Ши Жиньпины Москвад хийж буй айлчлалаар Орос, Хятадын нөхөрлөлийн шинэ эрин эхлэнэ


Өчигдөр /2019.06.05 / БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин төрийн айлчлалаар ОХУ-л иржээ. Айлчлал гурав хоног үргэлжлэх бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцаагаа бататгаж нөхөрлөлийн шинэ эринийг тэмдэглэх зорилготой ажээ. Хоёр орны төрийн тэргүүн нар уулзалтынхаа үеэр “Олон улсын нөхөрлөл ба стратегийн хамтын ажиллагаа”-ны тунхагт гарын үсэг зурсан байна. Талууд олон улсын байдал тэр дундаа Сири болон Венесуэл дэх нөхцөл, Ирантай хийсэн цөмийн гэрээ, Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн талаар ярилцахаас гадна АНУ-ын худалдааны дайн болон хоригийн эсрэг хамтдаа тэмцэж түншлэлийн харилцааг улам хөгжүүлэх хэрэгтэйг онцолжээ. Уулзалтын үеэр "Хоёр орны нөхөрлөлийн шинэ үе эхэлж” байгааг мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн  гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков  уулзалтын талаар "Энэ айлчлал нь Крымийн хойг 2014 онд Украинаас салж, ОХУ-д ирсэн зөрчилдөөнт үйл явдлаас хойш таван жилийн дараа болж буй юм. Украины улс төрийн зөрчил, үймээнд ОХУ-ыг хөндлөнгөөс нөлөөлж, оролцсон гэж АНУ, Европын орнууд буруутгадаг. Улмаар ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн билээ. Мөн ОХУ-ыг ганцаардуулах, тусгаарлах Барууныхны бодлогын үр дүнд Москва, Бээжингийн харилцаа улам зузаарсан юм. Хоёр орны худалдаа өнгөрсөн 2018 онд 25 хувиар нэмэгдэж, 108 тэрбум ам.долларт хүрсэн нь Хятад улс нь Оросын эдийн засгийн чухал хамтрагч гэдгийг илэрхийлж байна" хэмээн мэдэгдсэн байна. Уулзалтын дараа хоёр орны тэргүүн Хятадын төлөөлөгчидийн бэлэглэсэн хоёр пандаг Москвагийн амьтны хүрээлэнд аваачиж суурьшуулжээ. Тэр оройдоо Путин, Ши Жиньпин нар БНХАУ болон ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)