Шигшээ багийн тамирчдын хувцсыг тогтсон ӨНГӨ, ЗАГВАРТАЙ БОЛГОЁ

Монголын үндэсний шигшээ багийн тамирчид олимп, ДАШТ зэрэг тэмцээнд оролцохдоо ямар өнгө, загвартай хувцас өмсдөг талаар уншигч та бодож байсан уу. Хэн нэгэн танаас ингэж асуувал юу гэж хариулах вэ. “Бээжингийн олимпод шар, “Пёнчан-2018”-д хар, энэ жил Азийн наадамд цагаан өнгийн хувцсаар гангарсан” гэхээс биш, тийм загвартай, ийм өнгөтэй гэж тодорхой хариулах хүн хэд бол. Монгол Улс санхүүгийн бэрхшээлдээ чөдөрлөгдөн, тогтсон нэг загварын хувцсаар тамирчдаа гоёж чадахгүй өдий хүрсэн.

Бүр тодруулбал, томоохон тэмцээний өмнө тэдэнд ямар хувцас өмсүүлэх вэ гээд ивээн тэтгэгчийн эрэлд гардаг гэсэн үг. Олон улсын тэмцээн, уралдааны үеэр тамирчин төдийгүй хөгжөөн дэмжигчдийнх нь хувцсыг хараад аль улсынх гэдгийг таньж болдог. Улбар шар бол Нидерланд, шар, эсвэл ногоон бол Австрали, хүрэн, ногоон бол Португал, цагаан, усан цэнхэр бол Аргентин, шоотой цагаан, улаан бол Хорват, хар хөх бол Америк, эсвэл Их Британи гэх мэтчилэн төвөггүй таньдаг. Харин хувцасны ямар нэгэн тогтсон загвар байтугай өнгөгүй монголчуудыг хармагцаа таньдаг болов уу, гадаадынхан.

Манай тамирчид “Сидней-2000” олимпод улаан, “Афин-2004”-т ногоон, “Бээжин-2008”-д алтан шаргал өнгийн хүрэм, “Лондон-2012”-т ногоон хувцастай байсныг спортын хорхойтнууд мэднэ. Хамгийн сүүлд гэхэд, “Пёнчан-2018” өвлийн олимпод саарал, хар өнгийн хувцсаар тамирчдаа гоёсон. Ер нь хорвоогийн хамаг өнгийг дуусгасан гэхэд хилсдэхгүй. Харьяа байгууллага, эрх бүхий албан тушаалтнууд амьхандаа л хамгийн дэгжин, гоёмсог гэж бодсон өнгө, загварыг сонгон, тамирчдад өмсгөдөг байх л даа. Гэлээ ч олны шүүмжлэлийг хамгийн их дагуулдаг сэдвийн нэг тамирчдын хувцас байсаар өдий хүрсэн.

“Сочи-2014” олимпод оролцсон хоёр тамирчиндаа шатахуун түгээгчийнхээс ялгаагүй хувцас өмсүүлсэн гээд баахан баалуулсан. Тухайн үед ёслолын хувцсыг нь Италийн дизайнераар урлуулсан ч гадуур болон бэлтгэлийн хослолынх нь загварыг тусгайлан хийлгэлгүй, Японы “Мизүно” компанийн албан ёсны борлуулагчаас авсан юм билээ. Өнөө, маргаашгүй олимп болох гэж байхад Монголынх гэх, манай улсыг илтгэх шийдэлгүй, тэр ч байтугай “Монгол” гэж таниулах лого, үг, үсэг ч үгүй өнөөх “царай муутай” хувцсыг дизайнер Ариунаа Сүригээр өөд нь татуулж, янзлуулан байж тамирчдадаа өмсүүлсэн гашуун туршлага бий.

Тэглээ гээд хаширсангүй. Тамирчны хувцасны асуудал маргаан дагуулсан хэвээр. Хамгийн сүүлд л гэхэд Пёнчаны өвлийн олимп, Индонезийн Азийн наадмаар яав. Тамирчдын хувцсыг урлахдаа загвар, өнгийг нь онцгойлон анхаарахаас гадна үндэсний өв уламжлал, ёс заншлаа шингээх нь юу юунаас илүү чухал. Гэтэл монгол тамирчид “Пёнчан-2018”-д өмссөн хувцсанд “Монголынх” гэж тодотгочихмоор зүйл байсан уу. “Mongolia” гэсэн бичиг энд, тэндгүй оёсныг эс тооцвол шүү дээ.

Уг нь олимпод оролцох тамирчдын хувцсыг МҮОХ хариуцах учиртай. Гэтэл санхүүгийн боломжгүй гээд БТСГ-т хариуцуулахад нь үндэсний шигшээ багийн тамирчдад зориулан Финланд улсад захиалгаар хийлгүүлсэн хувцаснаас илүүчилсэн юм билээ. Тэгээгүй бол монгол тамирчид олимпын нээлтэд өмсөх хослолгүй балрах байж.

“Дараа жил яг таарах юм байна”. Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа “Жакарта-Палембан-2018” эхлэхээс хэдхэн хоногийн өмнө өөрт нь нэлээд томдсон хослолтой зургаа цахим хуудсандаа нийтлэхдээ ийн бичсэн нь олны анхаарлыг татсан, нэг хэсэгтээ л дээр, дооргүй шуугьсан. Улсынх нь нүүр царай болсон шилдэг тамирчин нь Азийн наадмын нээлтэд томдсон хувцастай алхахыг хараад манай сайд, дарга нарын санаа зовж, нүүр нь улайсан болов уу. Түүгээр ч үл барам томоохон тэмцээний шагналын тавцанд монгол тамирчид өөр өөр өнгө, загвартай хувцас өмсчихсөн зогсох нь энүүхэнд. Ийм тохиолдол нэг бус удаа гарсан. Энэ мэт тамирчдын хувцастай холбоотой маргаан, хүндхэн явдал, хоржоонтой шүүмжлэл мундахгүй.

Олимп, ДАШТ тэргүүтэй томоохон тэмцээнд монгол тамирчид юу өмсөх нь манай улсын нүүр царай төдийгүй бүр цаашлаад хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл байдаг. Гэтэл өдий хүртэл тамирчдадаа өмсгөх хувцасны тогтсон загвар, өнгөгүй байгаа нь яавч дуугүй өнгөрөх асуудал биш. Харьяа яам, тамгын газар, эрх бүхий албан тушаалтнуудын арчаагүй, ажилдаа хариуцлагагүй, сэтгэлгүйнх. Энэ асуудлыг нааштайгаар шийдэх боломжтой эсэх, ямар гарц эрэлхийлж буй талаар нь БСШУСЯ, МҮОХ, БТСГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас тодруулахыг оролдсон ч ганц ч хүн нааштай хариу хэлсэнгүй, өнөөх л төрийн албаныхны хүнд суртал бас тойрсонгүй.

Дээр нь тамирчдын хувцасны талаар үргэлж баалуулдаг болоод ч тэр үү, ямар нэгэн албан ёсны хариу, тодруулга өгөхөөс бүгд нүүр буруулж, арьсаа хамгаалсан нь харамсалтай. Зарим нь “Тамирчны хувцасны талаар бол юм яримааргүй байна. Наадах чинь ёстой ярвигтай асуудал” гээд булзааруулна лээ. Энэ нийтлэлээрээ хэн нэгнийг шүүмжлэхийг хүсээгүй, зүгээр л тодорхой шийдэл эрэлхийлж, тамирчдаа томоохон тэмцээнд бусдын өмнө нүүр бардам алхахуйц хувцас өмсүүлчих юм сан гэж зорьсон, энэ тухайгаа ч тэдэнд учирласан шүү дээ, уг нь. Гэтэл тэд бие бие рүүгээ чихэж, “Завгүй байна, дараа уулзъя. Би мэдэхгүй, мэдэх хүн нь томилолтоор явсан” гэх мэтчилэн бултаж, хойшлуулав.

Манайхаас бусад оронд бол нэртэй загвар зохион бүтээгчдээрээ тамирчдынхаа хувцсыг оёулж, түүгээрээ жилийн жилд шилдгүүдээ гоёод заншчихлаа. Харин Монгол Улс л томоохон тэмцээний өмнө “Тамирчдадаа юу өмсүүлэх вэ” гэж сандран, дотоодын болон гадаадын санхүүгийн боломжтой байгууллагын үүдийг сахин, ойр ойрхон дансаа шалган царайчилсаар. Олимпын наадамд анх оролцсон 1964 оноос хойш өнөөг хүртэл харьяа яамны үе үеийн удирдлага, спортынхны “шүдний өвчин” байсан хэвээр, шигшээгийнхний хувцас. Энэ хэвээрээ байвал цаашид ч олон жил зовооно доо, тэднийг.

Тухайн орон улсынхаа шилдэг байгууллагатай гэрээ байгуулан, хамтарч ажиллаад энэ асуудлыг шийддэг нь олон улсад тогтсон жишиг. Орон бүр өөрсдийн ивээн тэтгэгчийн брэндийн хувцсаар тамирчдаа гоёдог болсныг зөвхөн Риогийн олимпод гэхэд “Stelle McCa­rtney” (Их Британи), “Lacoste” (Франц), H&M (Швед), “Giorgio Armani” (Итали), DSquared2 (Канад), “Christian louboutin” (Куба), “Ralph lauren” (АНУ) зэрэг компани улсынхаа шигшээ багийнхныг хувцсаар хангаснаас харж болно. Улс орон төдийгүй тамирчид зөвхөн амжилтаараа бус, өмсөж буй хувцас, ивээн тэтгэдэг байгууллагаараа өрсөлддөг болсоор олон оныг үджээ.

“Halston”, “Levi Strauss”, “Ralph Lauren” компанийг хамгийн шилдэг, албан ёсны хувцас хангагч гэж үздэг. АНУ 2008 оноос “Ralph Lauren”-тэй хамтран ажиллаж буй. Тэгэхдээ 2002 оноос хойш хамтарсан Канадын “Roots” компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан юм. Тэгсэн нь цаанаа учиртай байж. 2008 оны олимп БНХАУ-д болсон тул тамирчдадаа хятадуудаас дутахааргүй, илүү гарах хувцас өмсгөх, улсынхаа нэр хүндийг өргөх нь тэдний гол зорилго, нэрт дизайнер Р.Лорентай хамтарсан гол шалтгаан байв. Үүнийх нь үр дүнд америкчууд Бээжингийн олимпод яаж гялалзсаныг уншигчид надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ.

Ер нь АНУ-ын олимпын хороо ивээн тэтгэгч байгууллагуудтайгаа ихэвчлэн 2-3 сая ам.долларын гэрээ байгуулдаг аж. Тэгэхээр тамирчдаа тогтсон загварын хувцастай болгоход бидэнд юуны түрүүнд ивээн тэтгэгч шаардлагатай. Ядуу орны зовлон, жижиг зах зээл гээд олон шалтгаан томоохон байгууллага, брэндүүд манай улсаас нүүр буруулахад хүргэдэг. Мэдээж тэдэнд ашиг, тамирчдад хувцас чухал. Манай тамирчид олимп, дэлхийн дэвжээнд яаж дүүлж байгаа билээ. Монгол “үнэртсэн”, янзын сайхан загвартай хувцас үйлдвэрлэвэл спортын хорхойтнууд олноор нь авна даа.

БТСГ-ын дарга Ц.Шаравжамц “Хувцасны загвар, өнгөний тухайд янз бүрийн сонголт хийж байсан юм билээ. Хамаг гайгүй гэсэн дизайнеруудыг цуглуулж байгаад шинэ жилийн гацуур шиг гоё загвар ч урлаж байлаа. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчид түүнийг нь оёж чаддаггүй. Ер нь ямар ч загвар, өнгөөр хийсэн бай адилхан шүүмжлүүлдэг. Цаашид тамирчдын хувцсыг тогтсон нэг загвар, өнгөтэй болох зайлшгүй шаардлагатай” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Нэг үеэ бодоход, Монголын хувцас үйлдвэрлэгч компаниуд техник, технологи, хүчин чадлаараа хаана ч гологдохооргүй, манай дизайнеруудын ур чадвар дэлхийд гайхагддаг болсон. Тэгэхээр бид санхүүгийн асуудлаа шийдчихвэл бусад хүчин зүйлийг нь зохицуулж болмоор. Томоохон тэмцээнд оролцох тамирчдын хувцсыг урлахад хэчнээн төгрөгийн зардал гарах нь бүрэлдэхүүнээс хамаарна. “Пёнчан-2018” олимпод оролцсон тамирчдын хувцсыг урлуулахад хүн тус бүрт сая гаруй төгрөгийн зардал гарсан байдаг. Үүгээр бодоход зуны олимпод 40 тамирчин, 20-иод албаны хүн оролцлоо гэхэд 70-аад сая төгрөг зарцуулах нь.

Энэ мөнгө үндэсний үйлдвэрлэгчдийн өвөрт орж, Монголын эдийн засагт өчүүхэн ч атугай нэмэр болбол хэчнээн сайхан бэ. Улсаа гэсэн сэтгэлтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлч ч болно шүү дээ. Манай тамирчид бүхий л тэмцээн, уралдаанд тогтсон өнгө, загвартай, адилхан хувцас өмсөн, хөгжөөн дэмжигчид түүгээр нь гоёод дэмжвэл болох нь тэр. Тамирчид нь тэмцээнд оролцохдоо олимпын хорооноос нь тараасан, БТСГ нь хийлгэсэн, тухайн спортын холбоо оёулсан гээд олон өнгө, загвартай төрөл бүрийн хувцас өмсдөг улс манайхаас өөр байдаг юм болов уу. Хүн бүхэн дор бүрнээ хичээж, дэмжвэл шигшээгийнхээ тамирчдыг тогтсон өнгө, загвартай хувцсаар хангах мөрөөдөл биш. Энэ ажилд сэтгэл, зүрхээ зориулж, боломжоороо туслахыг томоохон аж ахуйн нэгж, монголчууддаа уриалъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)