“Шидтэн” Лука Дончич

“Даллас маверикс” багийн хамгаалагч Л.Дончич NBA-д хоёр бүтэн улирал тоглож амжаагүй ч бахдам амжилтад хүрчээ. Өөрсдийгөө сагсан бөмбөг мэддэг гэж боддог бүх шинжээчийн таамаглалыг тэрбээр давж гарав. Испанийн “Реал” багийн бүрэлдэхүүнд Евролигийн аварга болж, “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарч байсан түүнд америк сэтгүүлч, мэргэжилтнүүд төдий л итгэл хүлээлгээгүй юм. Гэтэл Лука АНУ-д хөл тавьсан цагаасаа л дэлхийн шилдэг лигийг орвонгоор нь эргүүлж орхилоо. Өдгөө түүний нэр Леброн Жэймс, Яннис Антетокунмпо, Жэймс Харден нарын супер одынхтой эн зэрэгцэн яригдаж байна.

Үүний нэг шалтгаан бол Л.Дончич төрөл бүрийн дээд амжилтыг атаархам хурдтайгаар шинэчилж байгаа явдал юм. Түүнийхээ хажуугаар Лука “Даллас”-ын амжилтыг эрс дээшлүүлэв. “Маверикс” 2015-2016 оны улирлаас хойш анх удаагаа плей-оффт оролцох болсон нь үүний нотолгоо. Хэдийгээр тэднийг дараагийн шатанд шалгарна гэдэгт итгэх хүн цөөн байгаа ч М.Жордан, Л.Жэймс нар ч плей-оффт тийм хурдан амжилт гаргаж байгааг санах хэрэгтэй.

NBA-д тоглосон жил гаруйн хугацаандаа словен залуугийн тогтоосон зарим гайхалтай дээд амжилтыг танилцуулья.

- Хамгийн олон тоглолт дараалж 20 оноо, таван дамжуулалт, таван самбараас бөмбөг авалт хийж, М.Жорданы дээд амжилтыг эвдсэн

2019 оны арванхоёрдугаар сард болсон “Сакраменто кингз”-ийн эсрэг тоглолтод Л.Дончич 28 оноо авч, долоон удаа самбараас бөмбөг авч, найман оновчтой дамжуулалт өгсөн. Ийнхүү тэрбээр 20/5/5 статистик үзүүлэлтийн хамгийн урт цувралын эзэн болох М.Жорданыг гүйцсэн юм. Энд тодруулах нэг зүйл бол тухайн тоглолтод Лука 20 настай байсан бол М.Жордан дээд амжилтаа тогтоохдоо ид үедээ буюу 27 настай байлаа. Лука сагсан бөмбөгийн хамгийн чухал гурван үзүүлэлтээр 19 удаа ийм өндөр амжилт гаргасан бол М.Жордан 18 удаа 20/5/5 гүйцэтгэжээ.

-30 минутанд 30+ оноо, 12+ самбар, 15+ дамжуулалт өгсөн лигийн түүхэн дэх анхны тоглогч болсон.

Мөн л 2019 оны арванхоёрдугаар сар. “Маверикс” энэ удаад “Голден стэйт” багтай тоглож байв. Л.Дончич энэ тоглолтод 30 хүрэхгүй минутыг талбайд өнгөрүүлэхдээ 31 оноо авч, 12 удаа самбараас бөмбөг авч, 15 дамжуулалт өгчээ. Ийм богино хугацаанд үүн шиг мундаг тоон үзүүлэлтэд хүрсэн тоглогч NBA-д өмнө нь байсангүй. Тэрхүү тоглолтод

Лука “Даллас маверикс” багийн түүхэнд хамгийн олон трипл-дабл хийсэн тоогоор Ж.Киддийг гүйцэж түрүүлсэн юм. Лигийн түүхэнд трипл-даблийн шилдэг мастеруудын нэгд тооцогдож ирсэн Ж.Кидд эл багийн төлөө 500 тоглолтод оролцохдоо 21 удаа трипл-дабл хийсэн бол словен тоглогч ердөө 120 тоглоод л 22 удаа ийм амжилт үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, 21 настай энэ залуу домогт Ж.Киддээс дөрөв дахин хурданаар трипл-дабл гүйцэтгэж байгаа юм.

-30 оноо, 20 самбараас бөмбөг авалттай трипл-дабл хийсэн NBA-ийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч

Тэрбээр эл гайхалтай амжилтаа Орландод лигийн улирал дахин эхэлсний дараа тогтоосон. “Сакраменто”-гийн (Түүнийг 2018 оны драфтаас авахаас татгалзсан энэ багт Лука тун “хайртай” бололтой) эсрэг Л.Дончич 43 минут тоглохдоо 34 оноо, 20 самбар, 12 дамжуулалт гэсэн үзүүлэлтийн эзэн болжээ. Ердөө 21 нас, 158 өдөртэйдээ ийм бишрэм амжилт үзүүлсэн тоглогч түүнээс өөр алга. Тун цөөн тоглогч, тодруулбал К.Абдул-Жаббар, Э.Бэйлор, У.Чэмберлэн, Д.Казинс, Б.Каннинхэм, Н.Йокич, Д.Лий, Ж.Макгиннис, О.Робертсон нар ийм үзүүлэлтэд хүрч байсан билээ. Компьютер тоглоомд л байж болох ийм үзүүлэлтийн эзэн болсон тэд бүгд төвийн, эсвэл хүчний довтлогч юм. Гэтэл Лука арын шугамын хамгаалагч. Самбараас бөмбөг авах нь түүний үндсэн үүрэг биш гэдгийг бодолцох хэрэгтэй.

“Маверикс” багийн түүхэн дэх шилдэг тоглогч бол Д.Новицки. Герман довтлогч 21 жилийн турш Даллас хотын багт тоглохдоо 2011 онд цорын ганц аваргын цомыг нь авчирч байв. Тэрбээр энэ хугацаанд хамгийн их оноогоо (26.6) 2005-2006 оны улиралд авч байсан бол Л.Дончич энэ улиралд 29.0 оноо дунджилж байна. Энэ бол словен залуу ямархуу ирээдүйтэй тоглогч вэ гэдгийн бас нэг нотолгоо юм.

Эцэст өгүүлэхэд, NBA бол хар арьст тоглогчид давамгайлдаг лиг гэсэн ойлголтыг тэрбээр өөрчилж байна. Үр ашигтай тоглолтын үзүүлэлтээр тэрбээр Я.Антетокунмпо, Ж.Харден, Э.Дэвис (Лука энэ үзүүлэлтээр лигт дээрх гурван тоглогчийн дараа бичигдсэн) нарыг гүйцэж түрүүлэх нь ердөө л цаг хугацааны асуудал. Л.Дончич улирлын “Үнэ цэнтэй тоглогч” болох нь ч гарцаагүй. “Даллас”-ын удирдлага түүнд туслуулахаар К.Порзингисийг авчраад байна. Сайн хэрэг, гэхдээ л хангалтгүй. Хэрэв “Маверикс” дахин нэг сайн тоглогч авчирч чадвал Лука анхны аваргын цомоо М.Жордан (28 нас), Л.Жэймс (27 нас) хоёроос ч залуудаа хүртэх боломжтой болно.

Агуу домгууд ч атаархам амжилтууд түүнийг хүлээж буй.

Бэлтгэсэн: Н.Энх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)