"Шинжээчийн эрх үүргийг хуульд тусгаж өгөөгүйгээс дүгнэлт гаргуулахад хүндрэл учирдаг"

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй дотоод хэргийн яам хамтран Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэлсэн үгэндээ, Нийгэмд шударга ёсны хүсэмж өндөр байгаа энэ цаг үед хэлэлцүүлэг хийж байгааг онцлоод, Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжих явцад тулгамдаж буй асуудлыг шүүх, прокурор, цагдаа болон зөрчил шалган шийдвэрлэж буй эрх бүхий байгууллагуудаас гарсан санал шүүмжлэл болон хийдэл давхардлыг арилгах, судлаачдын саналыг тусган, багц хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлгийг хийж байгаа гэлээ.

Хэлэлцүүлэгт Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Хуулийн төслийн талаарх танилцуулга” хийж, 2019 оны есдүгээр сарын байдлаар Цагдаагийн байгууллагаас 449 мянга орчим гомдол дуудлага ирүүлнээс 173 мянга орчим нь гэмт хэрэг зөрчлийн дуудлага байгаагаас гэмт хэргийн шинжтэй 52 мянган дуудлага, зөрчлийн шинжтэй 117 мянга орчим гомдол мэдээллийг шийдвэрлэсэн гээд энэ нь өмнөх жилүүдээс 7.8 хувиар буурч байгаа тоо баримтыг хэллээ.

Мөн Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нэг төрлийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч буй нийтлэг зөрчил, хөрөнгө хураах арга хэмжээ, Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл зэрэг тулгамдаж буй олон асуудлын талаар илтгэл тавилаа.

Дараа нь Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Баянжаргал “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналт” илтгэлдээ, Эрх бүхий байгууллагуудын зөрчил шалган шийдвэрлэх харъяалал давхадсан, Дуудан ирүүлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс зөрчлийн холбогдогч хүрэлцэн ирэхгүй, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хуульд заасан хугацаа дуусч, хэргийг хэрэгсэхгүй болгодог. Шинжээчийн эрх үүргийг хуульд тусгаж өгөөгүйгээс дүгнэлт гаргуулахад хүндрэл учирдаг, шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газраас батлуулахаар хуульд заасан боловч шийтгэлийн хуудсыг хэрхэн хэрэглэх нь тодорхой бус байгаа, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг заалтыг иш татсан зохицуулалт олон байгаа нь хууль хэрэгжүүлэх ажиллагаанд хүндрэл учруулдаг зэрэг бэрхшээлтэй асуудлуудыг хуульд тусгаж өгөхийг хүслээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)