Шинэ вирусийн ген өөрчлөгджээ

Коронавирусийн халдвар “Ковид-19” өвчний “SARS-CoV-2” вирусийн генд анхны томоохон өөрчлөлт орсныг Сингапурын молекул биологчид илрүүлжээ. Өөрчлөгдсөн хувилбарт анхны дээжүүдэд илэрсэн 382 нуклейн хүчил байгаагүй аж. Эрдэмтдийн таамаглаж буйгаар өөрчлөгдсөн ген дархлааны хувьд ажиглагдах нь бага учраас хүний биед дасан зохицохдоо сайн болсон. Үүний нөгөөгөөр уг вирусийн эсрэг идэвхтэй тэмцэхийн хэрээр түргэн тархдаг болсон байж магадгүй гэнэ. “BioRxiv” шинжлэх ухааны цахим номын санд нийтэлсэн судалгаанаас үзвэл Сингапурт халдвартай бүх хүнээс авсан дээжийг шинжлэхэд өвчтөнүүдийн олонх нь вирусийн шинэ хэлбэрээр өвчилсөн байжээ.

Ням гарагт Улаанбаатарын 14.00 цагийн байдлаар шинэ вирусийн халдвар бүртгэгдсэн улс болон нутаг дэвсгэрийн тоо 152-т хүрсэн байна. Халдвар авсан тохиолдол Хятад (20), БНСУ (76), АНУ (52), Норвег (хоёр), Австрали (нэг), Венесуэл (найм)-д бүртгэгдлээ. Тийнхүү өнгөрсөн хоногт халдвар авсан хүний тоо 156 760-д хүрснээс 5839 нь нас барж, 75 937 өвчтөн эдгэрчээ.

Коронавирусийн тархалтын оргил үе өнгөрсөн хэмээн зарласан Хятадад ням гаргийн байдлаар халдвар авсан хүний тоо 80 844-т, нас барсан хүний тоо 10-аар өсөж, 3199 болсон бол 66 913 өвчтөн эдгэрсэн байна. Харин Италид халдвар авсан хүний тоо 21 157-д, нас барсан нь 1441 хэвээр, 1966 өвчтөн эдгэрсэн гэнэ. Иранд өөрчлөлт гараагүй буюу халдвартай 12 729, нас барсан 611, эдгэрсэн 4339 тохиолдол хэвээр байжээ. Хятадаас гадна вирусийн тархалт буурч байгаа БНСУ-д халдварын тохиолдол 8162-т, нас барсан хүн гурваар өсөж, 75-д хүрсэн бол 834 өвчтөн эдгэрэв. Японд халдвар авсан хүний тоо 804, нас барсан нь 22 болсон бол 144 хүн эмнэлгээс гарчээ. Тус улсад шинэ вирус тархах аюулын улмаас онцгой байдлын дэглэм зарлах шаардлагагүй гэж Ерөнхий сайд Шинзо Абэ нь үзсэн байна. Ойрын үед Японы мэргэжилтнүүд өдөр тутам шинэ вирусийн 6000 гаруй тест буюу шинжилгээ хийдэг болох гэнэ.

Манай хойд хөрш ОХУ-д халдвартай хүний тоо 59 болж, найман өвчтөн эдгэрсэн байна. АНУ-д үндэсний хэмжээний онцгой байдал зарлаж, вирустэй тэмцэхэд 50 тэрбум доллар зарцуулж, зарим муж улсад дунд сургуулиудаа хааж, томоохон цуглаан, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглов. Тус улсад халдварын 2995 тохиолдол бүртгэгдэж, 60 хүн нас баржээ. “Apple” компани Хятад дахь 42 дэлгүүрээ бүгдийг нээж, тус улсын гадна орших дэлгүүрүүдээ хоёр долоо хоногийн хугацаатай хаасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)