Шилдэг өвлөн уламжлагч “Дөмөн” Дулмааг 30 сая төгрөгөөр шагнав

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор нийт улсын хэмжээний нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дуламыг тодруулсан байна.

Өвлөн уламжлагч, уртын дууч Доржийн Дуламд шороон нохой жилийн өвлийн сүүл сарын шинийн 25-ны билигт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагналыг нь гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын үеэр, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,

-Монгол УлсЮНЕСКО-гоос 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцид 2005 онд нэгдэн орж, үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж, хадгалж, хамгаалах үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулсаар ирсэн. “Уртын дуу” соёлын биет бус өвөө 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгүүлсэн гэдгийг тэмдэглэлээ.

Энэхүү гайхалтай өв соёлыг өвлөн уламжилж, ард түмэндээ хүндлэгдэн дээдлэгдсэн азай буурал Таны цаашдын уран бүтээлд, мөн хойч үеэ сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсч, эрүүл энх, урт удаан наслан, уртын сайхан дуугаараа ард түмнийхэ сэтгэл оюуныг цэнгүүлж, өв соёлоо түгээн дэлгэрүүлж явахыг хүсэн ерөөе гэлээ.

Мөн энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, шилдэг өвлөн уламжлагчдыг Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Энэ жил анх удаа Монгол Улс шилдгийн шилдэг нэг өвлөн уламжлагчийг тодруулан алдаршуулж, 30,0 сая төгрөгөөр шагнан урамшуулж байна.

 -Их баярлаж байна, ийм сайхан үйл явдал болдог юм аа, бас. Уртын дуугаа үр хүүхэд, хойч үедээ чадлынхаа хэрээр сургаж өвлүүлнэ гэж бодож байна. Хүүхдүүд уртын дуунд жаахан сонирхол муутай байдаг юм. Төр өв соёлоо ингэж дээдэлж, хүндэтгэж байгааг хараад одоо сонирхолтой болох байх аа. Миний хүүхдүүд төрийн албаа нэр төртэй хашиж, зуу насалж зургаадай таяг тулаарай гэж Монголын үндэсний соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч Доржийн Дулам хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)