Шинэчлэгдэх шинж алга

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 25- нд хуралдах сурагтай. Сурагтай гэсэн нь учиртай. Монголын улс төрийн хамгийн нөлөө бүхий хүчин сонгуулийн ялагдлын шокноосоо гараагүй шахам байхдаа зарласан гүйцэтгэх дээд байгууллагынх нь хуралдаан хаагдахгүй, үргэлжлэхгүй, хагас дутуу нээсэн байдалтайгаар бүтэн сарын нүүр үзэж байна. Энэ зуур ҮЗХ-ны хуралдаан төдийд, өдийд болно гэх мэдээлэл нэг бус удаа дуулдаж байсан ч биелээгүй.

Хагас сарын дараа ч тус хуралдаан болно гэдэгт итгэх хүн тийм ч олон алга. Нам дотроо улс төрөөс гадна эдийн засаг, эрх ашиг гээд олон зүйлээрээ бүлэглэн “дайтаж”, ил цагаан хэрэлдэж, “хутгалалцдаг”, бүр Засгийн газраа унагаснаа ч “ардчилал” хэмээн сайрхдаг АН-ынхны хувьд ҮЗХ-ны хуралдааны тодорхойгүй байдал нь ч бас эрх чөлөөгөө мэдэрч буй хэрэг үү.

Тов нь тодорхойгүй хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаарх гишүүдийнх нь байр суурь ч нэгдээгүй байгаад хамаг учир бий бололтой. Өөрөөр хэлбэл, АН-ынхан гүйцэтгэх дээд байгууллагынхаа түвшинд шинэчлэгдье гэж чин сэтгэлээсээ нэгдэж чадахгүй байна. Уг нь сарын өмнө эхлүүлсэн ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд нь тун тодорхой.

2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон талаар мэдээлэл сонсож, АН-ын даргыг томилох, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсэг байгуулах, VI их хурлын тов зарлах болон их хурлын бэлтгэл хангах, АН-ын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулах зэрэг тоотой хэдхэн асуудлыг хэлэлцэх ёстой.

Хуралдаан эхэлсэн өдөр хаалттай хаалганы цаана сонгуулийн үр дүнгийн талаар ярилцахдаа нөлөө бүхий гишүүд нь бие биенээ хэл амаар доромжилж, Засгийн газраа унагахад оролцсон нөхдүүдтэй хариуцлага тооцно гэж сүржигнэхээс хэтрээгүй тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Үндсэндээ АН-ыг аврах, шинэчлэх гэсэн тодотголтой хөдөлгөөнүүдийн төлөөллийн үгийг сонсож, их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 6-нд гэж товлосноос өөр зүйлгүй гэхэд болно. Их хурлаар үндсэн дүрмээ шинэчилж, намын даргаа сонгоно. Ингэхдээ “Үзэл баримтлалаа тодруулж, гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг, нээлттэй нам болохоор дүрмээ өөрчилнө” гэж буй.

Гэвч үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг өнөө хэр байгуулагдаагүй. Харин саяхан Хэрэг эрхлэх газраас нь намын шинэчлэлийн асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийг голдуу шинэчлэлийн гэх хөдөлгөөний залуусаас бүрдүүлэн байгуулсан байна лээ. Энэ бол ҮЗХ-ноос байгуулах ёстой АН-ын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл бэлтгэх ажлын хэсэг биш.

Уг нь АН-ынхан хөгшин, залуу гэлтгүй намаа сууриар нь шинэчлэх ёстой, өнгөц, “пластик мэс засал” шиг өөрчлөлтөөс зайлсхийе гэж байгаа. Энэ хүрээнд намын үндсэн дүрмээ шинэчлэхээр санал нэгдсэн мэт харагдаж байсан. Тэгж яривал шинэчлэлийн хөдөлгөөнийхөн шинэчлэлийн, тэр дундаа үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслөө хэдийнэ боловсруулж, гол агуулгыг нь шаардлага хэлбэрээр хүргүүлээд байсан.

Гэтэл ҮЗХ-гоо ажил хэрэгчээр хуралдуулж, дээрх ажлын хэсгийг албан ёсоор байгуулахын оронд “Шинэчлэлийн асуудлаар санал боловсруул” гэсэн хэт ерөнхий үүрэг бүхий ажлын хэсгийг хөдөлгөөний хэдэн залууст ацагласан нь АН-ынханд, удирдлагуудад нь шинэчлэгдэх чин хүсэл бий, эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.

Өөрөөр хэлбэл, АН-ынхан дараагийн дарга, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хэн байх вэ гэдэгт л шүлэнгэтэж байх шиг. ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар намын даргаа тодруулж, их хурлаараа батламжилна гэж буй тул АН-ын нөлөө бүхий фракцууд, тэдгээрийн толгойлогчдын хувьд шинэчлэлийн асуудал “цаашаа” болж байна гэлтэй.

Тухайлбал, “Алтангадас”-аас Я.Санжмятав, “Шонхор”- оос С.Эрдэнэ, МҮДН-ээс Д.Эрдэнэбат, МоАН-аас Л.Болдыг намын даргад нэр дэвшүүлнэ гэх сураг хэдийнэ дуулдах болсон. Мөн Э.Бат- Үүл, Р.Амаржаргал нарын нэрс ч сонсогдож буй. Тэд ямар ч хамаагүй аргаар намын удирдлагыг гартаа авчихвал өөрсдийн өнгө аяст нийцүүлэн шинэчилж болно гэж бодож байгаа нь илт. Тиймээс ч АН-ынхан фракц фракцаараа хотоос зайдуу, аялж, зугаалангаа “хор найруулж” явна. АН-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Д.Эрдэнэбат гэхэд л Багануурт хувийн амралтандаа уулзалт зохион байгуулсан сурагтай.

Ийнхүү шинэчилнэ, өөрчилнө, хариуцлага хүлээлгэнэ гэх сүржин хэрнээ барих нь бүү хэл, имрэх ч зүйлгүй битүү, бүрхэг үйл явц АН-ын дотор өрнөж байна. Даргын асуудлыг дараагийн, бүр дараагийн асуудал гэж харан, шаардлага хүргүүлсэн, хүлээн авсан АН-ынхан ажил хэрэгчээр хамтарвал шинэчлэлийг чухам хаанаас эхлэх, хэрхэн тодорхойлох нь тийм ч түвэгтэй биш баймаар.

Учир нь АН-д шинэчлэл зайлшгүй гэдэг нь эргэлзээгүй. Хуучин дарга нь өргөдлөө өглөө гээд одоогийн суурин дээр өөр хэн нэгнийг тавьснаар юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг хаана хаанаа ойлгож байгаа. Албан тушаал, дарга тойрсон эргүүлгийг сөрөх амаргүй. Гэвч үүнийг сөрөх л ёстой. АН-д үүнээс өөр зам үгүй. Харамсалтай нь одоогоор шинэчлэгдэх шинж ч алга, тэдэнд. Тэдэнд дараагийн сонгууль хүртэл дөрвөн жил байж болох ч дэндүү алгуурлаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)