“Шинэ жил”-ийг гэр бүлийн баяр байлгах хэвээр үү

“Сүх далайтал үхэр амар”. Өвөг дээдэс маань өөрсдийгөө сайтар таньж мэдсэн, үхэр шиг мангардуу байж болохгүй шүү хэмээн хойч үедээ сануулж, захиж сургасан нь энэ биз ээ. Хэзээ, аль зуунд ийм үг гарсныг мэдэхгүй. Гэхдээ өнөө хэр хүчинтэй хэвээр байх нь монголчуудын дийлэнх олонхын зан авир, хандлага нь төдийлөн өөрчлөгдөөгүйг нотлох шиг. Дэлхий даяар цар тахал намжаагүй, түгшүүртэй хэвээр байхад манай улсад энэ тухай хэдийн мартсан мэт, ер юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Энэ бол эмч нарын ач.

...Намар хариагүй байхад шинэ жилийн баярын тухай зар, мэдээлэл түгээж, олны цаг зав, ажиллах эрч хүчийг сорон мөлжихөөр зэхэж буй “дайснууд”-д бууж өгөлгүй, өөр өөрсдийнхөөрөө амар тайван, ар гэр, үр хүүхдээ аюулт өвчнөөс сэргийлэх талд оюун ухаанаа төвлөрүүлэн аж төрөх юм шүү...

Өдийд, намрын адаг сарын эхэнд энд тэндгүй “Манай ресторан шинэ жилийн баяр тэмдэглэх захиалга авч байна. Байгууллага, хамт олонд хөнгөлөлттэй”, мөн “Шинэ жилийн баярын захиалга аваад дуусах тийшээ хандаж байна. Яараарай, хоёр, гуравхан өдрийн боломж байна” гэх зэрэг зар явуулж байна. “Шангри-Ла”, “Комеди клаб” гээд захаас нь нэрлэж болно. Бизнесийн байгууллагууд ийм эртнээс баярлаж, цэнгэх дуртай хүмүүсийн эмзэг цэгт хатгаж, дур хүслийг нь бадраагаад эхэлжээ. Арваад жилийн өмнө гэхэд шинэ жилийн баярын холбогдолтой зар, сурталчилгааг арванхоёрдугаар сар гарахад явуулж эхэлдэг байсан. Сүүлийн жилүүдэд наашлуулж, арваннэгдүгээр сарын сүүлчээр энэ төрлийн мэдээлэл түгээдэг болсон. Гэтэл энэ жил цар тахал нөмрөхөөс өмнө ууж, идэж, бүжиглэж, баясаад аваарай гэх шиг аравдугаар сард баярын ширээ, заал, танхим захиалахыг санал болгож эхлэв. Зурагт, радио, FM, сошиалд энэ төрлийн мэдээлэл, зараар байнга “бөмбөгдөхөд” хүмүүс аяндаа уур амьсгалд автан сэтгэл санаа нь тэр зүгт хандаад ирнэ. Он солигдох мөч хүртэл хоёр сар илүү хугацаанд нийтээрээ, нийгмээрээ гэгэлзэх болох нь. Ийм сэтгэл зүй ажлын бүтээмжид муу нөлөөтэй.

Эрх чөлөөт нийгэмд хэн юугаа хийх нь дур. Ялангуяа бизнесийн байгууллагынхан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайтар сурталчилж, “цоллон” байж борлуулахыг хичээх нь зүй. Нөгөө талаас хэрэглэгч, үйлчлүүлэгчид гэдэг соёл иргэншилт нийгмийн ухамсар, ёс суртахуунтай иргэдийн хувьд тэрхүү сурталчилгааны давлагаанд автан хөлөө хүрэх газарт очин баярлаж цэнгэн туйлшрахгүй байж болох цаг үе тохиож буйг ойлгомоор. Шинэ коронавирусийн халдварын аюул хажууханд байна. Өнөөдөр манай улсад тусгаарлалтад 3700 гаруй хүн бий. Гадаадаас тусгай үүргийн онгоцоор иргэдээ авчирсаар байна. Сүүлийн үед энэхүү онгоцоор ирсэн зорчигчдоос коронавирусийн халдвартай хүн цөөн ирэх болсон нь үнэн ч дэлхийн байдал эргээд хурцдаж эхэлж буйг анзаарах, анхаарах хэрэгтэй сэн.

Хойд хөршид энэ төрлийн вирусийн халдвар эрс нэмэгдсэн талаар мэдээллийн агентлагууд нь дурдаж байна. Зарим улсад амны хаалтын дэглэмийг сэргээж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлав. Төр, засгаас нь улсынхаа нийт иргэдэд хандан дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг сануулсаар байна. Нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг тэвчиж болох хэмээн тодотгон, хойш тавьсаар байгаа. Мөн ойрын харилцаат Япон Улсад коронавирусийн шинэ тохиолдол өдөрт дунджаар 400-гаар нэмэгдэж байна. Тэндээс мөн монголчууд эх орондоо ирсээр байгаа билээ. Итали улсад халдвар шинэ түвшинд дахин сэргэснийг Засгийн газар нь зарлаж, шаардлагатай тохиолдолд дахин улс даяар хөл хорионы дэглэмийг сэргээх болно гэж мэдэгдэв. Дуурийн дэлхийн од Э.Амартүвшин Милан хотын алдарт “Скала” театрт таван үдэш “Аида” дуурьт дуулсны эцэст 14 хоногийн тусгаарлалтад оров. Түүнтэй хамтран дуулж байсан тенор хоолойт дуучнаас коронавирус илэрсэн тул бүрэлдэхүүнд нь ажилласан уран бүтээлчдийг бүгдийг тусгаарлажээ. Аль ч тивд байдал муу тийш хандаад байхад манайхан л “Шинэ жилийн баяраа тэмдэглээрэй. Яараарай” гэсэн шигээ хэнэггүйтэх ажгуу.

Түрүү жилийн арванхоёрдугаар сард бид “Шинэ жилийн баярыг гэр бүлийн л баяр байлгая” хэмээн бичсэн. Олон хүн уншиж, санал, сэтгэгдлээ харамгүй хуваалцсан юм. Сошиалд ч бусдадаа дамжуулж уншуулсан нь олон. Тэр үед бүгд “Зүйтэй. Энэ бол гэр бүлийн баяр. Аль ч улс оронд эцэг, эх нь хүүхдүүдээ баярлуулдаг уламжлалтай. Манайд л жилийн ажлаа тайлагнах, дүгнэх, сайчуудаа шагнаж урамшуулах далимаар ууж, иддэг, “албан” шинж чанартай архидалт болгон хувиргасан байдаг. Энэ бол тун буруу жишиг” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлж байсан. Байгууллага бүр шинэ жилийн баяр тэмдэглэж, харилцагчдаа урьж залдаг болохоор нэг хүн дунджаар долоогоос найман хамт олны баярт очдог. Үүнд хамгийн гол нь цаг хугацаа их зардаг. Тэр хэрээр гэрт буй хүүхэд, хөгшид нь эзгүйдэж, гэр бүлийн, халуун ам бүлийн бүлээн дулаан харилцаа хумигдах нэгэн шалтгаан, сөрөг үр дагавар болдог талтай. Зарим аав, ээж бага насны хүүхдүүдээ гэртээ цоожлоод баярт явдаг. Ингэх нь эрсдэлтэй. Манай улсад л насанд хүрэгчид ийнхүү авирладаг, үүнийгээ хэвийн зүйл хэмээн санадаг. АНУ-д гэхэд 13 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь гэрт үлдээх хуулиар хориотой. Түүнээс дээш насныхыг бол өдөрт нэг цагаас илүүгүй хугацаагаар гэрт нь байлгаж болдог. Тус улсад хүүхдийн аюулгүй байдлыг ингэж хамгаалдаг.

Шинэ жилийн баярыг гэр бүлийнх байлгахын учир, ач холбогдол юу вэ. Дээр дурдсанчлан юуны өмнө эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал илүү хандуулна. Нас нэмж, өсөн торниж буй охид, хөвгүүдийнхээ санаа бодол, хүсэл мөрөөдлийг тандах, хэнтэй найзалж, нөхөрлөн, хэнийг үлгэр дуурайлаа болгож, эсвэл сөрөг нөлөөлөлд нь автаж байгааг анзаарч болох үе нь оны эцсийн арванхоёрдугаар сар, улмаар шинэ жилийн баяр юм. Гэртээ гэр бүлийн концерт зохион байгуулж болно. Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдээ хөгжмийн, балетын, оюун ухаан хөгжүүлэх, төрөл бүрийн спортын гэх зэрэг сургалтад өргөнөөр хамруулдаг болсны хэргийг чухам шинэ он угтах хөвсөлзөж, гэгэлзсэн өдрүүдэд гаргаж, юу сурсныг нь мэдэж болно. Хүүхдүүд ч дуртай байдаг. Гэр бүлийн тэр концертдоо багачуудынхаа найзуудыг урьж, хамтран дуулуулж, бүжиглүүлж, хөгжим тоглуулж болно. 

Энэ мөч хүүхдийн сэтгэлд үүрд хоногших бөгөөд аав, ээждээ ихэд баярлах болно. Бас орчин үеийн, эсвэл уламжлалт тоглоом, наадгайгаар хамт тоглож хөгжөөхөд мөн л хүүхдүүдийн бяцхан тархи хөгжиж, танин мэдэхэд нь тустай. Өвөө, эмээг нь оролцуулсан арга хэмжээ зохион байгуулж болно. Гэр бүлийн нас насны гишүүд хамтдаа ийнхүү хөгжилдөх зуур хэн хэн нь бусдынхаа талаар мэдээлэл, мэдлэгээ нэмэх бөгөөд цаашдын амьдралдаа баримтлах чиг хандлагаа өөрчлөхийг ч үгүйсгэхгүй. Хүүхдүүд том болсон нь харагдана. Харин хөгшид өмнөхөөсөө доройтсон нь мэдэгдэнэ. Тэдэндээ санаа илүү тавьж, асаргаа, сувилгаа талд дутуу, дундуур зүйл байвал гүйцээх ёстойг ойлгоно. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь энэ мэтчилэн олныг шийдвэрлэхэд тустай. Шинэ жилийн баярын утга үүнд байдгийг бид уламжлалаасаа мэддэг. Гадаад орнуудын гэр бүлийн амьдралаас ч хардаг. Тийм болохоор түрүү жилийн арванхоёрдугаар сард нийтлэлийн мөрөөр хоорондоо юу ярилцаж, ямар санаа оноо уралдуулж байснаа санан, намар хариагүй байхад шинэ жилийн баярын тухай зар, мэдээлэл түгээж, олны цаг зав, ажиллах эрч хүчийг сорон мөлжихөөр зэхэж буй “дайснууд”-д бууж өгөлгүй, өөр өөрсдийнхөөрөө амар тайван, ар гэр, үр хүүхдээ аюулт өвчнөөс сэргийлэхэд оюун ухаанаа төвлөрүүлэн аж төрөх юм шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)