“Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц, асуудал шийдэл" хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооноос БСШУЯ, ШУА, ШУТС-тай хамтран “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.01.24) зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, Б.Баттөмөр нар болон БСШУЯ, ШУА болон харьяа хүрээлэнгүүд, Их, дээд сургуулиудын харьяа хүрээлэнгүүд, бодлого судлалын хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.
Тус хэлэлцүүлгээр шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, эрдэм шинжилгээ-судалгааны ажлын гол үр дүн, практикт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцсон юм. 
Хэлэлцүүлгийг ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар удирдан явуулж, хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУСЯ-ны ШУТГ-ын дарга, академич Т.Ган-Эрдэнэ нар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэхдээ, “УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцах, төрөөс шинжлэх ухааны салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Юуны өмнө УИХ-ын түвшинд хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллах шаардлага байна. Бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох, төгөлдөржүүлэх, дутагдалтай байгаа зүйлсийг анхаарах мөн шинжлэх ухааны салбарын тогтолцооны асуудлыг эргэж харах нь зүйтэй. Академийн эрх зүйн байдлын тухай, Шинжлэх ухаан технологийн тухай хууль зэрэг хуулиуд байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүгийн тогтолцоо ярвигтай болсон байна. Салбарын хууль нь муу биш ч гагцхүү хэрэгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг эрдэмтэн, судлаачид ярьж байна. Тийм ч учраас Улсын Их Хурал дээрх хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх дээр Засгийн газрыг шахаж ажиллах шаардлага байна. Мөн энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаач та бүхний оролцоо чухал” хэмээв. 
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн олон эх үүсвэр бий болгох, хөрөнгө оруулалтад шинэ хандлага бий болгох шаардлагатай байгаа”-г онцлоод “Төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг суурь санхүүжилттэй болгох, гадаадтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж, санал санаачилгыг дэмжиж, нээлттэй, эрх чөлөөтэй болгох, үйлдвэрлэл, бизнесийн салбарын оролцоог эрс нэмэгдүүлэх, түүнчлэн эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудалд тууштай анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээв. 
Үүний дараа ШУА-ийг төлөөлж Төрөлжсөн академийн Ерөнхийлөгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Бага чуулганы дарга нар, их, дээд сургуулийг төлөөлж Монголын их, дээд сургуулийн консорциумын ерөнхийлөгч нар тухайн салбар хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээ-судалгааны ажлын бодит үр дүн, тулгамдаж буй асуудал, бодлого эрх зүйн орчны хүрээнд УИХ, ЗГ-аас шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг багцлан мэдээлэл хийж санал хүргүүлсэн юм. 
Хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн, шинэ бүтээгдэхүүн, технологи, ноу-хау болон гарааны компаниудын үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэн зохион байгуулагдав. 
Сүүлийн жилүүдэд төрөөс шинжлэх ухааны салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй байгаагаас үүдэн эрдэм шинжилгээ, судалгааны салбар хүнд байдалд орж, эрдэмтэн судлаачдын нийгмийн баталгаа жилээс жилд муудаж байгааг салбарынхан хэлж байв. Иймд УИХ-ын Байнгын хорооноос санаачилга гарган шинжлэх ухааны салбарын хөгжилд онцгой ач холбогдол өгч, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа хэмээн мэдээллээ. 
УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсгийн гишүүд 2017 оны 1 дүгээр сараас эхлэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Шинжлэх ухааны технологийн сан болон Шинжлэх ухааны академийн их, бага чуулганы гишүүд, Их, дээд сургуулийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын хүрээнд шинжлэх ухааны бодлого салбарын бодлого, эрх зүйн орчин болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэд хэдэн удаа томоохон уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)