Шинжлэх ухааны салбар царцаж, хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа доголдов

Халцарсан шал, бүүдгэр гэрэл, ном, сэтгүүлээр дүүрсэн давчуу өрөө, хүйтэн хонгил. “Химийн бодис, урвалж агуулдаг, ашигладаг учраас зориуд ийм байлгадаг юм уу” гэж судлаачаас асуухад “Яалаа гэж. Засаж, шинэчилж дийлэхгүй л байхгүй юү. Энэ ч яах вэ. Судалгаа, шинжилгээгээ урагшлуулах нь л чухал” хэмээв. Хэсэг бодолхийлснээ “Ер нь манай эрдэмтэн, судлаач бүгд ийм. Амбицгүй, маргаан, шүүмжлэлээс хол, мөрөөрөө. Тиймдээ ч төрийн шийдвэр энэ тэртэй нэг их тэрсэлдэггүй. Нэг ёсондоо боол шиг л үнэлэгддэг хүмүүс” гэсэн юм. Нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад нөлөө бүхий, олон улсын түвшинд ойртсон, онолын суурь судалгааны хүрээлэнгүүдийг нэгтгэсэн хэмээн байгууллагынхаа намтрыг чимдэг Монгол Улсын шинжлэх ухааны төв институтэд ажилладаг эрдэмтэн ийм бодолтой байна.

...Гол нь 1700 гаруй ажилтантай, улсын хөгжлийг тодорхойлох толгой байгууллагынхаа дийлэнх төсөл, хөтөлбөрийг царцааж, урсгал зардлыг нь хүртэл танасан атлаа Хэнтий аймагт тэрбум тэрбумаар аялал жуулчлалын цогцолбор барьж байгаа төрийн “мэргэн” бодлогыг зөвтгөх арга алга. ШУА-ийн 10 хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын зардал Батноровт байгуулсан ганц хөшөөнийхтэй дүйхгүй байна гэхээр дэндүү харамсалтай...

Олон улсад гарсан тооцоо судалгаагаар бол Азийн орнууд ДНБ-ийхээ хоёр хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулдаг. Харин манай улс үүнээс 10 дахин багыг төсөвлөсөөр ирсэн. Эл салбарын төсөв 2016-2019 онд тасралтгүй өсөж, өмнөх жилийнхээс 2.8-3.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Эрдэмтэн, судлаачид “Чамлахаар чанга атга” хэмээн баярлаж, ШУА-ийн удирдлага “Засгийн газар ирэх жилүүдэд энэ хөрөнгийг тав дахин нэмэгдүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан” гэж мэдэгдсэн нь саяхан. Гэтэл цар тахлын улмаас энэ өөдрөг төсөөлөл, төлөвлөгөө 2020 онд нурснаас судалгааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа доголдоход хүрчээ. Тодруулбал, энэ онд шинжлэх ухаанд 38 орчим тэрбум төгрөг хуваарилсан аж. Үүний 70 хувь буюу 26.6 тэрбум нь тус салбарт ажилладаг 1700 гаруй ажилтан, албан хаагчдын цалинд, үлдсэнийг нь урсгал зардал болон эрдэм шинжилгээний ажилд зарцуулахаар төсөвлөсөн байна. Гэвч энэ жилийн судалгааны ажлын дийлэнхийнх нь санхүүжилтийг одоо болтол олгоогүй, эрдэм шинжилгээний зориулалтаар хуваарилсан хөрөнгийг хоёр дахин бууруулсан, хүрээлэнгүүд урсгал зардлаа ч хүчрэхгүй нөхцөлд байгааг эрдэмтэн, судлаачид хэллээ. Эрдэм шинжилгээнд төсөвлөсөн долоон тэрбумыг гурав болгож танасныг ч эх сурвалж дурдав.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаач (эхэнд дурдсан) “Хүрээлэнгүүд үнэхээр хүнд нөхцөлд байгаа. Коронавирустэй холбоотой судалгаа, шинжилгээний зардал гэж 600 сая төгрөгийг Шинжлэх ухаан технологийн санд хуваарилсан юм билээ. Бусад орныхтой харьцуулахад энэ үнэхээр чамлалттай, өчүүхэн төсөв. Урсгал зардал, эрдэм шинжилгээний ажлын санхүүжилт энэ жил ер өсөөгүй. Төсөл, хөтөлбөрүүдээ ч зогсооход хүрлээ. Уг нь дэлхийн жишгийг харахад, халдвар тархсан үед хамгийн их хөрөнгө төсөвлөж, анхаарах ёстой салбар нь шинжлэх ухаан. Тэр дундаа хими, биологийн салбар. Монголд эсрэгээрээ байна” гэсэн юм. Тэднийхтэй залгаа орших Биологийн болон Археологийн хүрээлэнгийнхэн ч ижил зовлон ярилаа.

Биологийн хүрээлэнгийн Шавж, шувуу судлалын лаботари гэхэд 10 ажилтантай. Дөрөв нь шувуу, үлдсэн нь шавж судалдаг. Зургаан судлаач 13 000 гаруй зүйлийн шавжийн судалгаа хариуцна гэдэг дэлхийн аль ч эрдэм шинжилгээний байгууллагад байхгүй үзүүлэлт, “дээд амжилт” гэнэ. Гэтэл тэдний гол ажил болох хээрийн судалгаанд зориулж, энэ онд ердөө 20 сая төгрөг төсөвлөжээ. Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан “Манай хүрээлэнгүүд хоцрогдсон, ядуу гэхэд дэндүү. Багаж, тоног төхөөрөмж, хүн хүч, цалин хангамжийн хувьд ярилтгүй. Эрдэмтэн, судлаачдынхаа нийгмийн асуудалд төрөөс анхаарч, бодлогоор шийдэх ёстой байтал төсөв санхүүжилтийг нь улам танадаг, хамгийн бага, хэмнэлттэй зардлаар ажиллахыг шаарддаг. Энэ жил бүр чангаллаа. Хээрийн судалгаанд 20 сая төгрөг олгосон. Судалгаанд явахад багадаа 7-10 хононо. Судлаач, жолооч нийлсэн 10-аад хүн явдаг. Тэр бүх хүний хоол хүнс, шатахуун гээд тооцохоор энэ мөнгө юу ч болохгүй. Төсөвлөсөн хөрөнгөд нь тааруулж ажиллахаас өөр яах билээ” гэв. Харин Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн “Манай хүрээлэнгүүд яам, тамгын газруудаас 2-3 дахин цөөн хүнтэй атлаа тэднээс бүтээмжтэй ажилладаг. Ном журмаараа бол шинжлэх ухааны салбар л данагар бүтэцтэй байх ёстой. Тэгж байж судалгаа, шинжилгээний ажил үр дүнд хүрч, инновац бүтээнэ. Манай хүрээлэнгүүд дэлхийн жишгээс тав дахин бага тооны эрдэм шинжилгээний ажилтантай. Тийм мөртлөө судлаачдынхаа нийгмийн асуудлыг шийддэггүй. Улсаас төсөвлөдөг хөрөнгөд тааруулж ажиллавал бид дөрвөн хананы дунд суусаар байж таарна. Археологийн малтлага, судалгааны ажил 2020 онд урагшлаагүй. Урсгал зардлаа ч хүчрэхгүй байна” гэв.

ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судлаач “2020 он дуусахад гуравхан сар үлдлээ. Энэ жил дуусах төсөлд л санхүүжилт олгоно гэнэ. Ид үргэлжилж байгаа, шинээр баталсан төслүүдийн хөрөнгийг шийдэхгүй бололтой. Урсгал зардал ноднингоос хойш 30 хувиар өсөж, цахилгаан, ус, дулааны өр нэмэгдсээр байна. Төсвөө нэмүүлэх гээд хоёр жил хөөцөлдөөд, бүтсэнгүй. Удахгүй усаа таслуулж, цахилгаанаа хязгаарлуулахад хүрлээ. Хөдөлмөр хамгаалал, интернэт, сонин сэтгүүл, утас, шуудан холбоонд зарцуулах байтугай хогоо ачуулах ч мөнгө алга. Шинжлэх ухаан шиг хэрэгтэй зүйл үгүй, энэ л бидний хөгжлийн гарц гэдэг ч бодит байдалд санхүүжилтийг нь танадаг. Манай байгууллага 35 ажилтантайгаас 20 нь эрдэм шинжилгээнийх, үлдсэн нь жижүүр, үйлчлэгч, захиргааныхан. Судалгааны ажилтны орон тоог 15-аар нэмэхэд л их зүйл өөрчлөгдөнө” гэж ярилаа.

Шинжлэх ухаанд төсөвлөсөн хөрөнгө өссөн жилүүдэд манай судлаачид өмнөхөөс хэд дахин үр бүтээлтэй ажиллажээ. Ганцхан жилийг жишээ болгоё. Монголын судлаачид 2018 онд эрдэм шинжилгээний өгүүлэл 718 (227), патент, технологийн заавар ес, стандарт 12, аргачлал 23, ТЭЗҮ, ашигтай загвар хоёрыг “үйлдвэрлэжээ”. Салбарын орлого (зөвхөн хүрээлэнгүүдийн) өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдэж, 3.7 тэрбумд хүрсэн байна. ШУА-ийн 10 хүрээлэн төсөвт ийм орлого төвлөрүүлсэн гэсэн үг. Одон орон, геофизикийн хүрээлэн хамгийн өндөр буюу 1.4 тэрбум, Олон улсын харилцааных хамгийн бага буюу 12.7 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Зарцуулах хөрөнгө нь өсөхийн хэрээр тухайн салбарын үр ашиг нэмэгддэгийг энэ үзүүлэлт баталж байна.

Анагаах ухааны доктор, иммунологич Д.Нямбаяр энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Японы Рикен институтэд улсаас нь нэг тэрбум ам.долларын төсөв олгодог байсан. Тус улс шинжлэх ухааны салбартаа жилд 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулдаг. Америк энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг буюу жилд 500 тэрбум доллар зарцуулдаг. Хятад үүний дараа эрэмбэлэгддэг. Манай улсын нөхцөл байдлыг эдгээр улсынхтай харьцуулшгүй. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа нийгмийн асуудалд анхаарахгүй бол чадварлаг, залуу боловсон хүчнээ алдаад дуусах нь. Улсаас төсөвлөсөн мөнгийг бага гэж чамлахын оронд зарцуулалтыг хэрхэн үр дүнтэй байлгахад анхаарах ёстой. Судалгааны байгууллагад шинэ тоног төхөөрөмж нийлүүллээ гэхэд засвар үйлчилгээ, шаардлагатай урвалж, бодист зарцуулах хөрөнгийг ч тооцож, төсөвлөх хэрэгтэй. Ингэж байж үлдэцтэй хөрөнгө оруулалт болно. Монголд тоног төхөөрөмж худалдан авах, нийлүүлэхтэй холбоотой тендерийн шалгаруулалт болоход судлаач, эрдэмтдийн өмнөөс дарга нар шийдвэр гаргадаг. Тэд хэрхэн мөнгө зувчуулахаа л бодож, сонголт хийдэг. Чанар, үзүүлэлт, ажиллагааг нь бодолцдоггүй. Шинжлэх ухаан бол хэн нэг улстөрч, албан тушаалтан нэр төрөө өсгөхөд ашигладаг хэрэгсэл биш. Тэдний тоглоом бүр ч биш” гэв.

Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор улс шаардлагагүй зардлаа танах бодлого баримталж буй. Үүнийг буруутгах аргагүй. Гол нь 1700 гаруй ажилтантай, улсын хөгжлийг тодорхойлох толгой байгууллагынхаа дийлэнх төсөл, хөтөлбөрийг царцааж, урсгал зардлыг нь хүртэл танасан атлаа Хэнтий аймагт тэрбум тэрбумаар аялал жуулчлалын цогцолбор барьж байгаа төрийн “мэргэн” бодлогыг зөвтгөх арга алга. ШУА-ийн 10 хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын зардал Батноровт байгуулсан ганц хөшөөнийхтэй дүйхгүй байна гэхээр дэндүү харамсалтай. Харин дэлхийн орнууд энэ үед шинжлэх ухааны салбараа өөрөөр харж, ашиглаж байгааг учир мэдэх хүмүүс хэлсээр байна. УИХ-ын гишүүн асан, “Датаком”- ын захирал Д.Энхбат “АНУ-ын гол хүч мөнгөнд гэж олон хүн эндүүрдэг ч шинжлэх ухаандаа байдаг. Тэр нь их сургуулиуддаа төвлөрдөг. Мөнгө, үйлдвэржилт, цэргийн хүч бол шинжлэх ухаан, давуу мэдлэгийн үр дүн. Улс төр, эдийн засаг хэчнээн хямарсан ч хүчтэй шинжлэх ухаантай бол тэсдэг. Эргэж сэргэдэг. Япон, Герман...... ч адил. Харин бид шинжлэх ухаанаа үнэлдэггүй” хэмээн нүүр номдоо бичсэн нь энэ салбарыг бид яагаад чухалчлах шалтгааныг тодорхой өгүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)