Шинэ цэцэрлэг ашиглалтад орууллаа

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны 42 дугаар цэцэрлэг канад модон технологиор барьсан, иж бүрэн тавилга, тоног төхөөрөмжтэй шинэ барилга хүлээн авлаа. Хотын төвийн, хүн амын төвлөрөл ихтэй хэсэгт байрладаг тус цэцэрлэг өмнө нь 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан бол энэ барилгыг ашиглалтад оруулснаар 300 хүүхэд авах болжээ. Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн буцалтгүй тусламжаар 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд уг цэцэрлэгийг барьжээ. Уг төслийн хүрээнд нийт 6.2 сая ам.доллараар нийслэлийн найман дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай, канад модон технологийн 17 цэцэрлэг барьж, 1.4 сая ам.доллараар тавилга, тоног төхөөрөмжийг нь нийлүүлж байгаа аж. Эдгээр барилгыг нэг зураг төслийн дагуу, цэцэрлэгийн хүртээмж хамгийн тааруу байгаа газарт барьж байгаа аж. Одоогоор эхний 10 барилгыг Улсын комисс хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлээд байгаа аж. Энэ сарын сүүлчээр үлдсэн долоог нь ашиглалтад оруулах аж. Ингэснээр жил бүр 2-5 насны 1700 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрджээ. Мөн 14 аймгийн алслагдсан 100 суманд нүүдлийн гэр цэцэрлэг байгуулж, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаснаар жил бүр малчин өрхийн 2500 хүүхэд гэр цэцэрлэгт хамрагдах болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)