Швейцарийн 30 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсыг сурталчиллаа

Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо зохион байгуулагдсан Олон улсын аялал жуулчлалын “Феспо” үзэсгэлэнд Монгол Улс зочин орноор амжилттай оролцлоо.

Швейцар Улсын гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын “Феспо” олон улсын үзэсгэлэнд нийт 600 орчим аж ахуйн нэгж байгууллагууд үзэсгэлэнгийн 25,000 м2 талбайд аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилж 65,000 хүмүүс үзэсгэлэнг үзэж сонирхдог, тус улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн юм.

Тус үзэсгэлэнд Монгол Улс анх удаагаа оролцож буй бөгөөд  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэгдсэн зохион байгуулалтыг хариуцаж, Швейцарь дахь Монголын Элчин сайдын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, МАИТ ХК хамтран, Гэр тү гэр, Аян трэйвл, Нью жуулчин зэрэг 15 тур оператор компани оролцлоо. Мөн Улаанбаатар чуулгын үндэсний урлагийн уран бүтээлчид, Монгол костюмс агентлагийн загвар өмсөгчид, Монгол үндэсний бөхийн бүрэлдэхүүн, Монгол бичгийн калиграф бичээч зэрэг нийт 45 орчим бүрэлдэхүүн үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсаа сурталчлах ажлыг зохион байгууллаа.

“Феспо” үзэсгэлэнгийн  үеэр Монгол Улсын сурталчилгааны талбайг зорьж ирсэн хүмүүсийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс нэмэгдсэн байгааг зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор монголын талд мэдэгдэж, баяр хүргэлээ.

Энэ удаагийн ФЕСПО олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсыг сурталчилсан ажил нь 65 мянга гаруй үзэсгэлэнгийн зочидод  сурталчилгааны материал  хүргүүлсэн төдийгүй 30 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Швейцарын төдийгүй бусад герман хэлтэй зах зээлд Монгол Улсын сурталчилгааг хүргэсэн өндөр үр дүнтэй ажил болсон гэдгийг онцолж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)