ШУА-ийн геологи, газар зүйн бага чуулганаас зөвлөмж гаргажээ

Монгол Улсад байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага зүй ёсоор гарч байдаг. Иймд Монгол улсын хөгжилд зайлшгүй гол хөдөлгөгч хүчин нь болсон “Байгалийн нөөцийн ашиглалт, түүний менежмент”-ийн асуудалд судалгаан дээр суурилсан шинжлэх ухаанлаг байр сууринаас хандах нь ирээдүйд гарах эрсдэлээс хамгаалж буй хэмээн үзэж ШУА-ийн ГГСалбарын эрдэмтэд судалгаа, сургалт, төр, хувийн хэвшлийн бүх байгууллагыг хамарсан хэлэлцүүлэг зохион байгуулах зорилт тавьж, хэлэлцүүлэгийг 11 дүгээр сарын 22-ны өдөр ШУА-ийн хурлын танхимд зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн зорилго нь Монгол орны байгалийн нөөц, ашигт малтмалын зохистой ашиглалт, хамгаалалын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, шинэлэг техник, технологи, аргачлалыг боловсруулах, хэрэгжүүлэх, олон нийтэд зөв мэдээлэлийг өгөх, төр, шинжлэх ухаан, иргэдийн хамтын ажиллагааг уялдуулах, шинжлэх ухааны үр дүнг практикт нэвтрүүлэх чиглэлээр ямар арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай талаар зөвлөмж гарган холбогдох шийдвэр гаргагч байгууллагуудад хүргүүлэх явдал байв.
Тус хэлэлцүүлэгт УУЯ, БОАЖЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, ШУТИС зэрэг төр засгийн болон хувийн хэвшлийн зарим байгууллагуудын төлөөлөл, Бага чуулганы гишүүд, мэргэжлийн багш, судлаач эрдэмтэд оролцон санал бодол, мэдлэг, мэдээллээр солилцож, Төр засгийн байгууллага, байгаль орчны ашиглалт, хамгаалалын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтад тусгуулах дараах саналууд бүхий зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ:
1. 1940 өөд онд хийгдсэн газарзүйн масштабаас хамаарсан (100,0 мянгын хэмжээст) нууцын зэрэглэлийн зургийн асуудлыг хөндөж, нууцын зэрэглэлээс гаргах, тухайн зургуудын зориулалтыг тодруулах санал боловсруулж УИХ, засгийн газарт өргөн барих

БОАЖЯ, УУХҮЯ, ШУА, АМГТ ГАЗАРТ

1. М1:200.000 хэмжээст гидрогеологийн зураглалын аргачлал боловсруулах ажлыг хамтран зохион байгуулах; 
2. Улсын усны мониторингийн сүлжээ байгуулах ажлыг эрчимжүүлэх, мэргэжлийн байгууллагад хариуцуулах, мэдээллийг олон нийтэд түгээх, ил тод хүргэх боломжийг хангах;
3. Үндэсний байгалийн болон геомэдээллийн санг бий болгох талаар хамтран ажиллах
4. Байгаль шинжлэлийн эрдэмтэдтэй хамтран бичиж, хэвлүүлэх талаар урьдчилан гэрээ хийсэн “Монгол орны байгалийн нөөцийн өөрчлөлт, ашиглалт, хамгаалалтын үндэслэл” (30 жилд) бүтээлийг бичих, хэвлүүлэх ажлыг хэрэгжүүлэх;
5. “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” олон улсын уламжлалт хурлыг хамтран зохион байгуулах;
6. Усны нөөц ашиглалтын нэгдсэн (хар хайрцагны) бодлогыг боловсруулах, нууцлалыг хангах, Говийн бүсийн тэтгэмжгүй болсон усыг хамгаалах арга хэмжээг авах. Энэ бодлого нь 4 жилээр бус уламжилж явдаг бодлого байх хэрэгтэй;
7. Байгалийн нөөцийн мониторингийн нэгдсэн сүлжээг бий болгох, нэгдсэн үнэн зөв мэдээллээр хангадаг байх. Ингэснээр мэдээлэл нэг байж, олон ажлын давхцалыг арилгах ач холбогдолтой; 
8. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар анхаарах, хамтарч ажиллах
9. Салбар жилдээ нэг удаа Байгаль орчны чиглэлээр үндэсний форум зохион байгуулдаг уламжлалттай болох; 
10. Манай орны баруун бүс нутагт мөнх цас, мөсөн голын хайлалтаас хавар, зуны улиралд гол, горхи, нуурын усны түвшин ихсэж, үерлэх, уурших зэргээр үр ашиггүй алдагдаж байгаа учраас хөв цөөрөм, сан байгуулах замаар усны хуримтлал бий болгох;
11. Зүүн болон говийн бүсэд усны ууршилт нь хур тунадасны тэжээлээс давж, түвшин багасах, хатаж ширгэх үзэгдэл их байгаа учир гол, горхины эх үүсвэрийг малын хөл, буруу ашиглалтаас хамгаалах, ундаргыг сайжруулах, Онон, Хэрлэн голын урсацын тохируулгаар ашиглах боломжийн талаар тооцоо судалгаа хийх, бодит ажил болгон зохион байгуулахад эрдэм шинжилгээ, төр захиргааны байгууллагууд хамтран ажиллах нь зүйтэй гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)