Шигэрү Сүганами: Хоёр орон л ард нийтээрээ хандивын аян өрнүүлж, бидэнд тусалсны нэг нь Монгол

УИХ-ын дарга М.Энхболд Азийн эмч нарын холбооны тэргүүн, доктор, профессор Шигэрү Сүганамиг хүлээн авч уулзлаа. “Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа бөгөөд бид Япон улсыг гуравдагч хөрш, итгэлт түншээ гэж үздэг. Япон улс Монголын ардчилсан шинэтгэлийг анхнаас нь тууштай дэмжиж, хандив тусламж үзүүлж, хөрөнгө оруулсаар ирсэнд монголчууд талархалтай ханддаг.

Хоёр орны харилцаанд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байна. Түүн дотроо Таны тэргүүлдэг Азийн эмч нарын холбоо Монголд 10 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдийн нүдийг хамгаалах, үзлэг, оношилгоо хийх, монгол эмч нарыг дагалдуулан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх зэргээр олон талт үйл ажиллагаа явуулж байдагт талархал илэрхийлье” гэж УИХ-ын дарга тэмдэглэлээ.

Түүнчлэн монгол эмч нарыг нарийн мэргэжлээр мэргэшүүлэх, орчин үеийн техник, технологи эзэмшүүлэх, Японы анагаах ухааны салбар, эмч нарын тэргүүлэх туршлагаас суралцах боломж олгоход цаашид анхаарахыг хүслээ.

Шигэрү Сүганами хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, долоон жилийн өмнө Японы зүүн бүсэд үүссэн цунамигийн гамшигт нэрвэгдсэн япончуудад Монголын төр засаг, ард түмэн чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлсэнд гүнээ талархаж явдгаа хэлсэн юм.

Тэрбээр “Тэр хүнд хэцүү цаг үед хоёр орон л ард нийтээрээ хандив тусламжийн аян өрнүүлж, бидэнд тусалсан юм. Түүний нэг нь Монгол. Бид Монголын ард түмний энэ сайхан сэтгэлд ямагт талархаж явдаг бөгөөд нутаг нэгтнүүдээ төлөөлөн Тантай уулзаж, талархал илэрхийлж буйдаа баяртай байна. Миний Тантай уулзах зорилгын 90 хувь нь энэ талархалд чиглэсэн юм” гэлээ.

Шигэрү Сүганами “Манай холбоо монгол хүүхдийг нүдний харааг үзэж шалгах, харааны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлээр найман жил үйл ажиллагаа явуулж байна. Өргөн уудам газар нутагтай, алсын бараа сайтай Монгол оронд нүдний өвчлөл бага гэж бодсон ч эсрэгээрээ байсан. Нүдний өвчлөл, хараа муудахыг аль болох эрт, бага насанд нь илрүүлбэл эмчлэх боломжтой.

Тиймээс бид монгол хүүхдэд нүдний оношилгоо, үзлэг тогтмол хийх, эмч нарыг давтан сургахад гол ажлаа чиглүүлдэг. Хүүхдүүдийг нүдний эмчийн үзлэгт байнга оруулж байх хөрөнгийг улсын төсөвтөө суулгаж өгөх талаар дэмжлэг үзүүлэхийг танаас хүсэж байна” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд 2011 онд Шадар сайдаар ажиллаж байхдаа Японы зүүн бүсэд болсон газар хөдлөлт, цунамигийн гамшигт өртөгсдөд Монголын төр засаг, ард түмнээс сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх ажлыг гардан зохион байгуулж байснаа дурсаад, эрүүл мэндийн төсөвт дээрх чиглэлээр хөрөнгө тусгах асуудалд анхаарал хандуулна гэлээ.


А.Амина


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)