Шороонд дарагдсан талбайг цогцолбор болгожээ

Богд хааны ордон музейн соёл, амралтын хүрээлэн

Хэнтий аймгийн Батноров сумд “Хүлэг Боорчи андлалын өргөө”, Биндэр сумд “Их хуралдай орд өргөө” цогцолборыг байгуулсан. Хэтийдсэн төсөвтэй тэдгэээр цогцолборын гүйцэтгэл гярхай монголчуудын нүдэнд өртөж, цөөнгүй иргэн нийгмийн сүлжээнд шүүмжилж байгаад нь буруу өгөх учиргүй. Санаачлагчид нь “Орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой”, “Тохижилтын ажил бүрэн дуусаагүй” гэж тайлбарласан ч бодит байдал нь өөрийг “хэлнэ”. Энэ мэт бүтээн байгуулалт гэхэд хэцүү “юм” байхад шаардлагатай, зөв газартаа хийсэн нь ч бий. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд энэ сард ашиглалтад оруулах, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой бичил цэцэрлэгт хүрээлэн цөөнгүй байна. Зарим ажлын явцыг сурвалжиллаа.

13 ХӨШӨӨ БАЙРЛУУЛЖЭЭ

VIII Богд Жавзандамба хутагтын мэлмий гийсний 150 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Үүний хүрээнд түүх, соёлын олон арга хэмжээ зохион байгуулан, судалгааны бүтээлийн эмхэтгэл хэвлэж, баримтат кино хийсэн зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан билээ. Мөн Богд хааны ордон музейн дэргэдэх 1.4 га талбайг соёл, амралтын хүрээлэн болгон тохижуулах ажлыг 2019 оны арваннэгдүгээр сард “Сэнзо констракшн” компанийнхан эхлүүлсэн. Тус компанийнхан өнгөрсөн долдугаар сарын 9-нд уг ажлыг дуусгаж, захиалагч тал буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгөх байжээ. Гэсэн ч “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмээс үүдэн ажил нь удааширсан бөгөөд өдгөө 90 гаруй хувьтай аж.

Шинэ хүрээлэнгийн эргэн тойронд төрөл бүрийн модоор хүрээлүүлсэн цэлгэр талбай харагдана. Төв хэсэгт нь гурван том хөшөөг дараалуулан байршуулжээ. Хамгийн эхэнд “Богд гэгээнтний айлдвар” гэх морины хөшөө угтав. Талбайн гол хэсэгт Богд хааны баримал байх бөгөөд гадуур нь гялгар уут бүтээсэн байв. Засаж, сайжруулсан эл бүтээлийг хүрээлэнгийн нээлтийн үеэр танилцуулах учраас ийн “нуужээ”. Түүний хойд талд нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээх баримал байв. Үүнээс гадна хүрээлэнгийн зүүн хойд хэсгийн модон дунд цагаан шонхрын зэсэн баримал босгожээ. Тохижуулж буй талбайн баруун захад дээрх дөрвөөс гадна жижиг есөн баримал байрлуулсан харагдав. Тодруулбал, “МЭӨ VII зуун Хүрлийн үе” гэсэн тайлбартай хөшөөнөөс эхлээд “МЭ I зуун Хүннү гүрэн” гэсэн хүрэл баримлыг эгнүүлж, түүхэн он цагийн дарааллаар байршуулсан байна. Эдгээр уран баримлыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ганхуяг ур ухаанаа шингээн бүтээсэн аж.

“Сэнзо констракшин” компанийн талбайн инженер Н.Мөнхтэмүүлэн “Бид ажлаа ирэх долоо хоногт дуусгаж, хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн. 5615 ам метр газарт явган хүний зам тавьсан. 6320 ам метрт нь зүлэгжүүлсэн талбай, ногоон байгууламж, 144-т нь цэцгийн мандал бий болгосон. Ногоон байгууламжийг “Охь мандал” компанийнхан шийдлээ. Цаашид арчилгаа, усалгааг нь ч тус компани хариуцах юм. Талбайн усжуулалтын системийг суурилуулсан. Зарим хэсэгт явган хүний зам тавьж, гэрэлтүүлгийн шон босгох зэрэг ажил л үлдсэн. Нийт 126 гэрэл суурилуулна” гэсэн юм.

ТӨВ ТАЛБАЙН УРД БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАВ

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэр, Гадаад харилцааны яамны баруун талд байрлах бичил цэцэрлэгт хүрээлэнг энэ сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Газар аваад хоёр жил болсон ч ашиглаагүй, Ахмадын холбооны эзэмшилд байсан тус газрыг чөлөөлж, нийтийн эзэмшлийн талбай болгох үүргийг нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд өгсөн билээ. Үүний дагуу өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр газрыг чөлөөлсөн бол бүтээн байгуулалтыг долдугаар сарын 1-нд эхлүүлсэн юм. Эл ажлыг нийслэлийн Хот тохижилтын газрын Шуурхай ажлын албаныхан хариуцан гүйцэтгэж буй аж. Сурталчилгааны самбар байршуулах зориулалтаар олон жил ашигласан уг газарт өмнө нь хотын төвийн өнгө үзэмжийг гутаасан, барилгын ажлын үед барьдаг төмөр хашаа байв. Харин өдгөө иргэд амрах талбай болгон тохижуулж, хүн бүхэнд нээлттэй болгоход цөөн хоног үлджээ. Нийт 1250 ам метр талбайг тохижуулсан байна. 

2020.08.12 Гадаад харилцааны яамны баруун талд байрлах бичил цэцэрлэгт хүрээлэн

Тухайлбал, дугуйн 90 метр зам, сандал тавьж, цэцэрлэгжүүлсэн байна. Мөн гэрэлтүүлгийг цогцоор нь шийджээ. Модны доороос болон талбайн гол хэсэгт нүдэн гэрэл суурилуулсан харагдана. Талбайд арлын хэлбэртэй хоёр байгууламж бий. Түүнийг тойроод сууж болох тавцантай байхаар загварыг нь гаргасан аж. Саран хэлбэртэй найман сандлыг урд хэсэгт нь суурилуулжээ. Тохижилтын хүрээнд гурван төрлийн 450 орчим модыг нэмж суулгасан байна. Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Иргэдийн ая тухтай байх орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажлыг чанартай гүйцэтгэх ёстой” гэсэн чиглэлийг өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэгчдэд өгсөн юм. Одоогоор цахилгааныг нь бүрэн шийдэж, хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ. Бичил цэцэрлэгт хүрээлэнгийн талаар иргэд “Сүүдэрт сууж, амрах боломжтой сайхан газар тохижуулжээ”, “Гарцаар гараад явахад саадгүй болсон нь таалагдлаа”, “Дугуйн зам нь нүдээ олсон шийдэл байна. Зориулалтын замгүй учир иргэдийн хажуугаар зөрөхөд хүндрэлтэй байсан” гэсэн юм.

СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд өмнө нь овоолсон их шороо, эсвэл том оврын автомашины зогсоол гэхээр талбай харагддаг байв. Одоо эл газар зүсээ өөрчилж, оршин суугчдын зорьж очдог цогцолбор болжээ. Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах 1.8 га газарт спорт болон тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил үндсэндээ дууссан байна. Гэсэн ч хаалга нь цоожтой хэвээр. Гүйцэтгэгч компанийн ерөнхий инженер Л.Бат-Эрдэнээс учрыг тодруулахад “Энэ оны тавдугаар сард хүлээлгэн өгөх ёстой байсан ч хил хааж, ажил гүйцэтгэхэд шаардлагатай зарим материалаа татахад хүндрэл учирсан. Тийм учраас гүйлтийн 450 метр талбайн тартан замын ажлыг одоогоор хараахан дуусгаагүй. Энэ сарын 20 гэхэд тартан замаа оруулж ирж, гүйлтийн талбайг тохижуулаад ажил бүрэн дуусна. Зургадугаар сард талбайг түр нээхэд олон хүн ирж, ногоон байгууламж, тоглоом сүйтгэх зэрэг асуудал гарсан учир өнгөрсөн сарын 25-наас хойш тодорхойгүй хугацаагаар хаасан” хэмээв. Ногоон байгууламжийг тойруулж, 40 см өндөртэй хашлага нэмж татжээ. Энд хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн болон теннисний талбайтай. Мөн хүүхдийн гулсуур, гүйлтийн зам, сүүдрэвч байв. Үүнээс гадна талбайг тойрон хүрээлэх 800 хүний багтаамжтай үзэгчдийн суудлыг байршуулжээ. Талбай хариуцсан жижүүр “Нээлттэй байхад олон хүн ирж байсан. Одоо ч гэсэн өдөрт дунджаар 200 гаруй хүн зорьж, ирдэг. Тэд надаас “Хэзээ нээх вэ” хэмээн асуудаг” гэж ярилаа.

Шинэ бичил цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ногоон байгууламжийг сайн шийджээ. Тэдгээрийг хэрхэн арчилж, хамгаалах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбатаас тодруулав. Тэрбээр “Энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшил газрын 122 мянган га газарт ногоон байгууламж бий болгож байна. Жил бүр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг. Шинээр суулгаж буй мод, бут, сөөгийн нэгдсэн талбайн хэмжээг аравдугаар сард нэгтгэдэг. Тэр үеэр ногоон байгууламж бүхий талбайн хэмжээ хэр хүрээгээ тэлсэн нь тодорхой болно гэсэн үг. Тэдгээрийн 50 гаруй хувийг нь нийслэлийн Хот тохижилтын газар хариуцдаг. Ногоон байгууламжийн 25 төрлийн ажиллавар хийдэг улсын болон хувийн хэвшлийн 100 орчим аж ахуйн нэгжтэй бид хамтран ажиллаж байна. Тэд усалгаа, арчилгааг нь хариуцан ажиллах учиртай” хэмээв.

Нийслэлд өнгө нэмэх цогцолборыг жил тутам нэмэгдүүлж байхад иргэд ч өөриймсөг байгаасай. Улаанбаатар хотын өнгө үзэмж хэн хэнд нь хамаатай.

Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)