Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажлын зураг батлагдахад бэлэн болж, газрын асуудал ч бүрэн шийдэгджээ

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан /2019.8.15/ БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хайминтай уулзаж хоёр улсын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явцын талаар санал солилцлоо.

"Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нэгж байгуулагдаж, төслийн ажлын зургийг боловсруулж, магадлалаар орж батлагдахад бэлэн болжээ. Угсралт, түр байр барих зэрэг ажил хийгдэж буй бөгөөд төлөвлөгөөний дагуу энэ жил биологийн цэвэрлэгээний байгууламжийн бетон хийцийн ажлыг хийж гүйцэтгэх аж.
Өнгөрсөн зургадугаар сард БХБ-ын сайд Элчин сайдтай уулзаж энэ асуудлаар санал солилцон нэн тэргүүнд шийдвэрлэх хэд хэдэн асуудлыг хөндөж байсан юм. Тухайлбал, БНХАУ-ын талаас төсөл хэрэгжүүлэх байршилд түр тоног төхөөрөмж байрлуулах талбай, газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх, лагийг боловсруулах, шилжүүлэх шийдлийн талаар Хятадын гүйцэтгэгчтэй компанитай хамтран ажиллах, Төсөлд ажиллах Хятад ажилчдын квотыг тогтоох зэрэгт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэний дагуу Монголын тал дээрх тавьсан хүсэлтийг нэн даруй шийдвэрлээд байна. Газрын асуудлыг бүрэн шийдэж, орох гарах гарцыг бүрэн чөлөөлөөд зогсохгүй БНХАУ-аас ажиллах ажиллах хүчний квотыг Засгийн газраас тогтоов. Түүнчлэн цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг байршуулах газрын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд шийдвэрлэхээр болжээ.

Өнгөрсөн хугацаанд БХБЯ БНХАУ-ын Эксим банкны төлөөлөлтэй удаа дараагийн уулзалт хийж төслийг эрчимжүүлэх талаар яриа хэлэлцээр хийсээр байгаа. Төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулах бэлтгэл шатны ажлыг Монголын талаас бүрэн хангасан бөгөөд Санхүүжүүлэгч тал төслийг үнэлэх шат эхэллээ. Үнэлгээний ажлыг түргэтгэж, төслийг эрчимжүүлэхэд Элчин сайд анхаарч, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг сайд Х.Баделхан хүсжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин "Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын онцгойлон анхаарч буй Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг эрчимжүүлэх чиглэлд Хятадын тал анхаарч ажиллаж байна. Төсөл төлөвлөгөөний дагуу амжилттай урагшилж байна. Цаашид улам эрчимжүүлж ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)