Шинэ хүн олонтой Дорнодын тойрог

УИХ-ын долдугаар тойрог буюу Дорнод аймагт гурван нам, дөрвөн эвс¬лээс 12, бие даан дөрвөн хүн нэр дэвшжээ. Тодруулбал, МАН-аас УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Ц.Сэргэлэн, АН-аас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг, Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүн Ж.Энхболд, Зон олны намаас бага хурлын гишүүн нь болох Л.Цэвэгдарь нар өрсөлдөж буй. Харин “Та, бидний эвсэл”-ээс МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, улс төр судлаач Ч.Өлзийсайхан, “Шинэ” эвслээс архитектор Х.Одмандах, “Монгол шилтгээн” компанийн захирал С.Отгонбаатар нар нэр дэвшиж буй бол “Зөв хүн электорат” эвслээс МУИС-ийн багш Ч.Баттулга, Монголын махчин шувууны сангийн тэргүүн Ш.Төгсбаяр нарыг сойжээ. “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс Х.Бат-Эрдэнэ болон зурхайч М.Намсрайг тус аймагт нэр дэвшүүлсэн байна. Мөн Б.Доржпүрэв, Г.Мөнх-Од, Б.Наранбат, П.Гэрэлбаатар нар энэ тойрогт бие даан “уралдаж” буй. Дорнод аймаг хоёр мандаттай. Өмнөх долоон удаагийн сонгуулиар Дорнодынхон АН-д нэг (1996 оны), МАН-д зургаан удаа итгэл үзүүлсэн аж. Тус тойргоос төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 1996 онд нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Өмнөх УИХ-ын сонгуулиар МАН-аас Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар сонгогдсон юм. Харин МАН-ын гишүүнээс Н.Номтойбаярыг хөөсөн учир энэ удаад Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж буй. Түүний оронд тус намаас Хил хамгаалах ерөнхий газрын даргаар 2016-2019 онд ажилласан, хошууч генерал Ц.Сэргэлэнг төрсөн нутагт нь сойжээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд ЖДҮХС-гаас зээл авсан учир нэр дэвшүүлэхгүй гэх таамаг байсан ч Дорнод аймаг руу илгээсэн. Энэ талаар тэрбээр “ЖДҮХС-гаас авсан 950 сая төгрөгийн зээлийнхээ талыг нь төлсөн” гэжээ. Х.Болорчулуун нь “Дорнод гурил” компанийн захирал бөгөөд агрономич мэргэжилтэй, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон байна. Анх 2012 онд бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон түүхтэй.

АН-ын тухайд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АПУ-гийн гэх тодотголтой П.Батчимэгийг илгээжээ. Ураг төрлөөрөө нэр дэвшиж буй хүмүүс хэмээх нэрсийн дунд Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг болон түүний авга эгч П.Батчимэг нар “дурайж” явна. Тэрбээр “Хан-Уул хөгжил” сангийн тэргүүн бөгөөд тус дүүргийн ИТХ-д гурван удаа сонгогдсон, жилд 115 сая төгрөгийн орлоготой, 681 саяын хадгаламжтай аж. Түүний хамт АН-аас нэр дэвшиж буй эрхэм бол Дорнод аймгийн АН-ын дарга, аймгийн алдарч уяач Ж.Энхболд бөгөөд 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 190 адуу, 250 хоньтой юм байна.

“Та, бидний эвсэл”-ээс сойсон Ч.Өлзийсайхан нь улс төрийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн багш. Өдгөө “Хантай хайрхан” компанийн захирал бөгөөд ЖДҮХС-д нэг тэрбум төгрөгийн зээлтэй аж. Харин “Шинэ” эвслээс нэр дэвшигч Х.Одмандах нь Монголын архитектурын эвлэлийн дэд ерөнхийлөгч, архитектор, Дорнод аймгийн уугуул юм байна. Орон нутгийн дэд бүтцийн асуудлыг хөндөж, хотыг зөв төлөвлөх тухай олонтоо ярьдаг тэрбээр “Хэрлэн зураглал”, “Талын пирамид” компанийн хувь эзэмшигч гэнэ. Түүний хамт тус эвслээс нэр дэвшигч С.Отгонбаатар нь 2012 оны УИХ-ын сонгуулиар ИЗНН-аас одоогийн тойрогтоо өрсөлдөн, ялагджээ. Түүнийг 2015 оны үед Дорнод аймгийн Засаг даргаар томилох яриа гарч байсан ч биеллээ олоогүй.

“Зөв хүн электорат” эвсэл тус тойрогт МУИС-ийн биологийн багш нарыг “уралдуулжээ”. Тэдний нэг Ч.Баттулга нь жилийн 22 сая төгрөгийн орлоготой юм байна. Харин Ш.Төгсбаяр нь өмнөх сонгуулиар 47 дугаар тойрогт нэр дэвшсэн ч ялагдсан юмсанж. Тэрбээр “Төгс” компанийн захирал гэнэ. Харин “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс тус тойрогт сойсон М.Намсрай нь шар зурхайч. Тэрбээр уламжлалт Цагаан сарын баяраа хэдийд тэмдэглэх талаар Гандантэгчэнлин хийдийнхний эсрэг байр суурьтай байдаг нэгэн. Түүний хамт тус эвслээс нэр дэвшигч Х.Бат-Эрдэнэ, мөн Зон олны намаас өрсөлдөж буй Л.Цэвэгдарийн талаар мэдээлэл олдсонгүй. Харин бие даагч Г.Мөнх-Одын хувьд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч. Тэрбээр өмнө нь ИНЕГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.

Б.Доржпүрэв “Ногоон эрдэнэс шим” компанийн 50 хувийг эзэмшдэг, “Буриадын соёл, спортын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн, Дорнод аймгийн уугуул аж. Бие даагч Б.Наранбатын тухайд 35.5 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай, “Уран голомт” компанийн зөвлөх. П.Гэрэлбаатар нь Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Ханшувалдай” компанийн хувь эзэмшигч, хоёр тэрбум төгрөгийн зээлтэй, жилийн 110 сая төгрөгийн орлоготой гэж хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичжээ. Дорнод аймагт энэ удаагийн сонгуулиар генерал, зурхайч, уяач, архитектор, улс төр судлаач, биологич, агрономич зэрэг олон төрлийн мэргэжилтэй хүмүүс өрсөлджээ. Тэдгээрийн нэг нь л УИХ-д сонгогдсон бусад нь шинэ хүн аж.