Шилдгүүдийг нэрлэсэн “Forbes Mongolia”

“Forbes” сэтгүүлийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр хэвлэж эхэлсний долоон жилийн ой энэ онд тохиож байна. “Forbes Mongolia” сэтгүүлийн хамт олон ойнхоо хүрээнд Монголын бизнесийн ертөнцөд тэргүүлж, амжилтаа бататгаж байгаа болон хүч түрэн гарч ирж буй шилдгүүдийг шалгаруулан шагнал гардуулах “Forbes Mongolia аwards-2019” арга хэмжээг өнгөрсөн баасан гарагт “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд зохион байгууллаа.

“Forbes” сэтгүүлийг 102 жил хэвлэжээ. Бүтэн зууны түүхтэй энэ сэтгүүлийг өдгөө дэлхийн 70 улсад 26 хэлээр хэвлэдгийн нэг нь Монгол. MMCG байгууллагын судалгаагаар, өнгөрсөн сарын байдлаар Монголын сэтгүүлийн зах зээлд хүртээмжээрээ “Forbes Mongolia” нэгдүгээрт бичигдэж байгаа аж. “Forbes Mongolia” сэтгүүлийг дээд болон дунд түвшний удирдлага, мэдээллийн технологийн болон бизнесийн шийдвэр гаргагчид, милленниал залуус давамгай уншдаг гэнэ. “Монголынхоо компаниудыг дэлхийд гаргах гарц болдог нь энэ сэтгүүлийн онцлог” гэж тус сэтгүүлийн Монгол дахь гүйцэтгэх захирал Э.Долгион тодотгов.

“Forbes Mongolia” сэтгүүл зах зээл дэх байр суурийг эрэмбэлэх, жагсаалт гаргах, чансаа тогтоодгоороо хэвлэл мэдээллийн бусад байгууллага, өрсөлдөгчөөсөө ялгардаг юм байна. “Манай сэтгүүл зах зээлд эзлэх байр суурь, нийт активын хэмжээ, чанар, үйл ажиллагааны цар хүрээ, бизнесээ солонгоруулсан байдал зэрэг шалгуур үзүүлэлтийг нь харгалзан 2016 онд Монголын 20 шилдэг групп компанийг шалгаруулж байсан. 

Түүнээс гадна Улаанбаатар хотын шилдэг зоогийн газрууд, даатгалын, барилгын, эрүүл мэндийн шилдэг компаниуд, шилдэг зочид буудлууд зэрэг жагсаалтыг өнгөрсөн хугацаанд сар бүрийн дугаартаа тогтмол гаргаж ирлээ. Цаашид ч бизнесийн салбар бүрт жагсаалт гарган эрэмбэлэхээр ажиллаж байгаа” гэж тус сэтгүүлийн ерөнхийлөгч эрхлэгч Б.Цэцэгсүрэн ёслолын үеэр ярив.

Монгол Улсын улс төр, бизнес, мэдээллийн технологи, банк санхүү, үйлдвэрлэл, соён гэгээрүүлэх салбарын 200 гаруй төлөөллийг урин, улаан хивсээр алхуулсан энэ ёслолын арга хэмжээний үеэр 19 шилдэг байгууллага, компанийг шилдгээр шалгаруулан өргөмжилсөн юм.

“FORBES MONGOLIA”-ГААР ДАМЖУУЛЖ, ӨӨРСДИЙГӨӨ СУРТАЛЧИЛЖ БОЛНО

Б.Цэнддоо (Соёлыг дэмжигч шилдэг байгууллагаар шалгарсан “Нэпко паблишинг” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, Төрийн шагналт, сэтгүүлч):

-“Forbes” бол жишиг сэтгүүл. Бид урлаг, соёл, аж үйлдвэр, технологи, эдийн засаг зэрэг олон салбарт дэлхийн жишиг компани, үйлдвэр, агентлагуудаас суралцаж, өөрийн үндэсний онцлог, хэв шинжид тохируулан бүтээгдэхүүнээс нь шингээж, нутагшуулахыг хичээдэг. Үүний нэг жишээ бол “Forbes”. Эл сэтгүүлээр дамжуулан бид дэлхийд өөрсдийгөө таниулж, сурталчилж болно. Тэгвэл дотооддоо салбар, салбарынхан бие биенээсээ суралцан, өрсөлдөх, харьцуулах, илүү ихийг хийж бүтээх эрмэлзлийг төрүүлэх болов уу. 

Манай компанийн нийгмийн оюун санаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, энэ шагналыг олгосонд баяртай байна. Бид долоо хоногт 2-3 ном гаргадаг. Тэгэхээр байгуулагдсан цагаасаа ном, хэвлэлийн зах зээлд чамгүй олон бүтээгдэхүүн нийлүүлсэн байх нь. Эдгээрээс “Британика” толио цар хүрээний хувьд овоо жин дарах болов уу гэж боддог. Франкфуртын номын яармагийн үеэр гурван жилийн өмнө ном, сэтгүүлийн электрон хувилбар цаасан бүтээлээсээ илүү эрэлттэй байна гэсэн судалгаа танилцуулж байсан. Тэгвэл өнгөрсөн онд цаасан хэвлэлийн борлуулалт, эрэлт нь дижиталаасаа давжээ. Энэ нь уламжлалт ном, сонин, сэтгүүлийн хөгжил эрчээ алдахгүй, уншигч нь цөөрөхгүйг харуулж байна.

“ХАРИУЦЛАГАТАЙ, ШУУРХАЙ ҮЙЛЧЛЭХИЙГ ЗОРЬСОН”

Б.Мөнхтөр (Үйлчилгээний шилдэг байгууллагаар шалгарсан “Инвескор” ББСБ-ын захирал):

-Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбар дахь банк бус санхүүгийн байгууллагын тоо, өөрийн хөрөнгийн хэмжээ өсөн, бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь нэр төрөл олширсон. Энэ хэрээр өрсөлдөөн нэлээд ширүүссэн гэж хэлж болно. Энэ нь цаад утгаараа харилцагч, иргэдэд очих санхүүгийн хүртээмжийг сайжруулж, зах зээлд дэх мөнгөний нийлүүлэлтийг өсгөн, эрэлтийг хангаж буй хэрэг юм. Мөн үйлчилгээ нь чанартай, илүү хурдан, шуурхай болж зээлийн хүү болон шалгуур буурч буйг иргэд анзаарч байгаа болов уу. Манай компани байгуулагдаад гурван жил болж байна. Хариуцлагатай, хамгийн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэхийг зорьсон нь үр дүнгээ өгч “Forbes Mongolia”-гийн шилдэг үйлчилгээний байгууллагаар шалгарлаа.

Зарим хүн санхүүгийн зах зээл дэх банк санхүүгийн байгууллагын үүргийг үгүйсгэн, дутуу үнэлж, өндөр хүүгээр ашиг оллоо гэх нь бий. Ингэж ойлгох нь өрөөсгөл. Тодруулбал, зах зээл дэх аль ч төрлийн зээлийн хүү эх үүсвэрийнхээ ханшаас шууд шалтгаалдаг. Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн бүтээмж нэмэгдэн, макро эдийн засаг өсөхийн хэрээр мөнгөний үнэ буурах буюу зээлийн хүү багасдаг. Ингэхийн тулд мөн л хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын тодорхой хувийг банк бус санхүүгийн байгууллагууд нийлүүлж, зах зээлд дэм болдог.

ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН КОМПАНИ, БАЙГУУЛЛАГУУД



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)