Шинэ Үндсэн хуулийн төслийг баталжээ

Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн зарлигаар байгуулсан Улсын үндсэн хуулийн комисс өнгөрсөн даваа гаригт Ерөнхий сайдын бүрэн эрх мэдлийг нэлээд өргөжүүлж өгсөн Гүржийн шинэ Үндсэн хуулийн төслийг баталжээ. Саакашвили 2013 онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсны дараа сайд нарын танхимын тэргүүн болох бэлтгэлээ базааж эхлэх вий гэж сөрөг хүчнийхэн үүнтэй холбогдуулан сэжиглэж буй ажээ.

Шинэ Үндсэн хуулийн төслийг баталснаар Гүржийн эрх баригчид, сөрөг хүчнийхний хоорондын тэмцэл улам ширүүсч магадгүй гэж үзэх ажиглагчид ч бас байна. Яагаад гэвэл шинэ Үндсэн хуулийн төсөл батлагдсанаар Гүрж улс Ерөнхийлөгчийн засаглалаас ”Францын хэлбэр, маяг”-тай юм уу ерөнхийлөгч-парламентын бүгд найрамдах улс болох юм.

Сөрөг хүчнийхэн Үндсэн хуульд өөрчлөлт, шинэчлэлт хийлгэхгүй, яагаад гэвэл Михаил Саакашвилигийн дур зоргоор авирлах засаглал тогтоно гэж Парламентын дарга, Саакашвилигийн гол шүүмжлэгч Нино Буржуназе шууд мэдэгджээ. Тэгвэл Парламентын дэд дарга Михаил Мачавариани “Эрх чөлөө” радио станцад ярилцлага өгөхдөө шинэ Үндсэн хуулийг Парламент ирэх есдүгээр сард баталчих байх гэсэн байна. Гүржийн сөрөг хүчнийхэн ойрын үед өөрийн талынхныг гудамжинд дуудан гаргаж, Төрийн тэргүүнийг нэн даруй огцрохыг шаардаж ч магадгүй гэж мэдээлж байна. Харин Михаил Саакашвилигийн хэлснээс үзвэл тэд хэчнээн орилон дэвхцэж байсан ч Үндсэн хуулийг Парламент батлахдаа л нэг батлах ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)