Шилэн барилга нь шилдэг архитектур биш

Түүхэн дурсгалд хамрагдах барилгуудыг устгаад дуусах нь ээ. Тухайлбал, нийслэлийн хамгийн анхны тоосгон барилга болох ерөнхий боловсролын IV сургууль, монгол ур хийцийг илтгэсэн “Өргөө” амаржих (нэгдүгээр төрөх) газрын барилгуудыг 2010 онд нурааж байв. Одоо ДБЭТ, Үндэсний номын сан, УДЭТ-ын барилгыг нураах тухай хэлэлцэж байна. Эдгээр нь нэгэн жарныг ч элээгээгүй “залуу” барилгууд. Гэвч дээрх барилгуудын насжилт дууссан учраас үзмэрүүдийг тэнд хадгалах боломжгүй, нийслэлийн өнгө төрхөд сөргөөр нөлөөлдөг хэмээн ад шоо үзэх болжээ.

Нийгмийн сүлжээнд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “ДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг нурааж, шинийг барина” гэж хэлсэн бичлэгийг тойрсон шүүмжлэл өрнөсөөр байна. Гэтэл Австрийн мэргэжилтэн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын тоосгоноос сорьц авч шинжлээд “Бүх зүйл хэвийн. Энэ зэргийн чийг түүхийн өв болсон барилгыг нураах шалтгаан биш” гэсэн дүгнэлтийг 2016 онд гаргажээ. Дээрх барилгуудыг чийг болон насжилттай холбоотойгоор нураах гэж байгаа бол Австри улсын Вена хот дахь 700-800 жилийн тэртээд барьсан түүхэн дурсгалт барилгуудаа биднээс илүү туршлага, мэдлэгтэй архитекторууд яагаад нураасангүй вэ.

Архитектурыг барилгын загвар, хийц гэж зөвхөн манайд л нийтээрээ ойлгодог. Гэвч энэ нь орон сууцны хороолол, авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, усан оргилуур, хөшөө, баримал зэргийг уран аргаар цогцлоосныг хэлдэг аж. Товчхон хэлбэл, байшин барилгын загвар, хийцийг төлөвлөхөөс гадна хүрээлэн буй орчных нь зураг төслийг ч боловсруулах цогц үйл явц юм. Гэтэл манай улсад газар худалдаж авсан л бол хажуугийн байшинтай бөөрөөр нь нийлүүлсэн ч хамаагүй, олон давхар шилэн барилга барьчихаад түүнийгээ шилдэг архитектур хэмээн үзэж байна гэхэд хилсдэхгүй. Гэтэл олон улсад шилээр байшин барихыг хамгийн амар аргад тооцдог аж. Элдэв ур хийц, нарийн төлөвлөгөө шаардахгүй учраас тэр.

Бодлого боловсруулагчдад энэ талаарх мэдлэг дутмагаас Улаанбаатар утаа, хог, түгжрэлдээ дарлуулсан нийслэл болсныг зөвлөх архитектор, Гавьяат барилгачин Д.Бат онцолсон. Тэрбээр “ХБНГУ, Япон, БНСУ, ОХУ, Казахстан зэрэг оронд аливаа хот, суурин газар, хотхон байгуулахдаа Архитектурын тухай хуулийг мөрддөг. Гэтэл манайд ийм хууль байхгүй учраас мэргэжлийн бус хүн зураг төсөл боловсруулчихаад үүрэг, хариуцлагаас мултарч байна. Энэ хэвээр явбал нийслэлд төдийгүй орон нутагт олон бэрхшээл тулгарна. Наад зах нь газар хөдлөх, түймэр дэгдэх, үерт автах зэрэг байгалийн болзошгүй аюул учрах үед хүн амыг шуурхай нүүлгэн шилжүүлэх боломж хомс. Сайн архитектор бол энэ бүхнийг тухайн барилгыг барихын өмнө төлөвлөдөг. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг үл хайхран Д.Сүхбаатарын талбайн өмнө “Blue sky”, “Хангарди” ордон, “Сэнтрал тауэр” зэрэг барилга барьсан. Тэдгээр нь төв талбай орчмын хуучин барилгуудын хэмжээ, загвар, төлөвлөлттэй зохицоогүй. Манай орны цаг уурын нөхцөлд ч тохирохгүй, ямар ч жуулчин сонирхохгүй, өв, соёл, түүхийн агуулга байхгүй, энд, тэндхийн архитекторын бүтээлээс хуулбарласан байшин төдий. Энэ нь ашиг олох гэсэн аминчхан үзэлтэй хүмүүсийн балаг. Тэгсэн атлаа Улаанбаатарын түүхэн өнгө төрхийг үе дамжин илэрхийлэх хотын төвийн хэсэгт байрлах дурсгалт байшин, барилгаа хамгаалах, сэргээх ажил бараг хийдэггүй. Нийслэлийн барилгажилтын түүх болох учиртай Бага тойруугийн болон Энхтайваны өргөн чөлөөн дэх байшингуудыг одоо байгаа өнгө төрхөөр нь хадгалах хэрэгтэй. Ийм боломж бүрдүүлэхийн тулд олон оронд Архитектурын тухай хууль батлан, мөрддөг жишиг бий” гэлээ.

Манайд музейн хуучин байшин, ордон зэргээ сэргээхийн оронд “Газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй” гэж олон нийтийг айлган, цочроодог бол бусад улсад үүнийг Архитектурын тухай хуулиар хамгаалдаг аж. Өөрөөр хэлбэл, ийм хуультай болсноор хот, суурин газрын соёлын дурсгалыг хамгаалах, сэргээх, барилга, хот байгуулах, хөшөө дурсгал, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, дэд бүтцийг цогцоор нь шийдэх боломж бүрдэх гэнэ.

Дэлхийн ихэнх улсад нийслэл болон дагуул хот байгуулахдаа архитектор, инженегуулалтын тухай хуулийн 9.1.2-т “Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг тухайн аймаг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж заасан нь мэргэжлийн бус хүмүүсийн гарт эрх мэдлийг шилжүүлсэн гэж болно. Архитектурын шийдэлтэй хот байгуулна гэдэг нь дөрвөн жилийн хугацаанд амархан хийчих ажил биш.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилга барих зөвшөөрөл олгохдоо тухайн орчинд хэдэн давхар барилгыг ямар талбайд барихыг л зааж өгдөг. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын компанийн зураг төсөл нь барилгын норм дүрмийг хангаж байгаа, эсэхийг шалгадаг аж. Харин ямар зориулалтаар барилга барихаас нь хамааран Барилгын хөгжлийн төвөөс норм, нормативыг нь тодорхойлдог юм байна. Тэгэхээр тухайн барилга орчинтойгоо нийцэх, эсэх, гаднах тохижилт, бүтэц нь ямар байх ёстойг хянадаг газар, хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн үг.

Манай улсын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь мөнх цэвдэг, намагтай, 62 орчим хувь нь газар хөдлөлтийн бүсэд оршдог гээд барилга, байгууламж барихад маш хүнд нөхцөлтэй. Өдгөө үүнийг харгалзаж үзсэн, шилдэг шийдэлтэй бус, хамгийн хямд зардлаар бүтээн байгуулалт хийнэ гэсэн нь тендерт шалгардаг. Хамгийн хямд зардлаар барилга барих нь чанаргүй материал ашиглах, үр ашиггүй зардал гаргах шалтгаануудын нэг аж. Тэгвэл өөрийн орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон зураг төсөл гаргаж, шинэ норм дүрэм боловсруулахад мэргэжлийн баг ажиллах шаардлагатай бөгөөд үүнийг Архитектурын тухай хуулиар зохицуулдгийг мэргэжилтнүүд өгүүлсэн. Ингэснээр барилга байгууламжийн төсөвт өртгийг хямдруулж, үргүй зардлыг багасгах боломжтой аж.

ҮРГҮЙ ЗАРДЛЫГ ХЭРХЭХ ВЭ

Хот байгуулалтын салбарт төлөвлөсөн хөрөнгө оруулалтын үр ашиг нь зураг төслийн шийдлээс шууд хамаардаг гэнэ. Ийм учраас аль ч улс оронд зураг төслийн байгууллага, зургийн шийдэлд онцгой анхаарал хандуулдаг. Зураг төсөл боловсруулах баг нь ерөнхий төлөвлөгөө, орон сууц, зочид буудлын гэх мэтээр төрөлжин, мэргэшсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажилладаг юм байна. Хамгийн энгийн төлөвлөлттэй орон сууцны барилгын зураг төслийг боловсруулахад 10 гаруй хүнтэй баг бүрдүүлдэг жишигтэй. Гэтэл манайд сүүлийн жилүүдэд нэг хүн компани байгуулж, зураг төсөл боловсруулах ажлыг нэр төдий болгож байгааг шүүмжлэхээс аргагүй. Мэргэжлийн баг байхгүйгээс зураг төслийн алдааг засаж, хянах үүрэгтэй инженерийн нарийвчилсан шалгалт хийхээ больжээ.

Манай орны энэ мэт зохицуулалтгүй бүтээн байгуулалт сүүлдээ гадаадын орны архитекторуудын шүүмжлэлд өртөх болов. Италийн “Термигас” компанийн ерөнхий архитектор Жанандреа Баррека манай улсад ирэхдээ “Өндөр шилэн, өнгө өнгийн барилга босгож, бүтээн байгуулж буй нь сайшаалтай ч Улаанбаатар дахь нийтийн эзэмшлийн, ногоон байгууламжийн талбай өдрөөс өдөрт хумигдаж байгаад санаа зовж байна. Сайн төлөвлөлттэй, зөв архитектурын шийдэл бүхий хот бол барилгын өнгө төрхөд бус, тэдгээрийн хоорондын зай, ногоон байгууламжийн талбай, байршилд нь анхаардаг” гэж ярьжээ.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд нийслэл дэх ногоон байгууламжийн хэмжээг 3780 га талбай болгохоор тусгасан. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ өнгөрсөн онд 3.2 ам метр байсан бол ирэх жил үүнийг таван ам метрт хүргэхээр нийслэлийн Хот тохижилтын газрынхан ажиллаж буй. Уг нь аж ахуйн нэгжүүд эзэмшил газрынхаа ойр орчимд буюу 50 метр талбайд ногоон байгууламж байгуулах ёстой гэсэн журам бий. Түүнийг хэрэгжүүлдэг нь цөөн. Тэгвэл тухайн барилгыг барихдаа анхнаас нь ногоон байгууламжтай байхаар төлөвлөдөг юм байна.

МЭРГЭШЭЭГҮЙ БОЛОВСОН ХҮЧИН

Улс орны бүтээн байгуулалтыг хариуцдаг архитектор нь эмчээс дутахгүй хариуцлагатай мэргэжил гэнэ. Тиймээс тэднийг маш сайн бэлтгэж, хийх ажлыг нь өнөөх л Архитекторын хуулиар зохицуулдаг ажээ. Буруу төлөвлөлт хийвэл уг хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Тиймээс боловсон хүчнийг бэлтгэхдээ өндөр шаардлага тавьдаг. Ойролцоогоор 4.6 сая хүнтэй Сингапур Улсад архитектурын өндөр шалгууртай ганцхан сургууль байхад манай улсад ХААИС, ШУТИС-аас гадна мэргэшсэн багшгүй, үзүүлэн материал, сурах бичиггүй олон газарт архитекторуудаа бэлтгэж буй. Хот байгуулалтын салбарт тулгамдаж буй дээрх асуудлаас үүдэн хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх ч зөрчигдсөөр байна. Мөн хүрээлэн буй орчин болон түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засах ажил орхигдож, нийслэл хотын төлөвлөлт, түүхэн дурсгалт барилгууд устах зам руугаа уруудаж явааг салбарынхан хэлэв.

Манай орны хот байгуулалт ийм байдалд хүрсэн нь дээрх ажлыг мэргэжлийн хүрээнд зангидан удирдах, техникийн нэгдсэн бодлогоор хангах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагууд, захиалагч, хөрөнгө оруулагч болон хамаарал бүхий бусад байгууллагын үйл ажиллагааг зохицуулдаг Архитектурын тухай хуульгүйтэй холбоотой гэнэ. Хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө их зарцуулдаг, хэдэн зуун жилээр мөнхөрдөг энэ ажлыг эрх мэдэлтнүүдийн дураар явуулах, тохирсон хуулиар зохицуулахын аль нь оновчтойг холбогдох албан тушаалтнууд тунгаан бодох биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)