“Шинь шинь”-ийнхэнд гурав дахиа эрүүгийн хэрэг үүсгэжээ

- Дашбалбар сумын хөрс химийн хорт бодисоор бохирдож байна –

БНХАУ-ын төрийн өмчийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийнхан Монголын байгаль экологид хор хохирол учруулсаар байгааг дахиад л сөхөж тавихгүй бол болохгүй нь. Дорнод аймгийн Дашбалбар сумын нэгдүгээр багийн нутагт орших Улааны холимог металын орд газарт тус компани үйлдвэр байгуулаад нэлээд хэдэн оныг үдэж буй.

Гэхдээ тэнд Монгол Улсын эдийн засаг, ирээдүйд нэмэр болох Эрдэнэт, Оюутолгойнх шиг үйлдвэр, уурхай бий болгосонгүй. Хэдэн сэндвичин байшинг эс тооцвол дорвитой бүтээн байгуулалт нэгээхэн ч үгүй. Хятадууд алтыг нь аваад авдрыг нь хаяад явах нь эргэлзээгүй. Тэгэхдээ зүүн хязгаарт хүн, мал амьдрахын эцэсгүй болтол хордуулж орхиод, ургамал амьтан ч үгүй болгоод орхих нь.

Яагаад ингэж хардах болов гэхээр “Шинь шинь”-ийнхэн Улааны ордод уурхай байгуулахдаа “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр химийн бодисын хаягдлын далангаа байгуулахдаа чанаргүй, амархан урагддаг плёнк дэвссэн нь газрын хөрс рүү дахиад хор алдагдахад хүргэжээ.

Хүний хөлөөс зайдуу, харуул хамгаалалттай бүс ч гэлээ адуу мал тэр уурхайн орчмын газарт өвсний соргог, бэлчээрийн сөл шимийг даган идээшилдэг. Өнгөрсөн зун нэгэн эрэлчин бэлчээр даган одсон адуугаа хайж яваад “Шинь шинь”-ий уурхайн дэргэд тогтсон усаар гараа угаатал нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжаас дутахгүй өмхий үнэртсэн гэнэ.

Эртнээс нааш байгаль дэлхийгээ хайрлаж ирсэн монгол уламжлалаа умартаагүй хөдөөх эр тэр даруйд нь цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынханд мэдээлэл хүргүүлсэн аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цацрагийн хяналтын албаныхан газар дээр нь очиж шалгажээ. Уг шалгалтаар шинээр тавьсан гэх хаягдлын далан нь дахин цоорч, хөрсөнд ус нэвчиж буй нь тогтоогдсон талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.

Тиймээс Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс тус компанийн удирдлагад гурав дахь удаагаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Харамсалтай нь, Монголын хуулийг удаа дараа уландаа гишгэж буй хятадууд дорвитой арга хэмжээ авахгүйгээр үл барам, байгальд шингэж байгаа усыг соруулаад буцааж хаягдлын далан руу асгаж байгаа гэх мэдээлэл ч байна.

Нэгэнт доошоогоо, хөрс рүү шингээд нэвчин гарч ирж буй химийн хортой усыг шүүрэн шанага шиг болсон хаягдлын далан руу хийгээд нэмэр байгаа ч юм уу гэх нутгийн иргэд, малчид, тэнд ажилладаг монгол ажилчид олон байна. Хаягдлын далангийн шүүрэл даамжирч, Дашбалбар сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрийн багагүй хэмжээний хөрс химийн хорт бодист хордоод байхад дуугүй суусаар байх гэж үү.

Зах хязгаар нутагт хятадууд дураар дургиж, чанаргүй материалаар хаягдлын далан байгуулаад зогсохгүй, уурхайгаа улсын комисст хүлээлгэн өгөөгүй атлаа дахин олборлолт явуулж эхэлсэнийг юу гэж ойлгох вэ. Монголын төрийг, хууль цаазыг үл ойшоож, байгаль орчныг хордуулж, хүн малын эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулсаар байгаагаа юман чинээ үл тоож буй хятадуудад хариуцлага тооцох цаг болоогүй гэж үү.

2015 оны долдугаар сард тухайн үеийн Уул уурхайн сайд Р.Жигжид, АМГ-ын удирдах албан тушаалтнууд багтсан ажлын хэсэг “Шинь шинь”-ийн үйл ажиллагаатай танилцахаар Дорнодод очсон. Тэгэхэд Бээжингээс ирсэн захирлууд нь “Хаягдлын далангийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгээд өгчихвөл баяжуулах үйлдвэр ажиллахад бэлэн” хэмээж байсан.

Түүгээс зогсохгүй “Өмнөх удирдлагууд суваг татан түүн дотор зузаан хальс дэвссэн нь ашиглалтын явцад сэтэрч, газрын гүн рүү шүүрсэн. Харин бид судалгаа хийж, сувгийг шинээр татаж, хуримтлалын цооног байгуулан бүх зүйлийг зураг төслийн дагуу гүйцэтгэж байгаа. Цооногийн болон сувгийн бетон ханыг өндөр чанарын цементээр цутгаж, завсар зайг нь шингэн бетоноор чигжин бэхэлгээ хийсэн тул шүүрэх асуудал дахиж гарахгүй” хэмээсэн.

Гэтэл ам ажил хоёр алд дэлэм зөрж, дахиад химийн хорт бодистой ус шүүрч эхэлсэн нь Уул уурхайн сайд асан Р.Жигжидийг ч бус, Монголын төрийг хуурсны нэг илрэл гэлтэй. Тухайн үед Уул уурхайн сайд далд уурхайн үйл ажиллагаатай танилцахыг хүсэж, амыг нь нээхийг хятадуудаас шаардахад “Түлхүүрээ авчирсангүй” хэмээн асуудлыг дүйвүүлж байсан нь бий.

Түүний дараа компанийн удирдлагууд “Бид алдаагаа зассан, ашиг олоход минь саад бүү болооч, нэгэнт оруулсан хөрөнгөө эргүүлж олж авмаар байна” гэх утгатай зүйл ярьж байсан билээ.

Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ гэх ардын үг бий. Түүнтэй адил “Шинь шинь”-ийнхэнд ямар ч үг хэлээд хууль, журмаар далайлгаад тусыг эс олж байгаа жишээ олон. Тухайлбал, хамгийн анх 2011 онд “Шинь шинь” компанийн удирдлагад хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Байгаль орчинд хор хохирол учруулсан, хууль бусаар цацраг идэвхт ашигт малтмал олборлон хилээр гаргасан, татвараас зайлсхийсэн, хуурамч материал бүрдүүлж төрийн албан хаагчдад хахууль өгсөн байж болзошгүй зэрэг олон үндэслэлээр шалгахдаа 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсныг мөрдөн байцаах байгууллагаас тогтоосон байдаг.

Тухайн үед уурхайд очиж ажилласан хүмүүс гурав хоногт маш их хэмжээний буюу 2.1 микрозеврт шарлагын тун авсан нь дозиметр хэмээх багажинд илэрч байсныг тухайн үеийн Цөмийн энергийн газрынхан хэлдэг. Одоогоос 5-6 жилийн өмнө хууль хяналтын байгууллагаас очиж шалгаад үйлдвэрт ажиллаж буй бүх хүнийг дозиметр хэмжих багажаар хангах, цацрагийн хяналтад байнга оруулж байх шаардлага тавьсан байдаг.

Цацраг идэвхт уран, бусад дагалдах ашигт малтмалууд хүдрийн агууламжид их байдаг учраас цацрагаас сэрэмжлэхийн тулд ийм шаардлага мэргэжлийн байгууллагаас тавьсан удаатай. Харамсалтай нь, өнөөг хүртэл “Шинь шинь”-ийнхэн арга хэмжээ аваагүй нь МХЕГ-ын Цацрагийн хяналтын албанаас хийсэн шалгалтын дүгнэлтээс харагдаж буй юм.

Энэ сарын эхээр хийсэн гэнэтийн шалгалтаар “Шинь Шинь” ХХК-ийнхан улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байснаас гадна цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй байжээ.

Мөн цацрагтай ажилладаг хүмүүсийг ангилан тогтоогоогүй, тэдгээрийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй, мэргэжлээс шалтгаалах өвчний үзлэгт оруулдаггүй зэрэг олон зөрчил илэрсэн аж. Энэ бол зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар тогтоогдсон зөрчил.

Хятадууд хэлсэн амандаа хүрээгүй, Монгол төрийн сайдыг хуурчихаад байгаад хамаг учир оршино. Уурхайгаа Улсын комисст хүлээлгэн өгөөгүй атлаа ашигт малтмал олборлож, 20 мянган тн хүдэр гаргаад байгаа гэх урьдчилсан мэдээлэл ч бидэнд ирлээ.

Хүн ам, малын удмын санд нөлөөлөх хэмжээний хорт бодис “Шинь шинь”-ий уурхайн орчмоос илрээд байгаа талаар өмнө нь манай сонин нэг бус удаа мэдээлж, уншигчдын, эрх баригчдын сонорт хүргэж байсан. Гэтэл прокурорынхон, хууль тогтоогчдын баталсан Өршөөлийн хуульд хамрагдаад хариуцлагаас мултраад зогсохгүй, дахиад л хөрс бохирдуулж буй юм.

Уг нь “Шинь шинь”-ий хятадууд, цоорхой хаягдлын далан, уурхай хүлээн авсан Улсын комиссынхонд хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад тэдний буруутай үйл ажиллагаанаас болж хөрсөнд хүнцэл их хэмжээгээр шингэж байгааг тогтоосон байдаг. “Шинь шинь” компанийнхан уурхайн хаягдлын далангаа барихдаа тус сан дорх хөрс, усанд гидрогеологийн судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй аж.

Үүний уршгаар хаягдлын далангаас химийн хортой ус хөрсөнд шингэж байхад мэдэхгүй, мэдсэн ч арга хэмжээ авч чадахгүй, шинжээчид очоод өрөмдлөгийн багаж ажиллуулах ямар ч боломжгүй байсан гэдэг.

“Шинь шинь” компанийн уурхайн орчимд хүнцлийн агууламж Монгол Улсын MNS 5850:2008 стандартад зааснаас хэд дахин өндөр байгаа нь тэнд хийсэн цагдаагийнхны шалгалт, шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болсон юм. Тэнд ажилласан шинжээчийн 01 дугаартай дүгнэлтэд “Хаягдлын сангийн ойр орчмоос авсан хөрсний нийт дээжин дэх хүнцлийн дундаж агуулга 33.5 мг/кг.

Хаан хороор бохирдсон байх магадлалтай жалга болон түүний нөлөөлөлд өртөөгүй гадаргын хөрснөөс авсан дээжнээс илэрсэн хүнцлийн хэмжээ хүлцэх болон хортой агууламжаас өндөр илэрсэн. Энэ бол жилийн өмнө Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон хэргийн шинжээчдийн дүгнэлт. Одоо дахиад химийн хорт бодис хөрсөнд асгараад байна.

Уг нь Ашигт малтмалын тухай хуулийн 66.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэхдээ хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцалж, 20 жилийн хугацаанд дахин олгохгүй” гэж цагаан дээр хараар тод бичээд үлдээчихсэн.

Хуулийн энэ заалтыг БОАЖЯ-ныхан хэрэгжүүлж, гурав дахь удаагаа байгальд ноцтой хохирол учруулж буй компанийн үйл ажиллагааг зогсоох эрх нь байгаа л юм сан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)