Швейцарийн казиног дээрэмдэв

Швейцарийн Лас Вегас гэгддэг Базель хотын Grand Casino-г автоматаар зэвсэглэсэн 10 гаруй этгээд өчигдөр үүрээр дээрэмдсэн байна. Дээрэмчдийн нэг казинод байсан 600 орчим зочин болон ажилчдыг шалан дээр хэвтэхийг францаар тушаасан байна. Дээрэмчдэд дэлсүүлсэн цөөн тооны үйлчлэгч, хамгаалалтын ажилтнуудыг эс тооцвол хүн гэмтэж бэртээгүй агаад багтай этгээдүүд хүмүүсийг айлгах гэж тааз руу хэд хэдэн удаа бууджээ. Францын дугаартай мөнгөн саарал өнгийн “Audi” машин хөлөглөсөн этгээдүүд казиногоос ердөө 200м зайтай байдаг Францын хилийг даван алга болжээ.
Гэмт этгээдүүд “Flughafenstrasse” нисэх онгоцны буудал руу явсан байх хэмээн цагдаа нар таамаглаж байгаа бөгөөд Францын тал тэднийг баривчлахад туслахаар болсон байна. Казиногийн менежер Майкл Фаврод “Түүхэндээ манай казино ийм халдлагад өртөж байгаагүй. Урьд нь халдлагын үеэр ямар арга хэмжээ авах хэрэгтэйг зааж сургаж байсан. Амьдрал дээр бүх юм өөр байдаг юм байна. Хүний амь эрсдээгүй нь аз” гэсэн байна.
Тайван амгалан Европт сүүлийн үед ийм хэрэг мэр сэр гарах болсон агаад гуравдугаар сарын эхээр Берлинд покерын тэмцээний шагналын мөнгө болох 320.000 доллар дээрэмдсэн этгээдүүдийг Германы цагдаа нар саяхан баривчилсан. Энэ удаа казиногоос хэдэн доллар дээрэмдсэн нь тодорхойгүй байна.   
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)