Шинэчлэлийн шуурганд шинээрээ хаягдаж буй сурах бичгүүд


Угаас Монголын боловсролын систем доголдолтой байгаа. Дунд сургуульд олж авсан мэдлэг нь амьдралд бараг хэрэг болдоггүй, дээд мэргэжил эзэмшээд ч “дипломны гол” гэж адлуулах болсон. Дэлхийн чиг хандлагаас хэдэн арван жилээр хоцорч яваа системийн завхралаа арилгах гэж манайхан хичээж буй ч дорвитой үр дүн харагдахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг 2004 оноос дөрвөн жил тутам шинэчлэх нэрээр ямар балаг тарьснаа мэдэж байна уу, БСШУСЯ-ныхаан. “Нийгэм, эдийн засгийн хөгжлийн давлагаа, ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, тогтолцооны өөрчлөлт нь сургалтын хөтөлбөрийг шинэчлэхийг шаардаж байна” хэмээн ярьдаг ч ачир дээрээ ам, ажил хоёр чинь алд, дэлэм зөрж ирэв. Цаг үеэ дагаад сургалтын хөтөлбөрүүдийг өөрчилж, шинэчлэх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ 2011 онд хэвлэсэн сурах бичгээ шинэчлэл нэрийн доор 2018 онд тэр чигээр нь хуулж, тараах хэмжээнд хүртлээ дампуурчээ.

Сүүлийн жилүүдэд сурах бичгүүдийг шинээр хэвлүүлж, сургуулиудад тараах болсноор хэрэглээнээс гарсан хуучин номуудыг улсын хэмжээнд агуулах сав олдохоо байжээ. Нийслэлийн Өмчийн харилцааны газар (НӨХГ) төр, захиргааны байгууллагуудын акталсан хөрөнгийг татан төвлөрүүлж, хоёрдогч түүхий эд худалдан авдаг үйлдвэр, хувь хүмүүст борлуулах замаар олсон мөнгөө нийслэлийн төсөвт эргүүлэн тушаадаг. Тус газрын гурван агуулах хэрэглээнээс гарсан сурах бичгүүдээр дүүрэв. НӨХГ-ын Татан төвлөрүүлэх төвийн нярав Ц.Баярсайханаас энэ талаар тодруулахад “2016-2017 онд сургуулиудаас татсан сурах бичгүүдийг борлуулж чадаагүй. Тиймээс энэ жил ном хурааж аваагүй. Багтааж шингээх зай ч алга. Хариуцсан яам нь зөвшөөрсөн, ашиглахгүй болсон номуудаа сургуулиуд өөрсдөө устгана биз. Жилд дунджаар 30-40 тонн ном хаягдаж байна. Сурах бичгийн бизнес хэрээс хэтэрч байгааг үүнээс харж болохоор. Бодит байдлыг хажуунаас нь харж суугаа надад үнэхээр харамсалтай санагддаг. 

Төрийн мөнгөөр ингэж тоглож болохгүй шүү дээ. 2014 оноос сурах бичгүүдийг хэдэн арван тонноор нь хаях болсон. Хуудсыг нь ч эргүүлээгүй, цоо шинэ, баглаа боодлыг нь ч хөндөөгүй ном хэдэн саяараа байна. Тэгсэн хэрнээ одоо хүртэл сурах бичиг нь дутагдалтай, хүрэлцдэггүй хэвээр. Өмнө нь хуучирч, урагдсаныг нь л түүхий эд болгодог байлаа” гэж ярив. Тус төвд өдгөө 70 орчим тонн сурах бичиг овоолоостой, хаях газар ч олдохгүй, хөглөрч байна. Жил бүр акталсан номуудыг хаягдал цаасны үйлдвэрт тушаадаг байжээ. Харин өдгөө ариун цэврийн цаасны үйлдвэрүүд ч тоож авахаа больсон гэнэ. Учир сурах бичгийн цаас цавуулаг ихтэй, өндөр технологи ашиглаж, дахин боловсруулах шаардлагатай тул ажиллагаа ихтэй хэмээн голох болжээ. Түүнчлэн манай улс солонгос ариун цэврийн цаас их хэмжээгээр импортлох болсонтой холбоотойгоор дотоодын компаниудын орлого хумигдаж, үйлвэрлэлээ эрс багасгасан байна. “Картон цаасны үйлдвэрүүдтэй уулзаж, номуудаа зарах гэж оролдлоо. Өндөгний аж ахуй эрхэлдэг хэдэн компанитай ч бас холбогдсон. Аль аль нь тоогоогүй. Энэ олон сурах бичгийг хэрхэн, яаж устгах учраа олохгүй л байна. 2013 онд нэг тонн сурах бичгийг 100 мянган төгрөг, 2014 онд 70, 2015 онд 50, хоёр жилийн өмнө 25 мянган төгрөгөөр борлуулдаг байлаа. Одоо үнэгүй авах хүн ч олдохгүй нь” хэмээн тэрбээр халаглана лээ.

Ашиглахгүй болсон номуудыг энэ оноос сургуулиудаас татаж авахаа больсонтойгоор холбоотойгоор зарим нь хүнд байдалд орсон тухайгаа ярьж байна. 24 дүгээр сургуулийн номын санч Ц.Отгонсүрэн “Сурах бичгийг жил бүр шинэчилснээр сургуулийн номын санд хүнд ачаа үүрүүлэх боллоо. Манайх уншлагын танхимгүй болсон. Ашиглахгүй болсон ном фондын өрөөнд дүүрэн, хураалттай байна. Тоос, шороо, үнэр танар гэж авах юм алга. Ачуулах гэхээр авахгүй юм. Ийм байхад жил бүр ном шинээр хэвлэх хэрэг байна уу. Намар шинэ сурах бичгүүд ирэхээр хуучнуудыг нь шуудайлаад, хонгилд хураадаг. Заримыг нь арга ядаад шатан доогуураа овоолно. Шинэ сурах бичгүүдээ тараасны дараа дахин оруулж, өрдөг. Одоогоор хэрэглээнээс гарсан 20 гаруй мянган ширхэг ном байна. Нэгдүгээр ангийнх жил бүр шинэчлэгддэг. Зарим сургууль шинэ сурах бичиг хүлээж авдаггүй, урьд жилийнхийгээ ашигладаг. Сүүлийн дөрвөн жилд 6-9 дүгээр ангийнхны бүх ном шинэчлэгдсэн. Энэ онд ахлах ангийнхны сурах бичиг шинээр ирсэн. Улсаас бага ангийнхны номыг үнэгүй, дунд, ахлах ангийнхны сурах бичгийн хэрэглээний 40 хувийг хангадаг гэж ярьдаг ч энэ нь хаанаа ч хүрдэггүй. Манай сургууль 3000 гаруй сурагчтай. Дунд, ахлах бүлгийн нэг ангид 10 ном л тараадаг. Түүнийг нь амьдралын боломж тааруу хүүхдүүдэд өгдөг. Тэгсэн хэрнээ энэ олон номыг хэрэггүй гээд хаяж байгааг үнэхээр ойлгохгүй юм. Багш нар шинэ ном хуучнаасаа дээрдэхгүй агуулгатай гэж ярьдаг. Өмнөх онуудад хэвлэснийг тэр чигт нь хуулчихсан нь ч байна. Жишээ нь, энэ жил шинээр хэвлэж, тараасан нэгдүгээр ангийн Иргэний боловсролын ном 2011 оныхтойгоо яг адилхан. Хавтасны зураг, доторх агуулга, дасгал ажлууд гээд цэг, таслалыг нь хүртэл хуулжээ. 2016 онд бас шинэчилж байсан. Одоо энэ бүхнээ больчих хэрэгтэй. 50 дугаар сургууль хуучин номуудаа өөрсдөө устгасан гэж сонссон. Нягтландаа энэ талаар хэлэхэд “Болохгүй, улсаас өчнөөн мөнгө гаргаж хэвлэсэн. НӨХГ-аар шийдүүлнэ” гэх юм. Манай номын сан 4000 гаруй номтой. Хэрэггүй болсон сурах бичиг үүнээс тав дахин олон” гэж ярив.

Ерөнхий боловсролын сургуулиудаас жил бүр 20 гаруй мянган ширхэг сурах бичиг хаягдаж буйг НӨХГ-ынхан хэлсэн. Хэвлэлийн компаниуд нэг сурах бичгийг 1800-2500 төгрөгөөр хэвлэж, номын худалдаачид сурагчдад 2000-7000 төгрөгөөр борлуулдаг байна. “Өнгөрсөн намар л гэхэд долдугаар ангийн багц ном 70 мянган төгрөгт хүрсэн. Англи хэл, математик гээд гол хичээлүүдийн ном үнэтэй байдаг. Энэ жил 10 ном худалдаж авлаа гэхэд дараа жил нь буцаагаад зарж чаддаггүй. Олонх нь ашиглахаа больсон байдаг. Ченжүүд цөөн хэдийг нь 1000-1500 төгрөгөөр авбал их юм. Дундаж амьдралтай гээд сургуулиасаа ном авч чаддаггүй бидэн шиг хүүхдүүд дунд нь хохирч байна” хэмээн сурагчид ам уралдах хэлнэ лээ.

Шинэчлэлийн шуурганд шинээрээ шахуу хаягдаж буй буй сурах бичгүүдийн хэвлэлтийн зардлыг нь тооцож үзье. Төрийн өмчийн ерөнхий боловсролын 660 сургуулиас жилд 13 сая 200 мянган ширхэг сурах бичиг хаягдаж байна. Тус бүрийнх нь хэвлэх зардлыг дунджаар 2000 гэж үзвэл, нийт 26.4 тэрбум төгрөг салхинд хийсэж байгааг юу гэх вэ. Үүнээс гадна НӨХГ-ын Татан төвлөрүүлэх төвийн агуулахад буй өчнөөн сая (нарийн тоо гаргаагүй) ширхэг сурах бичгийг нэмж, тооцвол талийж өгөх нь дамжиггүй. Үйлдвэрийнх үнээр бодоход л ийм байна. Жил бүр ийм хэмжээний үнэ ханшаар бүтсэн ном хог дээр хаягдаж, ариун цэврийн цаас ч болж чадахгүй байхад хэдий болтол тэрбум тэрбумаар нь галд шатааж, газарт хийсгэх гэсэн юм бол. Хуучин номоо хуулж, тараачихаад үүнийгээ шинэчлэл гэж ярьж суух нь хэр зохистой вэ. Нэгдүгээр ангийхан юу ч мэдэхгүй гээд ингэж “маллаж” болох уу. Өчнөөн тэрбум төгрөгөөр, сая саяар нь хэвлэж тараачихаад хаяж, ялзруулдаг бид тийм баян улс уу. Сургалтын хөтөлбөрийг ойр ойрхон шинэчилж, эхнийхийг нь мөрдөж амжаагүй байтал шинэ сурах бичиг шахаж байгаа нь хэн нэгний бизнес гэдэг нь тодорхой. “Бүх шатны сургалтын хөтөлбөрүүдийг үнэлэх, сайжруулах, бодлогын хувьд залгамжлах чанартай болгох” эрхэм зорилготой боловсролын шинэчлэл хүүхдүүд, эцэг, эхчүүдийг хөлдөө чирж, улсын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа нь юутай харамсалтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)