Ш.Баярсайхан: Барилгын салбарт хөрөнгө оруулалтын шаардлага хангаж, хөрөнгө татах боломжийг нээнэ

“Монголын үндэсний инженерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ш.Баярсайхан барилга байгууламжийн цахилгаан хангамжийн системийн тоног төхөөрөмжийг угсрах, ашиглахтай холбоотой барилгын дүрэм, стандартыг шинэчлэх асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болоод Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү нарт хүсэлт илгээгээд буй.

Уг хүсэлтэд цахилгаан хангамжийн системийн тоног төхөөрөмж угсрах, суурилуулах болон ашиглах арга ажиллагааг боловсронгуй болгох, олон улсын жишиг, хандлагад нийцсэн үндэсний дүрэм, стандарттай болох зорилгоор Америк, Канад улсад хэрэглэгдэж байгаа цахилгаан хангамжийн дүрэм, стандартыг Европын орнуудын туршлага, судалгаанд тулгуурлан өөрийн орны онцлогт нийцүүлэн боловсруулахаар төлөвлөж буй. Ингэхийн тулд цахилгаан эрчим хүчний чиглэлээр нарийн мэргэшсэн хүмүүсээс бүрдсэн мэргэжлийн баг байгуулан ажиллаж буй талаар дурдаад холбогдох асуудал хариуцсан төрийн байгууллагуудын дэмжлэг туслалцаа авах, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“Монголын үндэсний инженерүүдийн холбоо” ТББ ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ. Хэзээ үүсгэн байгуулагдав?

-Холбоо маань анх 2012 онд байгуулагдаж байсан. Олон улсын барилгын цахилгааны дүрэм, стандарт, кодлолыг Монголд нутагшуулах ажлыг төслийн баг зохион байгуулан, “NFPA70: NEC IEC” хэмээх цахилгааны код, дүрэм, стандарт болон гарын авлага хавсарсан номыг эх хэл дээр орчуулан нэвтрүүлэхийг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, цахилгаанаас үүдэлтэй аюулаас хүн болон үл хөдлөх хөрөнгийг хамгаалах, тав тухтай орчинг бүрдүүлэх, галын аюулаас хамгаалах, салбарласан цахилгаан хэлхээний хүчдэлийн алдагдлыг бууруулах, ашиглалтын трансформатор шатах, муудахаас урьдчилан сэргийлж, аюулгүй найдвартай байдлыг хангасан олон улсын туршлагыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Ингэснээр галын аюулгүй, хүний эрүүл амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэх болон үйлдвэрлэл, үйлчилгээний найдвартай, тогтвортой нөхцөлийг хангах, шинэ ажлын байр бий болгох, инженер техникийн ажилчдын (ИТА) мэдлэг ур чадварыг дээшлүүлж хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх, тэдэнтэй нэг хэлээр ярих, мэргэжилтэн солилцох, цаашлаад манай улс олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломж бий болох юм.

-Энэхүү ажлыг хийх болсон шалтгаан тань юу вэ?

-Би өөрөө цахилгааны мэргэжилтэй хүн. Америк, Канад улсын нутаг дэвсгэр дэх бүх салбарыг эрчим хүчээр хангах, эрчим хүчтэй холбоотой стандартыг хамтран боловсруулж хэрэгжүүлдэг чиг үүрэг бүхий Америк, Канадын хамтарсан “National Electrical Contractors Association” (NECA) буюу Үндэсний цахилгааны ажил гүйцэтгэгчдийн нийгэмлэг болон “International Brotherhood of Electrical Workers” (IBEW)  буюу Олон улсын цахилгааны мэргэжилтнүүдийн ахан дүүс холбоонд 2001-2013 он хүртэл 12 жил ажилласан туршлагатай. Ажиллаж байх хугацаандаа олон улсын цахилгааны эрх бүхий мэргэжилтэн болсон.

Яагаад заавал энэхүү кодлолыг Монголд нутагшуулах шаардлага тулгарсан бэ гэхээр 2001 онд олон улсын холбоонд ажиллаж эхлэхэд хэлнээс эхлээд стандартыг нь мэдэхгүй гэх мэт олон хүндрэл бэрхшээл тулгарч байсан. Ийм бэрхшээл ганцхан надад биш инженер, техникийн мэргэжилтэй хүн бүрт тулгардаг. Иймд салбар нэгт ажилчдынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх ёстой юм байна гэж шийдсэн. Энэхүү шийдвэр маань цааш явсаар дэлхийн стандартыг кодолж эх нутагтаа нутагшуулж, ирээдүйн боловсон хүчнүүдэд мэргэшүүлэх шаардлагатай гэсэн зорилтод хүрсэн. Иймээс сүүлийн таван жилийн турш судалгааны ажилд бүх цаг заваа зарцууллаа.

-Судалсан номынхоо тухай дэлгэрэнгүй тайлбарлана уу.

-1897 онд анх хэвлэгдсэн Үндэсний галын аюулаас хамгаалах нийгэмлэгийн стандарт 70 тулгуурласан Үндэсний цахилгааны код болон олон улсын цахилгааны код буюу NFPA 70; NEC, IEC нь онол практик хосолсон инженеринг болон хөгжиж иржээ. Энэ нь тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллагын шаардлага болон галын аюулгүй, найдвартай, тав тухтай байдлыг хангаж байна. Үүнд эрчим хүчээр хангагдаж байгаа бүх салбарын барилга, байгууламжийн угсралт хамаарагдаж байгаа.

Уг номонд энэхүү стандартын хамгийн боловсронгуй хэлбэрийг хэрхэн яаж ашиглах талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Уг стандартыг дэлхийн 173 орон хэрэгжүүлж байна. Харин манай улс хуучин ЗХУ-ын 1968 онд боловсруулсан стандартыг 1978 онд оруулж ирээд, түүнээс хойш тасралтгүй хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ дөрвөн удаа шинэчилж боловсруулсан ч олон улс болон дэлхийн стандартчиллын нэгдлийн шаардлага хангахгүй байгаа. Мөн үйлдвэрлэгчийн стандарт болон цахилгааны хэрэглээний шаардлагыг хангаж чадахгүй байна.

Тодруулбал, ЗХУ-ын дүрмийн агуулга нь шугам, сүлжээ тал руугаа чиглэсэн байдаг. Гэтэл дэлхийд өнөөдөр барилга болон шугам сүлжээ доторх систем нь хоёр өөр зүйл болон хөгжиж байна. Энэ дундаас хэрэглэгчийн систем асар хурдацтай хөгжиж байна. Гэтэл манайд хэрэглэгчийн системийг хамгийн их орхигдуулж байна. Жишээлбэл, зурагт, радио зэрэг нарийн мэдрэмтгий төхөөрөмжүүдийг цахилгаантай холбоход асар нарийн техник шаарддаг. Харин уг стандартын дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас осол их гарч байна.

-Сүүлийн таван жилийн хугацааг зөвхөн судалгаандаа зарцуулсан гэлээ. Тэгвэл санхүүжилтээ хаанаас босгосон бэ?

-“Монголын үндэсний инженерүүдийн холбоо” ТББ  одоогийн байдлаар дорвитой үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Харин миний бие өөрийгөө таван жилийн турш санхүүжүүлээд судалгаагаа хийсэн. “International Brotherhood of Electrical Workers” (IBEW) холбоонд ажиллаж байх үедээ би нэг цагт 42 ам.долларын цалин авдаг байсан учир өөрийгөө хангалттай санхүүжүүлж чадсан.

Өндөр цалинтай ажлаа хаян байж ирсэн минь учир шалтгаантай. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд гадаадад сурч, ажиллаж буй монголчуудыг “Сурч мэдсэн мэдлэг, туршлагаа эх орондоо ирж хэрэгжүүл” гэсэн уриалга гаргасан. Энэ уриалгыг миний бие талархан дэмжиж, хүлээж авсан. Би “хүний газар”-т хангалттай ажиллаж амьдарсан. Одоо сурч мэдсэн зүйлээ хойч үедээ өвлүүлж үлдээх цаг минь болсон гэж бодож байна.

-Системийг Монголдоо оруулж ирэхийг хүссэн өргөдлийг шийдвэр гаргах түвшинд 40 гаруй удаа өгсөн гэсэн. Энэ ажил хэр урагштай явж байна вэ?

-Засгийн газарт танилцуулахад их сайхан дэмжиж байсан. Харин салбарын яамдад ажил гацсан байдалтай байгаа. Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам болон Барилгын хөгжлийн төвөөс хамтран ажиллах шийдвэр гараагүй байна. Тус яамдад нийт 40 гаруй албан бичиг хүргээд төдийлөн амжилт олоогүй учир Ерөнхий сайдад хандаж хүсэлт илгээсэн байгаа. Гэхдээ Монголоо гэж зорьсон ажил минь зөв учраас зөв үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Ажлынхаа үр дүнг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Юун түрүүнд манай улс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх юм. Ингэснээр барилгын салбарт хөрөнгө оруулалтын шаардлага хангаж, хөрөнгө татах боломж нээгдэнэ. Хоёрдугаарт, хэрэглэгчдийн эзэмшлийн цахилгаан утасны эдлэх хугацааг уртасгана.

Гуравдугаарт, барилга дотор салбарласан цахилгаан хэлхээн дэх хүчдэлийн алдагдлыг бууруулсан олон улсын туршлага бий. Энэ нь 04 кВ-ын трансформаторыг халж муудах, шатахаас хамгаална. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний яамнаас энэ жилийг “эрчим хүчний хэмнэлтийн жил” гэж заралсан байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрүүд хөгжих илүү таатай орчин бүрдэнэ.

-Стандартыг кодолж нутагшуулахад хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх шаардлагатай байгаа вэ?

-“NFPA70: NEC IEC” хэмээх цахилгааны код, дүрэм, стандарт болон гарын авлага болгон ашиглах метриалыг хавсарсан оруулсан номыг эх хэлнээ орчуулж, сургалтын тогтолцоонд нэвтрүүлэх нэн шаардлагатай. Тус ном нь 1300 гаруй хуудастай. Ганц ном орчуулаад ажил дуусахгүй. Тухайн номонд бичигдсэн дүрэм, стандартуудыг өөрийн орны онцлогт нийцүүлэн боловсруулна. Ийм хоёр үе шаттай хэрэгжүүлж ажиллана.

Үүнээс гадна тус номтой холбоотой (сургалт, шалгалтанд бэлтгэх, гарын авлага хавсаргаагүй зөвхөн дүрэм, стандарт) гэх мэт 30 орчим ном бий. Тэр бүгдийг судалж хойч үедээ үлдээнэ.

-Ярилцсанд баярлалаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)