“Шивээхүрэн” боомтоор 16 компанийн 400 орчим автомашин нүүрс тээвэрлэлт хийж байна

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг”Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн” хилийн боомтод ажиллалаа.

 “Монгол,Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг Хятадын хаврын баяраар буюу нэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд түр хааж, 28-наас цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Түүнээс хойш хоёрдугаар сарын 6-н хүртэл хоёр орны 1,349 зорчигч, 843 тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлжээ.

Нүүрс тээвэрлэлтийн 50 компани үйл ажиллагаа явуулдгаас өнөөдрийн байдлаар 16 компанийн 400 орчим автомашин нүүрс тээвэрлэлт хийж байгаа аж.

Шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Шивээхүрэн боомтод онц халдварт өвчин гарах үеийн ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г шинэчлэн баталж, холбогдох байгууллагуудтай харилцан ажиллагааг тодотгосон. Боомтын нөхцөл байдал болон зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийн мэдээг хоёр цаг тутамд өгч, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Одоогоор тус аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос шийдвэрлэсэн 10 сая төгрөгөөр халдвараас хамгаалах багаж хэрэгсэл, ариутгагч шингэн, биеийн дархлааг дэмжих витамин, шүүсээр алба хаагчдыг хангасан ч хоёр хоногийн нөөцтэй байна.

Иймд алба хаагчдын хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг “Шуурхай бүлэг”-т уламжилжээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)