Шинэ нисэх буудлыг бүс нутгийн зангилаа төв болгон хөгжүүлэхийг зорьж байна гэв

Шинэ Засгийн газрын тэргүүн, гишүүдтэй Монгол Улсад гадаад улс, олон улсын байгууллагаас суугаа Элчин сайд, суурин тө лөөлөгчид ээлж дараалан уулзаж байна. Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Герман, Япон, Турк, Канад Улсаас манай улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзсан.

Шадар сайд У.Хүрэлсүх ч Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзсан юм. Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран амжилттай хэрэгжүүлж буйг талууд дурдаад, цаашид аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх нь чухлыг онцлов.

Энэ жил Монгол Улсад хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан болно. Мөн Эрчим хүчний сайд П.Ганхүү АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдалыг АНУ-ын Мянганы хөгжлийн сангийн төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзсан бол Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын зочин Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори байв.

Уулзалтын үеэр сайд Д.Ганбат салбарын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Тэрбээр Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг бүс нутгийн өрсөлдөх чадвар бүхий зангилаа төв болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа дуулгасан юм.

Мөн Япон, БНХАУ хоорондын агаарын тээврийн салбарт Монгол Улс оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-аар дамжин Япон Улс руу нислэг үйлдэхэд тус улсын талаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улс дамнасан, далайд хүрэх тээврийн коридоруудыг цогцоор бүтээн байгуулах төслүүд хэрэгжих тул Японы тал Монгол Улсад төмөр зам, авто замын томоохон төслүүдэд зах зээлийн зарчмын дагуу төслийн санхүүжилт хийх, барилгын ажилд оролцох зэргээр хамтарч ажиллах бололцоо байгаагаа ч илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд бариг­дах зүүн чиглэлийн буюу Таван толгой-Сайншанд, Сайншанд-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих төслүүдийг санхүүжүүлэх боломжийг дахин судалж үзэхийг хүсэв. Элчин сайд Шимизү Такэнори Японы олон улсын хамтын ажиллагааны бай­гууллагатай хамтарч, техник тех­ нологийн хамтын ажиллагааг өр­гөжүүлэх боломж байгааг онцолсон. Үүнээс гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн БНСУ-аас Монголд суу­гаа Элчин сайд У Сунг хүлээн авч уулзлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)