“Шнобелийн шагнал” буюу гасалмаар ухаантнууд

Энэ сарын 13 -нд АНУ-ын Харвардын Их сургуульд ээлжит Шнобелийн шагналыг гардуулах ёслол болж өнгөрлөө. Эл ер бусын шагналыг хэсэг эрдэмтдийн “эхлээд инээлгээд дараа нь бодуулдаг” судалгаануудад олгодог аж. “Шнобелийн шагнал”-ын хорооны бүх гишүүд “Ер бус судалгааны жил бүрийн мэдээлэл” гэдэг шог сэтгүүлийн ажилчид байдаг бөгөөд 1991 онд анхны шагналаа гардуулж байжээ. Тэд шагналд нэр дэвшигчдээ шинжлэх ухааны нэр хүндтэй хэвлэлүүдийг судалж байж олдог гэнэ. Шнобелийн шагнал хэд хэдэн төрөлд олгогддог бөгөөд ялагч шагналаа жинхэнэ Нобелийн эздээс гарддаг аж.Ингэхдээ тэд ёслолын үеэр инээдтэй нүдний шил,  малгай, хуурамч сахал өмсдөг юм байна. Тус шагналын хамгийн хошин сэдэв нь “ялгадасны” сэдэв байдаг. “Шнобелийн шагнал” жил бүр ямар нэгэн талаараа хүн амьтны ялгадсаа гадагшлуулах сэдвийг хөндөж судалгаа хийсэн эрдэмтэнд шагнал гардуулдаг аж. Жишээ нь 2015 онд физикийн салбарт олгодог шагналыг дэлхийн шээлтийн хуулийг гаргасан Америкийн эрдэмтэд хүртжээ. Уг хуулийг ямарваа хөхтөн амьтны нэг удаагийн шээх хугацаа биеийн жин, өндөр, хүйс мөн дэлхийн татах хүчнээс үл хамааран 21 секунд үргэлжилдэг хэмээн ойлгож болох аж. Ингэхдээ хөхтөн амьтан Дэлхий дээр ч , Саран дээр ч, жингүйдлийн байдалд ч байсан ялгаагүй гэнэ. Энэ нийтлэг хуульд хүн хамаарах эсэх нь одоогоор бас тодорхой биш гэнэ. Үүнд хариулахын тулд эрдэмтэд тусгай туршилт төлөвлөөд байгаа аж. Харин саяхан Патрица Янг болон түүний ахалсан бүлгийнхэн нээлтэд нэгэн өөрчлөлт оруулжээ. Тэдний томьёолсон хуульд гурван кг дээш жинтэй хөхтнүүд хамаарагдах гэнэ. Тэгэхээр хулган, зурамнууд хасагдаж байгаа гэсэн үг. Тэгвэл 2014 оны биологийн салбарт олгогдсон судалгаа манай гараг дээр болж байгаа бүх амьтад ямар мэдрэмтгий байдаг талаар хүмүүс биднийг сайтар бодоход хүргэжээ. Чех, Герман, Замбийн эрдэмтэд багтсан судалгааны багийнхан нэгэн гайхалтай үзэгдэл баримтжуулжээ. Ноход ялгадсаа гадагшлуулахдаа Дэлхийн соронзон хүчний шугам дагуу зогсдог аж. Энгийнээр хэлбэл нүүрээ өмнө зүг, сүүлээ хойд зүг эсвэл эсрэгээрээ сүүлээ өмөн, нүүрээ хойд зүг чиглүүлж байгаад бие засдаг гэнэ. Ташрамд дурдахад хэдэн жилийн өмнө дээрх сэдэвтэй ижил төстэй нэгэн судалгаа бас Шнобелийн шагнал авч байжээ. Тэгэхэд эрдэмтэд үхрүүд нохдын адил Дэлхийн соронзон хүчний шугам дагуу харж бэлчдэгийг тогтоосон байдаг. Харин 2013 онд Америк болон Канадын хоёр эрдэмтэн археологийн салбарт тус шагналыг хүртжээ. Тэдгээр эрдэмтэдийн судалгаа ёстой утгагүй санагдах аж. Брайн Грандол, Питер Штал нар дутуу чанасан гэрэлзгэнийг ястай нь залгисны дараа амьтны яс хүнээс гадагшлахдаа яадгийг судалжээ. Гэвч энэ утгагүй судалгаа нь архиеологчдын хувьд маш чухал аж. Амьгүй болсон жижиг амьтад хүний хоол боловсруулах эрхтэнд ороод юу болж хувирдаггийг мэдснээр архиелогийн малтлагаар олдсон яс эртний хүмүүсийн идэш байна уу эсвэл цогцос байна уу гэдгийг ойлгох аж. Энэ жилийн энх тайвны шагналыг бие мах бодийн аль хэсгийг маажихад хамгийн их тааламжтай байдгийг дэхийн хүмүүст таниулсан дөрвөн орны эрдэмтдийн баг хүртжээ. Эдийн засгийн чиглэлээр ч мөн ялгаагүй олон улсын эрдэмтдийн баг шагнуулсан байна. Дэлхийн улс орны ямар мөнгөн тэмдэгт бактерийн тархалтыг өдөөдгийг тогтоожээ. Тэдний тодорхойлсноор Румыны Лей мөн доллар хамгийн “бохир” валют аж. Угаалгын машин дээр суурилсан живх солих төхөөрөмж нь Ираны эрдэмтэн Иман Фарахбахшад инженерийн салбарын шагналыг гардуулжээ. Анагаах ухааны төрлөөр Италийн эрдэмтэн Сильванна Галлусо зөвхөн Италид хийсэн пицца өвчнийг анагааж тэр байтугай хорт хавдраар өвчлөх эрсдэлийг буруулдаг гэдгийг тогтоосон байна. Францын эрдэмтэд Рожер Мюсс, Бурр Бенгудиф нар нүцгэн болон хувцастай шуудан зөөгчдийн төмсөгний хэмийн зөрүүг нарийвслан судалснаар зөвхөн хувцастай шуудан зөөгчдийн зүүн төмсөг илүү дулаан байгааг нотолж Анотомийн салбараас “Шнобелийн шагналыг” хүртэж хүмүүсийг инээлгээд дараа нь бодуулав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)