрсөн жил олон улсын хэвлэлийн газарт хоёр монограф (Шинжлэх ухааны тодорхой салбарын нэг чиглэлээр судлаач өөрийн хэвлэн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний үр дүнг үндэс болгон бусад эрдэмтний судалгаатай харьцуулан нэгтгэж, асуудлыг тал бүрээс авч үзэн, тэдгээрийн онол, практикийн ач холбогдлыг харуулсан бүтээлийг ийнхүү нэрлэнэ) англи хэлээр хэвлүүлсэн бөгөөд нийт 13 ном, есөн гарын авлага зохиожээ. Тэрбээр олон улсын өндөр түвшний сэтгүүлд зургаа, мэргэжлийнхэд нь нэг, нийт долоон өгүүлэл хэвлүүлсэн гэнэ. Оюутнуудтай болон АНУ-ын эрдэмтэдтэй хамтран бичсэн өгүүлэл нь олон улсын хэвлэлийн газрын 2018-2019 онд дэлхийн хамгийн олон удаа уншигдсан өгүүллээр шалгарсан аж. Олон улсын хуралд таван илтгэл хэлэлцүүлж, мөн тооны бүтээлийг хянан тохиолдуулсан бөгөөд гадаадын дөрвөн төсөл удирдан ажиллажээ. МУИС-ийн профессорууд болон дэд профессорууд эрдэм шинжилгээний ажлаараа өрсөлдөж ийнхүү шилдгээ шалгаруулдаг аж.

14.20 цаг. Монгол орны 513 зүйл шувууны нэр, томьёоны тайлбарын тухай эрдэм шинжилгээний өгүүллээ тэрбээр “Орнис Монголика” сэтгүүлд энэ онд багтаан хэвлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Шувууны монгол нэрийн гарал үүсэл, тайлбарын талаар англи хэлээр хэвлэсэн судалгааны бүтээлтэй бид тун удахгүй танилцах нь. Австралийн эрдэмтэн Грег Прингл болон МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга, доктор Д.Отгонтуяа нартай хамтран бичиж буй бүтээлийнхээ сүүлчийн хувилбарт оруулах өөрчлөлтийн талаар ярилцав. Хүмүүсийн тэр бүр мэдэхгүй шинэ зүйл шувуудын нэрийн утга ч уг өгүүлэлд багтсан учир сонирхолтой гэнэ. Өөрчлөх саналаа ирэх долоо хоногт нэгтгэн дуусгахаар ярилцаж, дараагийн ажилдаа яарлаа.

15.00 цаг. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирлыг сонгон шалгаруулах хурал хичээлийн нэгдүгээр байрны дугуй танхимд болов. Бүрэлдэхүүн сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр С.Гомбобаатар томилогдсон тул хуралд заавал байлцах шаардлагатай. Хурал 90 гаруй хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд захиралд нэр дэвшигч О.Алтансүх, Д.Бямбажав, Н.Оюун-Эрдэнэ нар хөтөлбөрөө танилцууллаа. Судлаачид тэднээс магистр, докторын хөтөлбөрийг дэмжих, оюутны элсэлтийг нэмэгдүүлэх, чанарыг хэрхэн сайжруулах талаар лавласны дараа нууц санал хураалт эхлэв. Дээрх нэр дэвшигчдийн хоёрыг санал асуулгаар сонгож, МУИС-ийн захиралд уламжлах юм.

17.00 цаг. С.Гомбобаатар, Д.Нарангарвуу нар БОАЖЯ-ыг зорилоо. Тус яамны Ургамал, амьтан, байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхантай олон улсын гэрээ конвенцын талаар санал солилцов. С.Гомбобаатар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн гишүүнээр дөрвөн жил ажиллажээ. Мөн Рамсарын конвенцын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд олон улсын хувьд ач холбогдолтой ус, намгархаг газрын жагсаалтад Хөвсгөл, Дархадын хотгорын нууруудыг оруулахад дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан юм. Өдгөө манай улсын 11 нуур тус конвенцод бүртгэлтэй. Гомбоо багш дээрх конвенцын Шинжлэх ухаан, технологийн ажлын хэсэгт Монгол Улсыг төлөөлөн оролцдог бөгөөд цаашид залуу судлаачдад даалгах нь зүйтэй гэдгээ илэрхийллээ.

Дараа нь БОАЖЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Уранчимэгтэй уулзаж, биологийн олимпиадын үндэсний хорооны дүрэм, журам, шинэчилсэн бүтэц, санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцов. Өмнөх жилүүдэд өндөр амжилт гаргасан оюутнуудад БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог байжээ. Энэ жил уг тэтгэлгийг олгох, эсэх талаар ч тодруулаад амжлаа.

18.30 цаг. Биологийн нөөцийн хөтөлбөрийн оюутнууд клуб шинээр байгуулж буй. 10 гаруй хүүхэд клубийн дүрэм, цаашдын үйл ажиллагааны талаар төлөвлөгөө боловсруулснаа удирдагч багш С.Гомбобаатарт танилцуулав. Хичээлээс гадуур амьд байгалийг танин мэдэх, амьтан тэр дундаа шувууны талаар мэдлэгээ өргөжүүлэх зорилготой тус клубт II-IV түвшний оюутнууд бий. Цаашид биологийн нөөцийн лабораторитой болоход оюутнуудын оролцоо чухал учир шинэ клуб байгуулж буй нь энэ.

19.00 цаг. Монголын шувуу судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Юмжирмаа болон бусад судлаач зөвлөгөө авахаар түүний өрөөнд ирлээ. Тус нийгэмлэгийн судлаач П.Даваасүрэн “Монгол орны шувуу” аппликэйшн зохион бүтээхээр төлөвлөсөн бөгөөд гадаадын санхүүжүүлэгч байгууллагуудаас дэмжлэг авахаар судалж байгаа аж. Тэдний төсөл эхний шатны шалгаруулалтдаа тэнцсэн гэнэ. Тус нийгэмлэгийнхэн 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шувуу хамгаалах талаар цахим хичээл зааж, багш нартай нь сүүлийн хэдэн сар хамтран ажиллаж буйгаа хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө авлаа. Мөн Ус, намгархаг газрын төв байгуулах ажлын явцад үүссэн хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх тухай ч ярилцав.

20.30 цаг. Завгүй, ачаалал ихтэй оюуны ажлынх нь зав чөлөөгөөр түүнтэй хэсэг ярилцав. Тэрбээр Хэнтий аймгийн Дадал сумын бага, Биндэрийн ерөнхий боловсролын сургууль төгсөн, 1990 онд МУИС-ийн Биологийн ангийн оюутан болж, бакалаврын зэргээ дүүргэжээ. 2006 онд төрөлх сургуульдаа докторын зэрэг хамгаалсан гэнэ. 2007-2008 онд Израилын Бен Гурионы их сургууль, 2013-2014 онд Австрийн Байгалийн түүхийн музей, Венийн их сургуульд докторын дараах сургалт, судалгааны ажлаа хийжээ. Шувуу судлал, хамгааллын чиглэлээр оюутан цагаасаа буюу 1993 оноос ажилласан бөгөөд Монголын нэрт шувуу судлаач, профессор Д.Сумъяа, академич О.Шагдарсүрэн, А.Болд нараар эрдмийн ажлаа удирдуулсан отгон шавь нь аж. Шувуу судлалын чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд ихээхэн анхаарсан бөгөөд энэ чиглэлээр амжилттай яваа залуу судлаачдын 80 гаруй хувь нь түүний шавь. Монгол орны шувуу судлалыг дэлхийн түвшинд гаргахыг зорьж, эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын сэтгүүлд түлхүү хэвлүүлэхийг өөрийн биеэр залуучууд, шавь нартаа үлгэрлэхийг хичээдэг. Өдгөө тэрбээр 300 гаруй эрдмийн ажил туурвиад байгаа гэнэ.

21.00 цаг. Түүний ажлын нэг өдөр үүгээр өндөрлөв. Одоо тэнхимийн эрхлэгчийн албаа орхиж, эцэг хүний үүргээ биелүүлэх цаг нь. С.Гомбобаатар гурван хүүхэдтэй. Том охин нь АШУҮИС-д сурдаг. Хөвгүүд нь бага сургуулийн сурагч. Тэдэнтэйгээ уулзахаар гэрийн зүг яаравчиллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)