Шинэ парламент таван чиглэлд ажлын хэсэг байгуулан ажиллана гэв

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан 96 хувийн ирцтэй эхэлж, Г.Занданшатарыг УИХ-ын даргаар улираан томиллоо.

 Энэ үер УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн байнгын ажиллагаатай парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Ард түмнийхээ итгэл хүндэтгэлийг хүлээж, захиас даалгаврыг биелүүлэхээр сонгогдсон эрхэм гишүүдэд халуун баяр хүргэе. Төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах үүрэг өгсөн МАН-ын дарга У.Хүрэлсүхэд талархал илэрхийлье. МАН-ын үнэмлэхүй ялалт нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын шударга ёсны тэмцэл, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, ёс зүйг эрхэмлэх чиглэлээр эхлүүлсэн ажлаа цаашид үргэлжлүүлээрэй гэсэн ард түмний итгэл, үүрэг даалгавар гэж үзэж байна. Монголын ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө давалгаа гэдгийг ойлгож, хошуучлан манлайлж зүтгэх ёстой" гэв. 

Түүнчлэн "Шинэ парламент таван чиглэлд ажлын хэсэг байгуулан ажиллах юм. Нэгдүгээрт, хуулийн реформ хийх ажлаа үргэлжлүүлнэ. Эхний ээлжид 31 хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, эдийн засгаа эрсдлээс хамгаалах өсөлтийн суурийг бүрдүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилдаа шуурхайлан орно. Гуравдугаарт, эдийн засгийг солонгоруулах шаардлагатай байна. Ингэхийн тулд уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг дэмжих шаардлагатай байна. Дөрөвдүгээрт, сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд УИХ-ын Ёс зүйн дэд хороог байнгын хороо болгоно. Тавдугаарт, нийгэмд авч хэрэгжүүлж байгаа бодлогыг тууштай үргэлжүүлнэ. Энэ таван чиглэлд Ажлын хэсэг байгуулж, ойрын үед ажилдаа орно" гэж ярилаа. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)