Шинэ, жишиг хороодтой болох төлөвлөгөө нурах вий

Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны байр

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнгөрсөн оны зургадугаар сарын хуралдаанаар зарим дүүргийн хүн ам олонтой хороодыг хувааж, шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 11, Хан-Уулын тав, Налайхын нэг хороог хувааж, 17-г байгуулах юм. Энэ ажилд зориулан нийслэлийн 2019 оны төсөвт 6.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн энэ онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус, наймдугаар хуралдаанаар Баянгол дүүргийн I, IV, Баянзүрхийн V, VIII хороог хувааж, шинээр байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүнд зарцуулах мөнгийг энэ оны нийслэлийн төсөвт тусгуулахыг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд үүрэг болгожээ. Ингэснээр нийслэл хот 173 хороотой болох юм. Шинэ хороод өдгөө ямар байдалтай байгаа, мөн энэ онд багтан байр, өрхийн эмнэлэгтэй болох, эсэхийг тодруулав.

Өнгөрсөн оны найм, ес, аравдугаар сараас “салан тусгаарласан” шинэ 17 хороо өдгөө түрээсийн байранд ажилласан хэвээр. Энэ талаар бид өнгөрсөн арванхоёрдугаар сард хөндөж, Сонгинохайрхан, Хан-Уулын шинэ хороодтой танилцахад ажилтнуудаа хуваарилан шилжүүлж, шинээр хэсгийн ахлагч сонгон шалгаруулан, түрээсийн байранд ажиллуулж байсан юм. Заримынх нь оршин суугчид иргэний бүртгэлийн үйлчилгээг өмнө нь харьяалагдаж байсан хорооноос авч байгааг Засаг дарга нар нь хэлж байв. Шинэ хороо байгуулснаар иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, хүндрэлгүй үйлчлүүлэх боломж нээгдсэнийг ажилтнууд нь онцолсон удаатай. Түүнчлэн хороод байрны түрээсэнд сард 450-700 мянган төгрөг төлдөг гэсэн юм. Гэвч хороод өдгөө зургаан сарын өмнөхтэй адил түрээсийн байранд ажиллаж, иргэд нь урьд нь харьяалагдаж байсан хорооны өрхийн эмнэлгээс эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ авч байна. Уг нь энэ оны төсөвт хороодын байр, өрхийн эмнэлгийн барилга барих, худалдан авах хөрөнгө суулгах талаар өнгөрсөн жил дуулгасан. Өдгөө Налайх дүүрэгт шинээр байгуулсан VIII хороо л өөрийн байртай болж, үйл ажиллагаа явуулж буйг Засаг дарга Д.Чинбат нь хэлсэн.

Тэрбээр “Манайд өрхийн эмнэлэг ажиллуулах бэлэн байр бий. Гэхдээ эмч хэрхэн сонгон шалгаруулах нь одоогоор тодорхойгүй байна. Иргэд өмнө нь харьяалагдаж байсан II хорооны өрхийн эмнэлэгт үйлчлүүлж буй” гэв. 2019 оны нийслэлийн төсөвт тусгасан 6.1 тэрбум төгрөг нэг хорооны байр худалдан авах, бусдынх нь байрны түрээс, ажилтны цалин, урсгал зардалд зориулагдсан бололтой. Шинэ хороо байгуулахад дүүргээс нэг ч төгрөг зарцуулаагүйг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар өнгөрсөн наймдугаар сард хэлсэн. Төсвийн зарцуулалтын талаар нийслэлийн ЗДТГ-ынхнаас тодруулах гэсэн ч мэдээлэл өгсөнгүй.

ТҮРЭЭСИЙН БАЙРАНД ХЭДИЙ ХҮРТЭЛ АЖИЛЛАХ ВЭ

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын ажилтан “Манай дүүргийн шинээр байгуулсан 11 хорооны үйл ажиллагаа жигдэрсэн. Хорооны стандартыг өөрчилж, жишиг цогцолбор болгон байгуулах болсон юм билээ. Тэгэхээр стандартад нийцсэн 11 хорооны байр барих нь төсөв их шаардана” гэв. Тус дүүргийн хоёр шинэ хороог энэ жилдээ багтаж, өөрийн байр, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг бүхий цогцолбортой болгох аж. Тодруулбал, энэ онд Сонгинохайрханы хоёр, Налайх, Хан-Уулын нэг хороог жишиг болгон байгуулахаар нийслэлийн төсөвт найман тэрбум төгрөг төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл, нэг жишиг хороог хоёр тэрбумаар байгуулах нь. Сонгинохайрхан дүүргийн тухайд 40, 42 дугаар хороог жишиг болгох гэнэ. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 42 дугаар хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын тендерийг зарлаж, өнгөрсөн сарын 16 хүртэл бичиг, баримт хүлээн авчээ. Харин үлдсэн 13 хороо түрээсийн байранд ажилласан хэвээр байх бөгөөд ирэх жилийн төсөвт хөрөнгө суулгах, эсэхийг хүлээх болох нь.

“СТАНДАРТАД НИЙЦСЭН ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАЙХ ШААРДЛАГАТАЙ”

Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шинэ хороод байгуулсантай холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ) барих талаар дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан (НЭМГ) өнгөрсөн арванхоёрдугаар сард хуралджээ. Энэ талаар НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа “ӨЭМТ-ийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу 8000 хүн амд нэг өрхийн эмнэлэг байгуулах ёстой. Гэтэл шинэ хороодын дийлэнх нь 5000-6000 хүн амтай байна. ӨЭМТ нь төрийн өмчид суурилан төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага. Нэг иргэнд ногдох зардлыг тарифаар тооцсон санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хүн амын тоо нь хүрэхгүй тохиолдолд санхүүжилт сайн авч чадахгүй, багаж, тоног төхөөрөмж, байрны хүрэлцээнд хүндрэл үүснэ. Үүнээс болж иргэддээ хүрч үйлчилдэггүй, чанаргүй өрхийн эмнэлгийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. 

Тиймээс ӨЭМТ байгуулах ажлыг зохион байгуулахгүйгээ холбогдох албаныханд хэлсэн. Нөгөөтээгүүр, ӨЭМТ-ийг шинээр зохион байгуулахын тулд стандартад нийцсэн байр, тоног төхөөрөмж шаардагдана. 10 мянгаас дээш хүн амтай хороодод ӨЭМТ байгууллаа гэхэд ашиглах байр, тоног төхөөрөмж байхгүй” хэмээв. Холбогдох дүүргийн ЗДТГ-ынханд НЭМГ-аас 10 мянгаас дээш хүн амтай хороодыг өрхийн эмнэлгийн байр, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг эхний ээлжид шийдвэрлэх шаардлагатайг уламжилсан аж. Боломжгүй бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд шинэ хороодын дэргэд байр, гудамж хариуцсан эмч, сувилагч ажиллуулах, эмчийн үзлэг, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг яаравчлан зохион байгуулж, цаашид үйл ажиллагааг нь шат дараатай өргөжүүлэхээ мэдэгджээ. Үүний дагуу өдгөө зарим хороод байрныхаа нэг өрөөнд 2-3 эмч ажиллуулж, үзлэг хийж буй гэнэ.

СОНГУУЛИЙН ЖИЛ ШИНЭ ХОРОО БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОДОГ

Энэ онд Баянгол, Баянзүрх дүүргийн 10 мянгаас дээш хүн амтай хоёр хороог хуваан, шинээр дөрвийг байгуулах болсон. УИХ-ын ээлжит сонгуулийг энэ оны зургадугаар сард явуулна. Гэвч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4.5-д ээлжит сонгуулийн жил шинээр баг, хороо, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгахыг хориглоно хэмээн заасан байдаг. Дээрх шийдвэр хууль зөрчиж буй тул Баянзүрх дүүргийн хувьд шинэ хороо байгуулах ажлыг түр хойшлуулсныг ЗДТГ-ын ажилтан нь хэлсэн. Харин Баянгол дүүргийн I, IV хороог хувааж, шинээр хоёрыг байгуулжээ. Тус дүүргийн XX хорооны иргэн Б.Энхцэцэг “Манайх IV хороонд харьяалагддаг байсан. Өнгөрсөн гуравдугаар сард шинээр байгуулсан XX хорооны иргэн боллоо. 

Иргэний үнэмлэхээ ч шинэ харьяаллын дагуу захиалж авсан. Одоогоор урьд нь харьяалагдаж байсан хорооны өрхийн эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авч буй. Ирэх зургадугаар сард шинэ хорооны өрхийн эмнэлэгт үйлчлүүлэх боломжтой гэсэн” хэмээв. Баянгол дүүргийн хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Анхбаярын хэлснээр хоёр шинэ хороог нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулсан гэнэ. Тэрбээр “Ажилтнуудаа хуваарилж, хороодын үйл ажиллагааг нь жигдэллээ. I хорооны иргэд гурван жилийн өмнө байгуулсан жишиг өрхийн эмнэлгээрээ үйлчлүүлж буй. Харин IV хорооныхон ирэх зургадугаар сараас шинэ өрхийн эмнэлгээс үйлчилгээ авах байсан ч “Ковид-19”-өөс шалтгаалж, ажил нь түр цалгардсан” гэж байлаа. Иргэн Б.Энхцэцэг ирэх сонгуульд аль харьяаллын дагуу оролцохоо сонирхож, сонгогчдын нэрсийн жагсаалтын бүртгэлээс шүүж үзэхэд шинэ хорооны харьяаллаар саналаа өгөхөөр тусгасан байсан гэнэ.

Шинэ хороодыг байгуулан ажиллуулж буй ч байр, өрхийн эмнэлгийг нь барьж, энэ ажил цэгцрэх хүртэл хэдий хугацаа зарцуулах бол. Тэр хүртэл иргэдэд ээлтэй эл төлөвлөгөө замхрах вий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)