Шинэчилсэн “АН-2”-ыг ирэх сард нисгэнэ

1990-ээд онд ашиглаж байсан, өдгөө жагсаалаас гарсан 20 ширхэг АН-2 онгоц манай улсад байдаг аж. Тэдгээрийг засаж, зах зээлд гаргахаар ажлын хэсэг байгуулжээ. ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, нисгэгч, инженер Т.Батжаргал ажлын хэсгийг ахалж байна. 

Тэрбээр “ОХУ хуучин “АН-2” онгоцнуудынхаа их бие, хөдөлгүүрийг засаж, амжилттай ашиглаж эхэлсэн. Бид Новосибирск хотын инженерүүдээс санаа авч, энэ онгоцнуудаа засаж, сэлбэж байна. Уг ажил амжилттай яваа. Ойрын хоёр жилд 20 онгоц ашиглалтад оруулах зорилт тавьсан” гэлээ. 

Монгол инженерүүдийн угсарч буй онгоцыг ирэх сард нисгэх аж. Бүр тодруулбал, МИАТ-ийн Агаарын хөлгийн завсар, үйлчилгээний газрын инженерүүд хуучин хоёр онгоцны их биеийг засаж, АНУ-аас оруулж ирсэн сэнс, хөдөлгүүр нэмж угсарчээ. Уг хөлгийг ой, хээрийн түймэр унтраах, шүхэрчдийг хэрэгцээтэй газарт нь буулгах, газар тариалангийн хөнөөлт шавж устгах зэрэгт ашиглах юм байна. 

Богино зайд бууж, хөөрөх боломжтой уг онгоцны сэлбэг элбэгээс гадна ашиглалтын зардал бага гэнэ. Керосиноор цэнэглэдэг эдгээр агаарын хөлөг алслагдсан аймаг, сумдад шуурхай хүрэх, цагт 230 км цагийн хурдтай нисэх хүчин чадалтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)