ШИРҮҮН БОРОО 3.9 тэрбум төгрөг “залгижээ”

Увс аймаг 2020.07.13

Хур бороо элбэгтэй бол баярлах бус, эмээдэг болжээ, бид. Улаанбаатарын авто замууд түр зуурын бороонд урсаж, олон улсын болон орон нутгийн чанартай зам нь эвдэрч, зорчих боломжгүй болсон тохиолдол энэ зун цөөнгүй гарлаа. Тодруулбал, зургадугаар сарын 21-нээс хойш өдгөө 32 авто зам эвдэрчээ. Өөрөөр хэлбэл, есөн аймгийн нутагт хамаарах улсын чанартай, 20 чиглэлийн нийт 82 км урт зам, түүний дагуу орших төмөр бетон найман гүүр, 46 цэгийн төмөр бетон хоолой үерийн улмаас эвдэрч, нийт 3.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Авто замын чанар, хүртээмжээр нь аливаа улсын хөгжлийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. Монгол орны өргөн уудам газар нутгийг холбох, эдийн засгийг “урагшлуулах” гол хөшүүрэг нь авто зам. Гэвч улсын авто замууд ширүүн бороонд эвдэрч, урсаж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болдог уламжлал бараг тогтлоо. Өнгөрсөн сарын 7-нд хагас цаг хэртэй үргэлжилсэн ширүүн бороонд “Өргөө” кинотеатр луу өгсөх хэсгийн зам урссан. Иргэд “Урсдаг шат шиг замтай болжээ”, “Урсдаг замаар гэртээ хүргүүлэх нь” хэмээн цахим орчинд тоглоом наргиан болгосноос өөрөөр “асуудал” дэвшүүлсэнгүй. Энэ мэт хэдхэн хормын борооны ая даадаггүй замуудыг бодлогын хэмжээнд сайжруулах цаг иржээ.

Ойрын хэд хоног ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж буй. Сар гаруйн хугацаанд орсон бороо дээр дурдсанчлан 3.9 тэрбум төгрөг “залгисан” байна. Үргэлжлэн орох бороо хэчнээн замын тарыг таниулахыг одоогоор таашгүй. Энэ сарын 12-нд орсон борооны улмаас Дорноговь аймгийн Сайншандаас Хамарын хийд чиглэлд зорчих түр зам үерт автаж, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон. Хамарын хийд чиглэлд зорчих авто замын зарим хэсэг өнгөрсөн сарын 26-нд үерийн усанд сэтэрч, иргэд түр замаар зорчиж байсан юм. Ингэснээр тус хийд рүү зорчих боломжгүй болов. Энэ талаар “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн төлөөллөөс тодруулахад “Үерийн усанд сэтэрсэн замыг засахад таван тэрбум төгрөг зарцуулахаар байна. Замын эвдэрсэн хэсгийг хоёр тэрбум төгрөгөөр засах бол нэмж хоолой тавих, ус зайлуулах гүүр барихад гурав орчим тэрбум төгрөг шаардлагатай. ОБЕГ, ЗТХЯ-нд энэ тухай уламжилсан. Төсвийг нь шийдчихвэл засварын ажлыг эхлүүлнэ. Сайншандаас Хамарын хийд чиглэлийн замыг 2011 онд тавьсан. Зам тавихдаа төлөвлөлт, тооцоогүй, судалгаа бараг хийгээгүйгээс ус хуримтлагдаж, сэтэрсэн. Ус хуримтлагддаг хэсэгт хоёрхон хоолойтой. Тиймээс нэмж ус зайлуулах хоолой тавих хэрэгтэй” гэв. Орон нутгийн онцлог, газар зүйн байршлыг нь харгалзан, сайтар тооцож, судалсны дараа зам тавиагүйн нэг балаг энэ. Говь газар авто замын даланд тохирох материал ховор байдгаас чанар муутай, хэдхэн удаагийн борооны ая даахгүй бүтээгдэхүүн “төрдөг” гэнэ.

Өмнөговь аймаг 2020.07.20

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт энэ сарын 11-12-нд шилжих шөнө орсон борооны улмаас Цагаанхадны суурьшлын бүс болон шороон замын зарим хэсэг усанд автаж, цөмрөх эрсдэлтэй болжээ. Өнгөрсөн сард орсон борооны улмаас цөөнгүй аймагт зам эвдэрч, хөдөлгөөн хаагдсан. Тодруулбал, өнгөрсөн сарын 2-нд Өвөрхангай аймгийн Арвайхээрт А0301 улсын чанартай авто зам усанд эвдэрсэн. Мөн Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай зам аадар бороонд сэтэрч, хөвөө нь эвдэрсэн юм. Энэ сарын 3-нд Дархан-Уул-Сэлэнгэ чиглэлийн А0402 дугаартай авто замын гурван хэсэгт далан, хөвөө үерийн улмаас эвдэрсэн.

Зургадугаар сарын 21-нд орсон хүчтэй аадрын улмаас Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын зарим хэсгийн хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 дахь км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угааж, зорчих хэсэг эвдэрсэн. Үүгээр зогсохгүй Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын найман хэсэг газарт далан сэтэрсэн юм. Аадрын “аюулд” өртсөн аймгуудаас хамгийн их хохирол амссан нь Увс. Өнгөрсөн сарын 13-нд Увс аймагт гурван хоног бороо орсноос төв зам нь сэтэрч, зургаан гүүр эвдэрч, 500 гаруй иргэн усанд боогдсон. Эдгээр гүүрийг засаж, ашиглалтад оруулахад арчлалт, засварт төсөвлөсөн хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа аж. Эвдэрсэн замуудыг хэрхэн засаж байгааг ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Ч.Сугармаагаас тодруулсан юм. Тэрбээр “Улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад энэ жил 52 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан. Үүнд замын их, дунд хэмжээний завсар хамаарахгүй. 

Тухайлбал, А0602 дугаартай, улсын чанартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн асфальт бетон хучилттай 24.8 км урт замыг засахад 305 сая төгрөг төсөвлөсөн байна. Тухайн замыг хариуцсан компаниуд өдөр тутам засаж арчилна. Ихээхэн хэмжээний эвдэрлээс бусдыг нь урсгал засварын мөнгөөр засна. Өнгөрсөн сарын 13-нд Увс аймагт үер болж, зургаан гүүр эвдэрсэн. Үүний нэгт нь их засвар хийх шаардлагатай байна. Үүнд их хэмжээний хөрөнгө шаардагдах тул Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулах хүсэлт тавьсан ч холбогдох газраас нь “Боломжгүй. Төсвийн тодотголоор олгож магадгүй” гэсэн тайлбар өгсөн. Харин Сайншанд-Хамарын хийд чиглэлийн замын эвдэрсэн хэсгийг бол орон нутаг хариуцах журамтай. Орон нутгийн замын сан гэж бий. Засаг даргын захирамжийн дагуу төсөвлөсөн хөрөнгөөр замын арчлалт, засварыг хийдэг. Гэхдээ давагдашгүй хүчин зүйлийн улмаас дээрх чиглэлийн зам эвдэрсэн гэж үзсэн учраас “Дорноговь АЗЗА” ТӨХК-иас бидэнд хүсэлт явуулсан. Бид хүсэлтийг зохих газарт нь шилжүүлнэ. Инженерийн байгууламж, техник, эдийн засгийн үндэслэлээ судалж, зураг төслөө гаргасны дараа зам тавьдаг. Энэ бүхнийг стандартын дагуу хийж буй ч үер байнга буудаг газарт нэмж хоолой барих зэргээр ажлаа дахин хийх шаардлага тулгарч байгаа. Зам засвар, арчлалтад 2021 онд ойролцоогоор 113 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Урсгал засварыг 4-6, ээлжит засварыг 7-9, 13 жилээс дээш ашигласан замд их засвар хийх стандарттай. Гэвч хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад дурдсан хугацаанд нь засвар хийж чадахгүй байна” хэмээсэн.

Манай орны олон улс, улсын чанартай авто замын сүлжээний урт 14 901 км. Үүнээс асфальт бетон хучилттай нь 7319 км. Жилээс жилд авто зам нэмж, өргөжүүлж буй ч тооцоо, судалгааг нь гүйцэд бус хийж, нүд хуурсан зарим үйлдлээс болж, хэсэг зуурын бороонд ч “муу” дүн тавиулсаар байна. Олон улсын судлаачдын хийсэн дүгнэлтээр авто замыг тогтмол засаж, арчилснаар тухайн орны эдийн засагт орох өгөөж 40-100, шинээр зам барихад 8-15 хувь байдаг гэсэн тооцоо гаргажээ. Зам тавиад эзэнгүйдүүлэх бус, байнга “асарч тойлж” чадвал эвдэрч, сэтрэх нь ч бага байх нь. Үүгээр ч зогсохгүй замын нөхцөл, байдлаас шалтгаалсан авто ослоор хүний амь эндэх тохиолдол буурах биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)