Шилдэг найман баг тодорлоо

“Аваргуудын лиг” таван сар завсарласны эцэст өнгөрсөн долоо хоногт эргэн ирлээ. 2019-2020 оны улирлын шөвгийн 16- гийн дөрвөн хариу тоглолт энэ сарын 8, 9-нд явагдсанаар шилдэг найман багийн нэр тодорсон юм. Коронавирусийн цар тахлаас өмнө буюу хоёрдугаар сард “Лайпциг”, “Атлетико”, “Аталанта”, ПСЖ баг шөвөгт тоглох эрхээ аваад байсан бол өнгөрсөн долоо хоногт “Манчестер сити”, “Байерн”, “Лион”, “Барселона” өрсөлдөгчөө ялснаар тэдэнтэй нэгдлээ. Цаашид шөвгийн найм, хагас шигшээ, шигшээ тоглолт Португалд болох бөгөөд цар тахлаас шалтгаалж Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) ийм шийдвэр гаргахад хүрсэн юм. Португал улсаас гадна ОХУ, Герман тэмцээнийг хүлээж авах хүсэлт гаргасныг ташрамд дурдья. Түүнчлэн дараагийн улирлыг хойшлуулахаас сэргийлэх зорилгоор энэ улирлыг хурдан дуусгах, мөн хөлб өмбөгчид коронавирусийн халдвар авахаас сэргийлэх үүднээс хасагдах шатанд хариу тоглолт хийлг үй, ганц тоглолтоор ялагчийг тодруулах билээ. 

Шөвгийн наймын оноолт 

“Аталанта”-ПСЖ VIII.12

“Лайпциг”-“Атлетико” VIII.13 

“Барселона”-“Байерн” VIII.14

“Манчестер сити”-“Лион” VIII.15 

Хагас шигшээ тоглолтууд 18, 19- нд, шигшээ тоглолт 23-нд явагдана. Эдгээр тоглолт Лиссабоны “Жозе Алваладе”, “Эштадиу ду Бенфика” цэнгэлдэх хүрээлэнд болох юм. 

Шөвгийн 16-гийн сонирхолтой баримтууд

• “Барселона” 13 улирал дараалж шөвгийн наймд шалгарснаар өөрсдийн тогтоосон дээд амжилтаа ахиуллаа. Тэд хамгийн сүүлд 2007 онд шөвгийн 16-д “Ливерпуль”-д ялагдаж байсан юм.

• Л.Месси “Аваргуудын лиг”-т 16 улирал дараалж гоол оруулав. Ингэснээр тэрбээр К.Бензема, Р.Гиггзийн амжилттай зэрэгцлээ. Одоо түүний өмнө ганцхан Рауль (17 улирал) бичигдэж буй.

• “Байерн”-ы довтлогч Р.Левандовски тус тэмцээнд 65, 66 дахь гоолоо оруулснаар “Реал”- ын К.Бенземаг гүйцэж, дөрөвдүгээр байрт орж ирлээ. Түүний өмнө Рауль (71 гоол), Л.Месси (115), К.Роналду (130) бий. 

• Тус тэмцээний хүрээнд “Барселона” талбайдаа 36 тоглолт (долоон жил) дараалан хожигдоогүй байна. • “Байерн” энэ улиралд бүх найман тоглолтдоо ялсан цорын ганц баг болов. 

• Энэ улиралд “Челси” бүх тэмцээний үеэр 79 гоол алдсан нь 1990-1991 оны улирлаас хойших хамгийн муу үзүүлэлт боллоо. Тэд мөн “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-д дөрвөн улирал дараалан бүдэрчээ. 

• Шөвгийн наймд “Барселона”, “Байерн” учраа таарсан. Сонирхолтой нь, энэ хоёр баг хоорондоо таарсан сүүлийн гурван тохиолдол бүрт ялсан баг нь тухайн жилдээ “Аваргуудын лиг”-т түрүүлж байв. Тодруулбал, 2009, 2015 онд Испанийн, 2013 онд Германы баг аваргалж байлаа. 

• Л.Месси “Аваргуудын лиг”-т 35 өөр багийн хаалганд гоол оруулсан бол К.Роналду 33 багийн хаалгыг мялаав. 

• “Реал” сүүлийн 11 жилд анх удаа хасагдах шатны хоёр тоглолтдоо ялагджээ. • К.Роналду сүүлийн 10 жилд анх удаа шөвгийн наймд тоглох боломжгүй болов. Сонирхолтой нь, хамгийн сүүлд 2009-2010 оны улиралд түүний тоглож байсан “Реал”-ыг мөн л “Лион” хожиж байсан юм. 

• К.Роналду энэ улиралд “Ювентус”-ийн төлөө нийт 37 гоол оруулж, багийнхаа дээд амжилтыг тогтоов. Одоогоос 95 жилийн өмнө буюу 1925-1926 оны улиралд 35 гоол оруулсан Ф.Хирцер өмнөх дээд амжилтыг эзэмшиж байв.

Бэлтгэсэн: Э.Манлайбаатар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)