“Шороон Бумбагарын бунхант булшны ханын зургийг сэргээн засварлах, хадгалж хамгаалах нь” сэдэвт сургалт Булган аймгийн Баяннуур суманд болно

“Шороон Бумбагарын бунхант булшны ханын зургийг сэргээн засварлах, хадгалж хамгаалах нь” сургалт III ЮНЕСКО болон Монакогийн Итгэлцлийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд археологийн дурсгалт газар болох Шороон Бумбагарын бунхант булшийг бэхжүүлэх, эртний ханын зургийг сэргээн засварлаж, хадгалж хамгаалах зорилготой 3 дахь удаагийн сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 2-16-ны өдрүүдэд Булган аймгийн Баяннуур суманд зохион байгуулна.

ЮНЕСКО болон Монакогийн Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр БСШУСЯ, Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран хэрэгжүүлж буй “Шороон Бумбагарын бунхант булшны сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг сургалтын үндсэн зорилго нь хамт олон, ард иргэд, холбогдох албан тушаалтан нарын археологийн дурсгал өвийг хадгалан хамгаалах ач холбогдол, ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршино. Энэхүү сургалт нь Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрт орших VI-VII зууны язгууртны бунхант булшны ханын зургийг бэхжүүлэх чиглэлээр өмнөх жилүүдэд онол, дадлага дээр суурилан зохион байгуулагдсан сургалтын үргэлжлэл бөгөөд газарзүй, уур амьсгалын хүчин зүйлсээс үүдэлтэй ханын зургийн гэмтлийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдах юм.

Өмнөх жилүүдийн сургалтаар бунхан, ханын зурагны бүтэц, эрдэс материал, бэхжүүлэгч шохойн зуурмагт найрлага, бичил биетийн судалгаа шинжилгээ, туршилт зэрэг онол, дадлагын хичээлийг олон улсын туршлагатай шинжээчдээр удирдуулан бунханы ханын зургийг бэхжүүлэх, сэргээн засварлах, сонгогдсон үндэсний сэргээн засварлагч нарын ур чадвар, мэдлэг дадлыг дээшлүүлсэн билээ. 2017 оны сургалтаар ханын зураг сэргээн засварлагч, олон улсын шинжээч, зөвлөх багшийн удирдлага дор ханын зурагны тодорхой хэсэг дээр бэхжүүлэх, сэргээн засварлах үйл ажиллагааг хийхээр төлөвлөөд байна. Ингэснээр Монгол Улсын сэргээн засварлагч нар нь цаашид ийм төрлийн бэхжүүлэлт, сэргээн засварлалтын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх дадал туршлага сууна хэмээн үзэж байна. Түүнчлэн энэ удаагийн сургалтын гол зорилго нь ханын зурагны эвдрэл гэмтэлд нөлөөлж буй бичил биет, болон бичил орчин, уур амьсгалын үнэлгээ, судалгааг хийхэд орших ба энэхүү сэдвийн хүрээнд Итали Улсын Үндэсний Судалгааны Зөвлөлийн дэргэдэх Агаар мандал, Цаг уурын шинжлэх ухааны хүрээлэнгийн шинжээч нар зааж, хамтран ажиллах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)