ШИНЭ нам Улсын Дээд Шүүхэд бүртгэгдлээ

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ж.Батзандан нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцэв. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам  нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 34 дэх нам болж байгаа юм.

Тус намын дарга Ж.Батзандан "Өнөөдөр Монголын эх оронч, шударга иргэдийн нэгдсэн эвсэл Улсын Дээд Шүүхэд албан ёсоор бүртгүүлж, Монгол Улсын парламентад суудалтай гурав дахь улс төрийн хүчин болж мэндэллээ. ШИНЭ нь шударга ёсны хувьсгалыг хийх гэж байгуулагдсан. монголын нийгмийн салбар бүхэнд шударга ёс үгүйлэгдэж байна. Боловсролоос эхлээд ХАА, аж ахуй, эрүүл мэнд зэрэг бүх салбарт шударга ёсны том өөрчлөлт хувьсгалыг ШИНЭ хийхээр зохион байгуулалтад орлоо. ШИНЭ намын хоёр дахь зорилго нь улс төрийн салбар дахь реформ шинэчлэлтийг амжилтад хүргэхийн төлөө ажиллана. Нэн түрүүнд монголын төрийг олигархи, мафиас савраас бүрэн салгаж авах нь бидний зорилт юм. Гурав дахь нь, эдийн засгийн салбарт томоохон реформ хийнэ. Сүүлийн 30 жилд монголын баялаг ордуудыг хэдхэн гэр бүл гадныхантай нийлж хулгайлж авсан. Үүнийг зогсоохын төлөө ажиллана. Одоогоор ШИНЭ намд 68 мянган иргэн бүртгэлтэй байна" гэв.

ШИНЭ нам үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд;

  1. Үндэсний баялгийн сан байгуулж, стратегийн ордуудын 51-ээс доошгүй хувийг төр, ард түмний мэдэлд эзэмшүүлэх санал гаргасан.
  2. Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжиж буй.
  3. УИХГ-ийн тоог 108, 99 болгохыг эсэргүүцсэн.
  4. УИХГ-ийн бүрэн эрхийн хугацааг 5 жил болгохыг дэмжээгүй
  5. УИХГ-ийг эгүүлэн татах санал гаргасан.
  6. Шүүхийн хараат бус байдалтай холбоотой Ерөнхийлөгчийн хоёр саналыг дэмжсэн.
  7. Цөмийн хог хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, хадгалах, булшлахыг хориглох санал гаргасан, үүнийг Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмаар зохицуулах боломжтой.
  8. Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаатайгаар сонгох асуудал тусгагдсан.
  9. ЗГ-ын гишүүдийн дөрвөөс бусад нь гаднаас сонгогддог байх, УИХ-ын гишүүний албыг давхар хашихгүй байхаар тусгасан байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)