“Шимэгчдийн бүлэг” буюу цаасан дээрх компаниудаас салах цаг болжээ

Нийгмийн даатгалын шимтгэл, авто зам ашигласны төлбөр гээд олон төрлийн татварыг энэ сарын 1-нээс нэмэх шийдвэрийг иргэд оны өмнө хүчтэй эсэргүүцсэнээр болиулсан. Хүмүүс эгдүүцэл, эсэргүүцлээ янз бүрээр илэрхийлж байсны дотор нэгэн уурхайчны “Бидний төлсөн татвар улсад маань багадаагүй” гэсэн уриалга нийгмийн сүлжээнд эрчээ авсан билээ. Хөдөлмөрийн насныхан түүний эшлэлээр “давлагаалж”, улсад болон хувийн байгууллагад хэдэн жил ажиллаж буйгаа, хэчнээн төгрөгийн татвар төлдгөө бичин, түгээж байсан. Залуусын хамгийн зөв үлгэр дуурайл нь хэн нь ч татвараас зайлсхийх тухай яриагүй, төлөхгүй гэх лоозон ч бариагүй. Гол нь хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, түүнд ногдох татвараа л төлье гэж жагссан. Илүүчилж чадахгүй гэцгээсэн нь ч үр дүнд хүрсэн. Гэтэл Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, компаниудын тэн хагас нь улсад татвар төлдөггүй юм байна.

Мэдээж энэ нь олон шалтгаантай ч цөөнгүй хувь нь санаатайгаар татвараас зайлсхийдэг, байнга хасах тайлан илгээдэг, эрх мэдэлтнүүд тендерт оролцохын тулд цаасан дээр компани байгуулдаг, нэг удаа ашиглаад хаядаг зэргээс болж нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах үүргээ умартсан аж ахуйн нэгжийн тоо өдгөө 90 мянгад хүрчээ. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны өнгөрсөн жилийн судалгаагаар, бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага 2018 онд 170.2 мянгад хүрсэн байна. Энэ нь 1998 оныхоос 8.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Тус хорооныхон Бизнес регистрийн мэдээллийн санг 1998 онд үүсгэж, аж ахуйн нэгж, байгууллагын 2006, 2011, 2016 оны тооллогын дүнг Татварын ерөнхий газрын бүртгэл болон бусад яам, агентлагийн мэдээлэлд үндэслэн шинэчилж иржээ. Өдгөө улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо, ажил, үйлчилгээнийх нь чиглэл, байршлыг хүртэл тогтоож, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулдгийг нь нарийн судалдаг болсон.

Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, байгууллагын бизнесийн орчин, хууль, эрх зүй шинэчлэгдэж, сайжрах хэрээр бүтэц, цар хүрээ, үйл ажиллагааных нь чиглэл тэлсээр байгаа нь сайн хэрэг. Гэвч үндсэн үзүүлэлтийг нь харвал тийм ч үр өгөөжтэй биш. Бизнес регистрийн санд 1998 онд 20.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байж. Тэгвэл 2019 оны эхний есөн сарын статистикийг харвал энэ тоо 184 245-д хүрснийг мэдэж болно. Тэдний 90 819 нь үйл ажиллагаа явуулдаггүй. Регистрийн санд бүртгүүлснээсээ хойш огт ажил хийгээгүй компанийн тоо 50 649-д хүрсэн байна. Түр зогсоосон нь 35 430, сураггүй болсон нь 2626, үүдээ бүрмөсөн барьсан нь 2114 гэнэ.

Байршлын хувьд авч үзвэл мэдээж нийт аж ахуйн нэгж, байгууллагын 74.3 хувь, ажиллагсдынх нь 66.6 хувь нь Улаанбаатарынх. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдүүд эл шалтгаанаа олонх нь хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутагдалтай, ажлын байргүй, түр хугацаагаар завсарлаж буй хэмээн тайлбарлажээ. Харин улсын хэмжээнд бөөний болон жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын хувийн жин эдийн засгийн салбарт өндөр буюу 42 хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл, жижиглэн худалдаа эрхлэгч, жирийн иргэдийн төлсөн татвар улсад нэмэр хандив болсоор байгааг үүнээс харж болно. Ерөөс улсад төвлөрдөг нийт татварын 90 гаруй хувийг 400 орчим аж ахуйн нэгж бүрдүүлдэг гэдэг. Үлдсэн нь маш бага буюу бэлгэ тэмдэг төдий явж иржээ.

Аж ахуйн нэгж, байгууллагууд яагаад 80, 90 мянгаараа модоо барьчихдаг юм бол. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш олон жил өнгөрлөө. Нийгэм, эдийн засаг ч харьцангуй тогтворжсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн оны гуравдугаар сард УИХ-аар хэлэлцэж, батлах үеэр зарим гишүүний хэлсэн үгсээс эш татъя. Ж.Ганбаатар “Монголын компаниуд ялангуяа тогтвортой үйл ажиллагаа явуулсан нь тендерт орох сонирхолгүй болжээ. Сонгон шалгаруулалтад ялдаг компаниуд нь дандаа шинээр байгуулагдсан. Тендерт оролцдог, оролцдоггүй компани гээд хоёр хуваагдчихаж. Шинэ компанид давуу эрх олгодог юм уу” гэж асуухад З.Энхболд “Захиалагч байгууллагууд тендерийн баримт бичигтээ шаардлага тавихгүй бол шинэ компани шалгарах боломжтой. Уг нь санхүүгийн болон боловсон хүчний чадавхтай, туршлагатай компаниар ажлаа гүйцэтгүүлэх ёстой. Тэгэхээр дөнгөж байгуулсан компани тендерт шалгарах боломж хязгаарлагдмал, маш бага” гэсэн бол энэ талаар О.Баасанхүү гишүүн “Монголын төрөөс хулгай хийх гурван арга бий гэж боддог. Нэг нь концесс, нөгөө нь тендер, гурав дахь нь Засгийн газрын тогтоол” гэсэн юм.

Бизнес регистрийн мэдээллийн санд компаниудын нэрийг “шивдэг” бүртгэлийн ажилтан “Компани байгуулах бичиг баримтаа бүрдүүлсэн, шаардлага хангасныг нь бид бүртгэдэг. 1-10 хүртэлх хүнтэй, цаасан дээрх компаниуд олширсон нь олон шалтгаантай байх. Цөөнгүй нь, ялангуяа сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий хүмүүс тендерт оролцохын тулд энд тэнд компани байгуулж, хууль бусаар төрийн ажлыг авсан зөрчил гарсаар байгаа” хэмээсэн. Харин ҮСХ-ны дарга А.Ариунзаяа “Татвар нэмэхээс илүүтэй бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг татвар төлүүлэх шаардлагатай. Татвар хураадаг байгууллага нь нэг, шалгаж торгодог нь тусдаа байвал үр дүнтэй” гэсэн санал дэвшүүлэв.

Аж ахуйн нэгж, байгууллага нь охин, хараат компани, салбар, төлөөлөгчийн газар байгуулах замаар үйл ажиллагаагаа өргөжүүлдэг. Бизнес регистрийн мэдээллийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 97.9 хувь нь бие даасан, 0.4 хувь нь толгой, 0.5 нь охин буюу хараат компани, үлдсэн нь салбар нэгж. Харин хуулийн этгээд буюу бие даасан гэдэгт нь өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах буюу тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, түүнийхээ үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах нэгдлийг хэлдэг. Үүнд компани, хоршоо, нөхөрлөл, ТӨҮГ, ОНӨҮГ, төсвийн болон төрийн бус байгууллага зэрэг багтдаг юм байна. Харин салбар, төлөөлөгчийн газар энэ эрхийг эдэлдэггүй учир Бизнес регистрийн санд 2018 оны байдлаар 170.2 мянган хуулийн этгээд бүртгэлтэй гэж оруулжээ. Өөрөөр хэлбэл, ихэнхдээ бизнесийн зорилгоор, цөөн тохиолдолд бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нэгжүүдийг хуулийн этгээд гэх аж. Харамсалтай нь, үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо 2013-2017 оныхоос 10.4-89 хувиар нэмэгдсэн байна. Хариуцлагын хэлбэрээр нь авч үзвэл, тэдний 70 мянга орчим нь компани. Нийт хуулийн этгээдийн 86.2 хувь нь 1-9 ажилчинтай. Үйл ажиллагаа эрхэлж байгаа нь 2018 онд 69.8 их наяд төгрөгийн борлуулалттай ажилласан гэнэ.

Хувь хүн, хуулийн этгээд аж ахуйн нэгж эрхэлсэн бол, бусдаар хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл, татвараа заавал төлөх ёстой. Гэтэл тодорхой орлогын эх үүсвэртэй хэрнээ дээр дурдсанчлан татвар огт төлдөггүй, дээр нь төрийн үйлчилгээг үнэгүй хүртэгсдийг судлаачид “шимэгчдийн бүлэг” гэх юм билээ. Нарийн судалсан тоо баримт одоогоор байхгүй ч “шимэгчдийн” үнэн төрхийг илчлэх цаг болсон. Төсөв мөнгийг нь батлаад өгвөл ҮСХ-ныхон судлаад, гаргаад ирье гэж байна лээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй 180 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагын тэн хагас нь дампуурчихсан гэсэн статистиктай бид хаа хүрэх вэ. Адаглаад л улсын эдийн засгийн үзүүлэлтүүдийг доош чангаасаар байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)