Шилдгүүдийг шигшсэн кино өдрүүд

“Хэвтрийн хүн” киног бүтээсэн найруулагч С.Бямба тэргүүтэй уран бүтээлчид

“Улаанбаатар” кино наадмыг 2004 онд нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулж, 2013 оноос Монголын урлагийн зөвлөл олон улсынх болгон өргөжүүлсэн бөгөөд дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Монголын кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр зохион байгуулж буй. 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 19-25-нд болж өндөрлөлөө. Өнөө жилийн наадмыг Монголын урлагийн зөвлөл, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын үндэсний кино хороо, “Номадиа” пикчерс хамтран зохион байгууллаа.

Наадмын нээлт энэ сарын 19-нд “Тэнгис” кинотеатрт болсон. Тус наадмын уран сайхны удирдагчаар Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн, Каннын кино наадмын “Di¬rectors’ fortnight” хэсгийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсет нар ажиллажээ. Г.Жигжидсүрэн найруулагч наадмын нээлтийн үеэр “Монголын кино урлаг сүүлийн 30 орчим жилд хөгжлийн нэлээд ээдрээтэй гэж болохуйц уналт, сэхэлтийн үеийг туулсан ч өнөөдөр үзэгчдийн сонирхол татахуйц бүтээлүүд туурвин, уран бүтээлчдийн залуу халаа, шинэ үеийнхэн өөрийн нүүр царайг таниулж яваа нь бидний ололт юм. Харин 2020 он бидэнд нааштай, итгэл төрүүлсэн үйл явдлаар баяжсан жил болж байна” гэв. Өнөө жил наадмын нээлтийн киногоор С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн” бүтээл тодорсон. Нэг цаг 54 минут үргэлжилсэн, хар, цагаан өнгөтэй л эл киног үзэгчдэд хүргэсэн даруйд өндөр үнэлгээ авсан юм. 27 настай залуу зохиолч болон түүний сүйт бүсгүйтэй холбоотой таван бэсрэг хайрын түүхийг хувь тавилан, он цаг дамнасан хоржоонт, ээдрээтэй үйл явдлаар илэрхийлж, бидний оршихуйн мөн чанарын тухай өгүүлсэн энэхүү уран бүтээлийг дэлхийн зах зээлд түгээх ажлыг ХБНГУ-ын “Pluto films” хариуцаж байгаа бөгөөд тус уран бүтээлийн дэлхийн хэмжээний нээлтийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт хийхээр товложээ. Түүнчлэн FIAPF буюу Кино продюсеруудын нийгэмлэгийн олон улсын холбооны А зэрэглэлд багтдаг 15 кино наадмаар үзүүлэх аж.

Өнөө жил “Онцлох орны үзвэр”-тээ Францын кинонуудыг сонгожээ. Монгол Улс дахь Францын Элчин сайд Филипп Мэрлин “Энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй. Франц бол кино урлаг үүсэж хөгжсөн өлгий нутаг бөгөөд кино урлагийн томоохон арга хэмжээгээрээ дэлхийд алдартай. Энэ удаагийн “Улаанбаатар” кино наадамд бид “1985 оны зун”, “Салхи зогсох аваас”, “Сицилийг эзэлсэн баавгайнуудын гайхам түүх” киног санал болголоо” гэлээ. Наадмын хүрээнд Францын кино үзвэрийг энэ сарын 20-нд зохион байгуулж, Каннын кино наадмын албан ёсны хөтөлбөрт багтсан, Чикогийн кино наадмын шагналт дээрх бүтээлүүдийг үзүүлсэн.

Найруулагч Ж.Жамъянсүрэн болон “Хөхөө” киноны уран бүтээлчид шилдгээр шалгарлаа

Наадмын “Монгол кино” хөтөлбөрийн хүрээнд шилдэг кино, уран бүтээлчдийг тодруулдаг “Хангарди” шагнал гардуулах ёслол 21-нд болсон. Өнөө жил “Монгол кино” хөтөлбөрийн уралдаант хэсэгт найруулагч Ж.Жамьянсүрэн “Хөхөө”, “Чой Хайнзан” фильм “Эмэгтэй”, Ж.Сэнгэдорж “Гэргий”, “Этик” продакшн “Хэлгүй жим”, Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий “Буруу өрөг”, “Чононгоо” фильм “Ээж хадны домог”, Т.Анар “Сүүн замын сахиул” бүтээлээрээ өрсөлдөв. Тэдгээрээс шилдэг продюсероор Ч.Ундрал “Эмэгтэй” киногоор, М.Эрдэнэбат, Л.Нинжжамц, Ц.Баттуяа нар “Гэргий” киногоор шилдэг зохиолын шагнал хүртэв. Шилдэг найруулагчаар “Хөхөө” уран бүтээлээр Ж.Жамъянсүрэн тодорч, мөн тус бүтээл шилдэг киногоор шалгарлаа. “Хөхөө” киноны зохиолыг Ж.Жамъянсүрэн ОХУ-ын нэрт зохиолч Валентин Распутиний “Последний срок” буюу “Сүүлчийн амьсгал” зохиолоос сэдэвлэж, түүнчлэн хөхөө шувууны домогт суурилан бичжээ. 2018 оны сүүлчээр Ховд аймгийн Үенчийн хавцалд зургийг нь авсан тус киноны гол дүр Бадам эмгэнд Гавьяат жүжигчин Т.Борхүү, малчин аавынхаа удмыг залгаж, уужуу сайхан эр болж өссөн Дашдоржид жүжигчин Ц.Цэрэнболд, гол дүрийг улам тодотгодог туслах дүрүүдэд А.Цэгмэд, П.Баярмагнай, А.Баярцэцэг, Э.Сансар нарын уран бүтээлч тоглосон. Мөн тэр өдөр тус шагналд нэр дэвшсэн “Гэргий”, “Хөхөө”, “Эмэгтэй” уран бүтээлийг кино сонирхогчдод толилуулсан.

“Улаанбаатар” кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар Францын урлаг судлаач Тибу Брак 2013 оноос ажиллаж буй. Тэрбээр “Монголд зохион байгуулдаг хамгийн томд тооцогдох энэ наадам нь Канн, Берлин, Торонто зэрэг олон улсын наадамд өрсөлдсөн дэлхийн өнцөг булан бүрт бүтээлээ туурвисан, шинэ болоод алдартай найруулагчдын киног үзүүлдгээрээ онцлог. Наадам үргэлжлэх долоо хоногийн турш Европ, Африк, Ази, Америк тивийн хамгийн шилдэг найруулагчдын сонирхолтой бүтээлийг үзүүлнэ” гэсэн. Энэ жилийн наадмын “Олон улсын кино үзвэр”-ийн үеэр 2019-2020 онд бүтээсэн, Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 18 бүрэн хэмжээний болон нэг богино хэмжээний бүтээлийг толилуулсан. Тодруулбал, Итали, Францын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн, Пиетро Марчеллогийн найруулсан, “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшсэн “Мартин Иден”, Берлиний кино наадмын “Алтан баавгай” шагналт, Герман, Чех, Ираны уран бүтээлчдийн хамтарсан “Хар санаа үгүй”, Азийн кино шүүмжлэгчдийн нийгэмлэгийн шагналт, Хятадын найруулагч Ван Сиао Шуайгийн “Баяртай, хүү минь” зэрэг шилдэг уран бүтээлийг нэрлэж болно.

Зүүн гар талаас “Говийн зэрэглээ” киноны туслах зураглаач Г.Баттөмөр, жүжигчин Д.Гүрсэд, ерөнхий зураач Б.Болд,  жүжигчин Г.Эрдэнэтогтох

Тус наадмыг зохион байгуулагчид өнөө жил “Үзэхийн хязгаар” хэсгээр өргөжүүлэв. Энэ хэсэг нь кино урлагаар дамжуулан соёлын илэрхийллийн олон төрлийг танилцуулах, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг хүргэх зорилготой аж. Энэхүү хэсэгт найруулагч Р.Доржпаламын 1980 онд бүтээсэн “Говийн зэрэглээ” киног толилуулав. Эл уран бүтээлд ажилласан ахмад уран бүтээлчид тус наадамд оролцсон юм. Ташрамд дурдахад, “Монгол кино HD” төслийн баг “Говийн зэрэглээ” тэргүүтэй Монголын уран бүтээлийг дуу, дүрсний өндөр чанартайгаар сэргээсэн аж. Түүнчлэн өнөө жил “Хүүхдийн кино үзвэр”-ийг шинээр хөтөлбөртөө нэмжээ. Энэ хэсэгт Францын найруулагч Лоренцо Маттоттигийн “Сицилийг эзэлсэн баавгайнуудын гайхам түүх”, Монголын найруулагч П.Золжаргалын “Шат”, Австралийн найруулагч Жон Шийдигийн “А бол аз жаргал” киног үзүүлэв.

Уламжлал ёсоор наадмын үеэр кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум зохион байгуулсан. Энэ үеэр “Ковид-19” ба кино урлаг” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, дэлхийн кино урлагийн чиг хандлага, олон улсын кино наадмын хөгжил, боломжуудын тухай ярилцаж, туршлага хуваалцлаа. Түүнчлэн “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг С.Бямба удирдан явуулав.

Ташрамд сонирхуулахад, өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Канн, Берлин, Венец болон бусад нэр хүндтэй олон улсын кино наадмаас шагнал хүртсэн дэлхийн шилдэг 113 индепенпент, артхаус киног Монголын 28 000 гаруй үзэгчид үзүүлсэн ба нийт 1000 гаруй уран бүтээлчдийг кино форум болон кино салбарын сургалтад хамруулж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)