“Шонхор”-ын далавчин доорх АН

АН-ын анхан, дунд шатны удирдлага, удирдах бүрэлдэхүүнд 17.800 орчим хүн шинээр сонгогдоод байна. Их хурлаараа өөрчилсөн дүрмийг нь Дээд шүүх бүртгэхээс татгалзсан учраас “Алтан гадас” фракцынхан “Дүрмийн бус сонгуульд оролцохгүй” хэмээн мэдэгдсэн. Мөн “МоАН санаачилга” фракцын тал хувь нь тэдэнтэй ижил байр суурьтай байжээ. Уг сонгууль энэ сарын 2-нд болсон бол дүрмийн өөрчлөлтийг нь Дээд шүүх гуравдугаар сарын 31-нд бүртгэсэн юм. Тэгэхээр албан ёсны дүрэмтэйгээр сонгуулиа зохион байгуулсан байх нь. Гэвч уг сонгуультай холбоотой хэл ам цөөнгүй гарсан. Зарим тойргийн сонгуулийн дүн гарахгүй удаж, дахин хяналтын тооллого хийсэн аж. Одоо зөвхөн Өвөрхангай аймгийн намын хорооны даргын сонгуулийн дүн эцэслээгүй, бусдыг нь өчигдөр нэгтгэж дуусчээ. 

Үр дүнд нь 60 орчим хувьд “Шон­хор”-ынхон сонгогдсон гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр С.Эр­дэнэ дарга, түүний баг үүргээ сайн гүйцэтгэж, зорилгодоо хүрч чаджээ. Тэдэнд ялалт болох уг үр дүн АН-ын хувьд шинэчлэл байж чадах уу гэдэг том асуулт бий.

АН-ЫГ “ШОНХОР” АТГАНА

Нэгэн цагт АН-ын удирдах гол ал­бан тушаалыг “Алтангадас” фракцын­хан хашиж, тус намыг чиглүүлж явлаа. Гэвч энэ “од” харваж, дотоод сонгуулийн дараа эрх мэдэл “Шон­хор”-т бүрэн шилжлээ. АН тэдний далавчин доор багтав. Үнэндээ Н.Алтанхуягийн Засгийн газрыг уна­гасан мөчөөс л “Шонхор” илүү өн­дөрт нисэж чадахаа харуулсан юм. Тус фракцын тэргүүн З.Энхболд АН-ын дарга болсон. Фракц, хувийн эрх ашиг нь ялсан ч нийт дүнгээрээ АН-ыг сонгуулиар “арчигдах” шалтгаан нь энэ болсныг уншигчид санаж буй. Сонгуулийн дараа З.Энхболд ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн ч шинэ дарга тодортол үүргээ гүйцэтгэсэн. Нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн­хээ дагуу АН-ын даргыг бүх гишүү­нийхээ саналаар тодруулахаар болж, шинэчилсэн бүртгэл явуулав. Ингээд “Шонхор”-уудын ноёлох ажиллагаа өрсөлдөгч талынхны дэмжигчдийг шинэчилсэн бүртгэлээс хасах замаар эхэлсэн гэхэд болно. Намын даргын сунгаанд өрсөлдсөн “Нэг ардчилал”-ын Л.Гантөмөрийн талынхан бүрт­гэлээс хасагдсан талаараа мэдэгдэл хийж байсныг уншигчид санаж буй байх.

АН анх удаа бүх гишүүнийхээ саналаар шинэ даргаа тодруулахад тамга З.Энхболдоос С.Эрдэнэд шил­жив. Тэд “Шонхор” фракцынхан. Болж өнгөрсөн дотоод сонгуулиар АН-ын даргыг тодруулахад өөрийг нь дэмжээгүй гишүүдээ бүртгэлээс шахсан гэх мэт яриа гишүүдийнх нь дунд гарсан. Уг сонгуульд “Шонхор” фракцын, тэр дундаа С.Эрдэнэ даргын хүмүүс олноороо нэр дэвшжээ. Дэнчин, хураамжаа төлсөн, зүй ёсны шаардлагыг хангасан тус намын бүх гишүүн нэр дэвших эрхтэй хойно, яая гэх вэ. Гэвч “С.Эрдэнийн л хүн бол бор халзан хонь байсан ч сонгох ёстой” мэт хандсан нь анхаарал татаж буй юм.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойрогт ҮБХ-нд УИХ-ын гишүүн асан С.Баярцогт өрсөлдсөн. Гэвч АН-ын гишүүн, Ард түмний онц зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун оффшор данстай холбоотой асуудлаар С.Баярцогтод хариуцлага тооцуулах тухай хүсэлтээ Үндсэн дүрмийн хороонд гаргасан байна. Дүрмийн хороо энэ асуудлыг хэлэлцээд, түүнийг түдгэлзүүлэх, саналын хуудаснаас нэрийг нь арилгах шийдвэр гаргасан аж. Сонгуулийн сурталчилгаа дууссан, саналын хуудас хэдийнэ хэвлэсэн үед гарсан шийдвэр учраас Сэлэнгийн АН-ынхан эсэргүүцэв. Ингээд саналын хуудаснаас нэрийг нь хасалгүй санал хураахад С.Баярцогт тойрогтоо хамгийн олон санал авах нь тэр. Гэвч намын Дүрмийн хорооны шийдвэр гарчихсан учраас эл үр дүнг хүчингүй хэмээн үзэж буй. Нөгөө талаар дээрх тойрогт С.Эрдэнэ даргын үнэнч албат Д.Үүрийнтуяа аймгийн намын хорооны даргын сонгуульд нэр дэвшсэн юм. Гэвч “Нэг ардчилал”-ын хүн ялжээ. Д.Үүрийнтуяа хяналтын тооллого хийлгэнэ гэсэн гомдол гаргаж, дахин тоолуулсан сурагтай. С.Баярцогтыг Сэлэнгийн намын хорооны гишүүд өмөөрөн, дэмжиж буй ч нэг хүний өргөдлөөр “далимдуулан” хассан нь түүнийг уг тойргоос бүрмөсөн холдуулах хэтийн зорилготой гэсэн хардлага дагуулж байна. Учир нь Д.Үүрийнтуяа 2020 онд УИХ-ын сонгуульд тус аймгаас хүч үзэхээр бэлдэж буй гэх.

ЕРӨНХИЙЛӨГЧИД ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ

Дотоод сонгуулиа зохион бай­гуулж дууссан хүмүүс одоо Ерөн­хийлөгчийн сонгуульд санаа тавих нь зүй. Ирэх сарын 2-7-нд намууд нэр дэв­шигчээ тодруулах учиртай. АН-ынхан “шинэчлэлийн гурав дахь давалгаа”-гаа өрнүүлж, бүх гишүүнийхээ сана­лаар нэр дэвшигчийг тодруулна, сунгаа хийнэ л гэж буй. Гэхдээ энэ бол ярьж буй хувилбарын нэг нь. Одоогоор Ерөнхийлөгчийн сунгаанд Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Л.Болд, Р.Амаржаргал тэргүүтний нэр дуул­даж буй. Тэгвэл “Шонхор”-ынхон уг сунгаанд З.Энхболдыгоо сойно гэсэн мэдээлэл байна. Энэ нь З.Энхболд С.Эрдэнэд тамга шилжүүлэх үеэс л бичигдсэн төлөвлөгөө бололтой. Ан­хан, дунд шат, төв аппаратад “Шон­хор”-ын баг жин дарах болсон учраас З.Энхболд “ногоон гэрэл”-ээр гараад ирвэл хэн ч гайхахгүй. Мөн нийт гишүүнийхээ дотор Н.Алтанхуягийн нэр хүнд сайн байгаа, сунгаа явуулбал тодрох магадлал ч бас бий гэнэ. Тиймээс сунгааг бүх гишүүний биш, зөвхөн Их хурлынхаа төлөөлөгчдийн дунд явуулах хоёр дахь хувилбар ярьж эхэлжээ. Тэгээд ч нэр дэвшигчээ тодруулахад сарын хугацаа үлдсэн тул сунгаа зохион байгуулж амжихгүй болж мэдэх нь. Мөн сүүлийн үед АН дотор Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг нэр дэвшүүлэх тухай тохироо ч дуулдах болсон аж. Түүнийг МАН-тай хэл амаа сайн ололцоно, “дундын хувилбар” болж чадах хүн гэж үзэж байгаа гэх. Хэрүүл, маргаантай ч АН-ын дотоод сонгууль дууслаа. Анх удаагаа бүх гишүүнийхээ саналаар удирдах түвшний хүмүүсээ тодруулсан нь тэдний хэлснээр “Шинэчлэлийн давалгаа” мөн. Гэвч тэр давалгаагаар нь нэг фракцын голдуу хүмүүс сонгогдчихсон бол шинэчлэл болж чадах болов уу. Мөн өмнө нь “АН фракцгүй боллоо” хэмээн “Шонхор” угшилтай З.Энхболд итгэлтэй хэлж байсан бол одоо С.Эрдэнэ дарга ч ингэж мэдэгдэж буй. Гэвч олон жил амь бөхтэй оршсон фракцуудын эрх мэдэл нэгээс нөгөөдөө шилжсэнээс өөр өөрчлөлт гарсангүй. АН-ын хувь заяаг хэдхэн фракцын дарга шийддэг байсан бол өнөөдөр нэг фракц бүхнийг зохицуулдаг болж л “шинэчлэгдэж” буй юм биш үү


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)