ШУА-иас судлаач, эрдэмтдийнхээ 500 орчим бүтээлийг Үндэсний номын санд хандивлалаа

“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний Номын сан, Монгол Улсын Шинжлэх ухааны Академитай хамтран зохион байгуулж буй "ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН" шинэ ном хандивлах, танилцуулах үйл ажиллагааг энэ долоо хоногт зохион байгууллаа. 

Энэ үеэр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар болон 14 хүрээлэнгийн Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга, салбарын эрхлэгч, судлаач нар оролцож хүрээлэнгүүдийнхээ  үйл ажиллагаа болон хүрээлэнгээс 2019 онд хэвлүүлсэн шинэ номын талаар уншигчиддаа танилцуулж, шинэ бүтээлийнхээ дээжсээс Улсын үндэсний  номын сангийн сан хөмрөгт хандивлалаа. "Эрдэм номын чуулган" шинэ ном хандивлах, танилцуулах үйл ажиллагааг хааж ШУА-ийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатар хэлсэн үгэндээ "Монгол Улсын Үндэсний номын сан бол Монголын оюуны ертөнцийн маш том төв, ШУА нь мэдлэг үйлдвэрлэх, шинжлэх ухааныг хөгжүүлэх Монгол улсын шинжлэх ухааны төв байгууллага. Энэ 2 байгууллага хамтраад нийгмийг соён гэгээрүүлэх том хэмжээний ажил зохион байгуулах бүрэн боломжтой гэдгийг энэ удаагийн ажил харуулж өглөө. Цаашдаа жил бүрийн Номын баярын өдрөөр тухайн жилдээ ШУА-ийн эрдэмтэн судлаачдын бүтээсэн эрдэм номын дээжийг Төв номын сандаа хандивлах ажлыг тогтмол арга хэмжээ болгон зохион байгуулна гэж төлөвлөж байна. Энэ удаагийн арга хэмжээ нь ном хэрхэн бүтдэг, мэдлэг яаж бүтдэг, түүнийг хэрхэн хадгалдаг, номын доторх агуулга ямар үнэ цэнэтэй юм гэдгээс эхлээд маш  өргөн хүрээтэй мэдээллийг иргэдэд өглөө гэж бодож байнау гэсэн юм. 

Энэхүү 5 хоногийн арга хэмжээнд нийтдээ ШУА, харьяа хүрээлэнгүүдээс 223 нэр төрлийн шинэ бүтээлийг танилцуулж,  470 ширхэг  бүтээлийг Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлалаа. Номын сангийн хуулийн дагуу ховор нандин олон ном, бүтээл  хандивласныг батламжилж МУҮТНС-аас ШУА-д батламж олгосон юм.  Энэхүү номын танилцуулгыг нийтдээ 15000 орчим уншигч судлаачид үзэж, 500 орчим удаа хуваалцсан уншигчдын талархлыг хүлээсэн сайхан арга хэмжээ боллоо. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)