Шороонд дарагдсан ДӨРВӨН ИРГЭНИЙГ гаргаж ирж чадаагүй байна

Төв аймгийн Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т орших Баянголын амны Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн,  КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозер дарагдсан осол гарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл анх карьерын хана нурах үед ослын газарт есөн ажилтан байснаас гурав нь нуралтаас өмнө гарч ирж чадсан бол хоёр хүнийг аврах ажиллагаагаар гаргаж чаджээ. Харин үлдсэн дөрвөн хүнийг аврах ажиллагааг одоо болтол явуулж байгаа юм. Ослын газар 6-7 метр гүн ус тогтож, хананаас нь ус гоожсоор байгаа тул Улаанбаатар хотоос усыг соруулах насос авчран ажиллаж байгаа аж. Усны ундарга карьер тал руу нэвчиж байгаа тул аврах ажиллагаа удаашралтай байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж буй. Мөн 80 метрийн гүнд нурангид дарагдсан дөрвөн хүний амь нас эсэн мэнд байгаа гэхэд тун хэцүү гэдгийг ч хэлж байгаа юм. Тэдгээр ажилтан нь 31-55 насны Баянхонгор, Булган, Улаанбаатар хотын иргэд юм байна.

Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.Самбуу "Хэргийн газар дээр очиход 80 метрийн гүнд 6-7 метр гүн ус тогтож, дээрээс нь сайн гэсээгүй байгаа учир мөстэй байсан. Дахин нуранги үүсэж болзошгүй гэх зэргээр байгалийн эрсдэл ихтэй байгаа учир нөхцөл байдал хүнд байна. Өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдал нь компанийн буруу гэхээсээ илүүтэйгээр байгалийн эрсдэлт нөхцөл үүссэн байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)