Шинэ хороод түрээсийн байранд ажиллаж байна

Засаг захиргааны анхан шатны нэгж 20 хороог хуваан, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчлөхөөр нийслэлийн 2019 оны төсөвт 6.1 тэрбум төгрөг суулгажээ. Үүний дагуу өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 11, Хан-Уулын тав, Налайхын нэг хороог хувааж, шинээр 17 хороо байгуулан, есөн дүүргийн хилийн цэсийг өөрчлөх болсон. Нөгөөтээгүүр, хүн ам нь хэт олширсон зарим дүүргийг хуваах асуудлыг хөндсөн ч хөрөнгө төсөв, хугацаа их шаардахаар байсан тул эхний ээлжид хороодыг хэсэгчлэхээр болсон юм. Уг ажлын явцыг сурвалжиллаа.

Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой байсан бол 43 болжээ. Тодруулбал, 10 мянгаас дээш хүн амтай хороодыг хувааж, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчилсөн байна. Тус дүүргийн нутаг, I хорооллын арын дэнж орчимд таарсан иргэн Н.Сэрчмаа “Манайх XXIII хороонд харьяалагддаг байсан. Хороо хуваагдаж, манайхыг шинээр байгуулсан XXXIX хороо руу шилжүүлсэн байна лээ. Одоогоор шинэ хороон дээр очиж үзээгүй. Саяхан тавьсан засмал замаар нэлээд өгсөж, 62 тоот гудамжаар зүүн эргээд худгийн хажууд шинэ хорооны байр бий гэж дуулсан. Хөнгөлөлттэй эмийн жороо Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-өөс авах хэрэг гардаг ч нэлээд зайтай учир очиж чадахгүй байна” гэв. Замд таарсан иргэд шинэ хороо төвхнөсөн газрыг онож хэлэхгүй ч байршлыг нь барагцаалж заасан юм. Гудамжууд нь мөстөн, өгсөж, уруудахад хэцүү болжээ.

“ШИНЭ ХОРООНЫ БАЙР БАРИХ ТӨСӨВ БАЙХГҮЙ”

XXXIX хороо нь өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс дэлгүүрийн байр түрээсэлж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус хорооны Засаг дарга С.Сайхантуяа “Би урьд нь XXIII хорооны Засаг даргаар ажиллаж байсан. 13 500 орчим иргэнийг хоёр хувааж, 6000 гаруйг нь шилжүүлж авлаа. Хуучин хорооны газраа ч мөн хувааж, хойд хэсгээ манайх хариуцах болсон. Өмнө нь иргэд гурав орчим км-ийн зайтай газраас ирж, хорооны үйлчилгээ авдаг байсан. Одоо энэ зай нэг километр болж ойртсон. ӨЭМТ-ийг 10 мянгаас дээш хүн амтай хороонд байгуулдаг. Одоогоор хоёр хороо 6000 орчим хүн амтай учир дундаа шинэ ӨЭМТ байгуулах талаар эмч болон XXIII хорооны Засаг даргатай ярилцаж байна. Хуучин хороо, ӨЭМТ байрныхаа нэг, хоёрдугаар давхарт байрладаг байсан. Манайх тусдаа гарч, ӨЭМТ шинээр баривал хуучин хороонд зай гарна” хэмээв. Шинэ хорооны иргэд одоогоор XXIII хорооны “Гурванжаргал хайрхан” ӨЭМТ-өөр үйлчлүүлж байгаа аж. Мөн тус хороонд Засаг дарга, халамжийн мэргэжилтэн, зохион байгуулагч, зургаан хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч, үйлчлэгч, сахиул зэрэг 14 хүн ажиллаж байна. Хуучин хорооны хэсгийн ахлагч нар хариуцсан нутаг дэвсгэр нь өөрчлөгдөөгүй тул энд ирж ажиллажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь аймаг, нийслэл, сум, дүүрэг төсөвтэй байна” гэж заасан байдаг. Тиймээс хороод харьяа дүүргийн төсвөөс санхүүждэг аж. Ажилчдын цалин, байрны түрээс зэргийг дүүргийн ЗДТГ-аас санхүүжүүлж байгаа бөгөөд шинэ хорооны байр барих төсвийг тусгаагүйг Засаг дарга С.Сайхантуяа онцоллоо. Тус хороонд харьяалагддаг хүүхдүүд саяхан ашиглалтад оруулсан 134 болон есдүгээр сургуульд суралцдаг. Өөр сургууль руу шилжүүлсэн тохиолдол гараагүй аж. Түүнчлэн иргэддээ илүү ойртсон учир очиж уулзахад цаг хэмнэж, төрийн үйлчилгээ үзүүлэхэд амар болсныг хорооны ажилтнууд хэлэв. Монгол Улсын Төрийн далбаагаа дээрээ мандуулсан шинэ хороо хаягаа гудамжуудад байрлуулсан ч салхинд уначихсан гэнэ.

Сонгинохайрхан дүүргийн XXXXII хороо ч өдгөө түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг аж. Засаг дарга Р.Батчулуун энэ талаар “Манайх одоогоор түрээсийн байранд ажиллаж байна. 2020 оны эхээр байртай болгох асуудлыг шийдэх байх. ӨЭМТ барих төсөв хуваарилаагүй. XXV хороо 15 441 хүн амтай байснаас 8145-ыг нь (IX хорооноос цөөн хүн ам нэмэгдэж) манайд шилжүүлж, өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс тусдаа гарсан. Иргэний бүртгэлийн үйлчилгээг шинэ болон хуучин хорооны иргэд XXV хорооны хариуцсан ажилтнаас авч байгаа. Мөн ӨЭМТ ч хоёр хорооны иргэдэд үйлчилж байна” хэмээв.

ХУУЧИН ХОРООНЫ АЖЛЫН АЧААЛАЛ ЭРС БУУРСАН

Хан-Уул дүүрэгт таван хороо хуваасан. Тус дүүргийн III хорооны Засаг дарга С.Батхишигээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Манайх 20 мянга гаруй хүн амтай байснаас шинээр байгуулсан XX хороонд 4000 орчмыг нь шилжүүлсэн. Гэхдээ II хорооноос цөөн тооны иргэн шилжиж ирсээр байгаа. Хуучин хорооны ӨЭМТ хоёрдугаар давхарт л үйл ажиллагаа явуулдаг байсан. Шинэ хороо салж, тусдаа гарснаар нэг, хоёрдугаар давхрыг бүрэн ашиглаж, стандартын шаардлага хангасан байртай боллоо. Мөн манайд I, II, V хороог ахалсан цагдаагийн 5-6 албан хаагчтай хэсэг байгуулан ажиллаж байна. Шинэ хороо одоогоор түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй. Ажлын ачаалал буурч, иргэн бүрт хүрч үйлчлэх боломж нээгдсэн” гэв.

Налайх дүүргийн тухайд долоон хороотой байснаас хамгийн олон буюу 11 мянган хүн амтайг нь хувааж, найм болгожээ. VIII хорооны Засаг дарга Д.Чинбат “Манайх II хорооноос өрх тусгаарласан. 11 мянган хүн амтай байсны 5960-ыг нь шинэ хороонд шилжүүлж авлаа. Өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ байраа 2020 онд худалдаж авахаар төлөвлөөд байна. Өмнө нь өдөржингөө бужигнадаг байсан бол ачаалал буурч, ажил эрс хөнгөрлөө. Би урьд нь II хорооны Засаг даргаар ажиллаж байсан” хэмээв.

Шинэ хороод түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Энд хуучин хорооны зарим ажилтан болон шинээр шалгаруулж авсан хүмүүс ажиллаж байгаа аж. Харин одоохондоо ӨЭМТ шинээр байгуулаагүй, иргэд эрүүл мэндийн үйлчилгээгээ өмнө нь харьяалагдаж байсан хорооноос авч буй аж. Заримынх нь иргэний бүртгэлийн үйлчилгээ ч тусгаарлагдаагүй байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн хороо хариуцсан мэргэжилтэн Б.Бямбажаргал “Шинээр байгуулсан 11 хороонд 133 албан хаагч ажиллаж буй. Тэднийг сонгон шалгаруулж ажилд авсан. Одоохондоо шинэ хороод түрээсийн байранд ажиллах шийдвэр гарсан. Хорооны байр, ӨЭМТ-ийн төсвийн талаар хэлж мэдэхгүй. Зарим хүүхдийн сурдаг сургууль харьяаллынхаа дагуу өөрчлөгдсөн” гэлээ. Мөн дүүргийн ИТХ хуралдаж, ирэх жилийн төсвийн талаар хэлэлцээгүй учир одоогоор хорооны байрууд, ӨЭМТ барих талаар мэдээлэл өгөх боломжгүйг тус дүүргийн холбогдох албаныхан хэлэв. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4.5-д “Ээлжит сонгуулийн жил шинээр баг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгахыг хориглоно” гэж заасан байдаг. 2020 оны сонгуулийн жил гарахад 21 хоног үлджээ.

Бэлтгэсэн: Б.Уянга


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)