Шинэ “Усайн Болт”

2019 онд долоон настай хөвүүн 100 метр замыг 13.48 секундэд гүйж туулсан нь олныг гайхашруулсан юм. Түүнийг Рудольф Инграм гэдэг бөгөөд дэлхийн хамгийн хурдан хүүхэд хэмээгдэж буй. АНУ-ын хөнгөн атлетикийн спортын түүхэнд шинэ амжилт тогтоож, аварга болсон түүний талаар алдарт сагсчин Леброн Жеймс инстаграм хуудсандаа мэдээлж, америк хөлбөмбөг тоглож буй бичлэгийг нь тавьснаас хойш хүүг дэлхий дахин таньдаг болжээ.

Рудольф Инграмыг Дөл хэмээн хочилдог нь гал шиг тэмүүлэлтэй нь холбоотой аж. АНУ-ын Флоридад амьдардаг тэрбээр Усайн Болтын амжилтыг эвдэх мөрөөдөлтэй. Дэлхийн хамгийн хурдан хүү олон төрлийн тэмцээнд оролцож 36 медаль хүртсэний 20 нь алт. Дөл зургаан настайдаа өсвөр насныхны “Tampa ravens” багийн довтлогч болж, америк хөлбөмбөгт хурд, хүчний давуу байдал ямар хэрэгтэйг жинхэнэ утгаар нь харуулжээ. Түүнээс хойш тэрбээр нэг улирлын тоглолтод дунджаар 10 оноо авсаар иржээ. Багийн дасгалжуулагч Жимми Уотсон нь “Рудольф Инграм бол бахархмаар хүүхэд. Тэр бидний ирээдүйн найдвар” гэж түүнийг магтсан байна. Спортын шинжээчид энэ хүүг ямайк тамирчин Усайн Болттой зүйрлэдэг бөгөөд магадгүй Рудольф Инграм түүний гаргасан амжилтыг (9.58 секунд) мөдхөн эвдэнэ гэж итгэдэг. Дөрвөн настайгаасаа спортоор идэвхтэй хичээллэж эхэлсэн хүү өдгөө алдартай тамирчин болох замдаа эргэлт буцалтгүй орсон бөгөөд “Би бэлтгэл сургуулилалтаа маш шаргуу хийж багийнхандаа үлгэрлэхийг хичээдэг.

Ингэснээр бидэнд хийж чадахгүй зүйл үгүй гэдгийг харуулахыг хүсдэг” гэжээ. Инграмын аав “Хүү минь хэзээ нэгэн цагт спортыг орхиж өөр замаар явна гэвэл би хэзээд дэмжинэ. Тэр минь эрдэмтэн, нисгэгч хэн ч болсон хамаагүй түүнийгээ усалсаар байна” гэж цахим хуудсандаа бичжээ. Дэлхийн хамгийн хурдан хүүгийн хамгийн үнэнч бишрэн шүтэгч нь дөрвөн настай, ганц дүү нь. Тэрбээр ч хөлбөмбөг тоглож, гүйх дуртай гэнэ.

Бэлтгэсэн: Э.Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)