​Шашинд торлогдсон монголчуудыг шинэ хууль аврах уу


Христийн номлогч бүсгүйчүүд сард 2-3 удаа ёс юм шиг хаалга тогшиж “Эмээ байна уу. Эмээд үүнийг өгчихөөрэй” гээд шашны суртал ухуулгын ном, гарын авлага тараадаг байв. Саяхнаас харин манай байрныхан урилгагүй зочдыг гэрээсээ хянадаг домофон системтэй болсноор эмээ минь тайван суух болов. Насаараа эмч хийсэн, шашин шүтлэг гэх юмгүй хүнийг хүртэл цуглаандаа элсүүлчих гээд уйгагүй хөөцөлддөг, хазгай хэлтэй бүсгүйчүүд хэчнээн эмээ, өвөөгийн тархийг “угаасан” бол. “Ээжийн найзууд гэж цуглаан хэссэн хэдэн хүн байх юм. Өөрсдөө мөрөөрөө очихгүй хүүхэд дагуулаад явчихна.
Энэ янзаараа манай гудамж, хорооны багачууд мөдхөн христэд итгэгч болох байх” хэмээн нэг найз минь ярьж билээ. Галтай, галгүй гэрт зутарч, хоолтой, хоолгүй ховигнож суухын оронд сүмийн цуглаанд очиж, тухтай ундалж цайлсан шиг ээ олонтойгоо бужигнах гэсэн амьдралын аар саар хэрэгцээ хөгшчүүдийг тийш хөтөлдөг байсан бол өдгөө арга нь улам боловсронгуй болжээ. “Ач, зээгийн тань хичээлийг бид давтуулаад өгнө, манайд бас ийм, тийм сургалт үнэгүй хичээллэдэг гэх зэргээр татгалзах аргагүй саналыг зорилтот бүлгийнхэнд тавьж, өвөө, эмээ нарынх нь шууд оролцоотойгоор “фронтоо” зузаатгах болсон аж.
Сүүлийн хоёр жилд зөвхөн Улаанбаатарт шашны 44 байгууллага шинээр нээгдсэний дийлэнх нь христийнх гэхээр энд ямар их эрэлт хэрэгцээ үүссэнийг илтгэх биз. Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ бус, ходоодондоо, ахуйн хэрэгцээндээ захирагдан юу руу ч хамаагүй хошуурч байгаа ийм нөхцөлд “Хүн бүр шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэдэг Үндсэн хуулиар олгогдсон эрх яриад суух нь дэндүү хариуцлагагүй хэрэг. 1993 онд баталсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар Монгол Улсад шашны олон байгууллага зэрэгцэн оршиж, үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, улмаар 1994 оноос сүм, хийд шинээр байгуулах зөвшөөрөл олгож эхэлсэн түүхтэй.
Тухайн үед улсын хэмжээнд 93 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байсан бол 2017 он гэхэд энэ тоо 344 болтлоо нэмэгдсэн бөгөөд шашны байгууллагуудын 52.3 хувь нь христийн, 39.5 хувь нь буддын, 6.1 хувь нь исламын, үлдсэн 2.1 хувь нь бусад чиглэлийнх гэсэн статистик байна. Түүнчлэн ХЗДХЯ-наас хийсэн шалгалтын дүнгээс үзэхэд, Монголд зургаан төрлийн шашны 20 гаруй урсгал нэвтэрсний зэрэгцээ 848 хуулийн этгээдэд бүртгэлтэй (54.2 хувь нь христийн, 34.6 хувь нь буддын) тэдгээр байгууллагын 352 нь албан ёсны зөвшөөрөлгүй аж. Католик шашин руу хөрвөх тооцоолоогүй төвүүдэд Монгол, Швед, Алжир улс багтсаныг америк сэтгүүлч Майкл Дэвис зүгээр нэг бичээгүй байгаа биз.

Бид өөрсдөө ч анзааралгүй шашинд торлогдчихоод байна. Тэр ч бүү хэл, нийслэл болон 21 аймгийн ИТХ-аас шашны байгууллагуудад зөвшөөрөл олгохдоо тус бүртээ өөр журам мөрдөж байсан гэхээр манайд шашны харилцаа ямар ч зохицуулалтгүй явж ирснийг, яаж хөл, толгойгоо алдсаныг төвөггүй хэлээд өгнө. Гэтэл төрийн эрх баригчид өнгөрсөн хугацаанд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд ганц ч удаа “гар хүрээгүй” байж байгаад сая нэг Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль нэрээр шинэчилсэн найруулгын төслийг нь боловсруулаад буй.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг “Шашны байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт, бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоо, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох” чиглэлээр шинэчлэх зорилго дэвшүүлсэн гэх уг хуулийн төсөл тэгээд өнөөдрийнх шиг хараа хяналтгүй, эх захгүй байдалд төрийн түмэн нүд хором ч цавчихгүй хянах тогтолцоог бүрдүүлж чадах болов уу. “Иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх, шашны бүлэг болон шашны байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгоор тэдгээрийн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлагыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн тодорхойлсон. Энэ хүрээнд иргэн, шашны бүлэг, шашны байгууллага нь хууль тогтоомж зөрчөөгүй тохиолдолд тэдний үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцохгүй байх” гэдэг үг өгүүлбэр одоо хийнэ гээд буй шинэлэг зохицуулалтынх нь хамгийн түрүүнд байх аж.

Тэртэй тэргүй төрөөс огтын хамааралгүйгээр шүтэх, эс шүтэх эрхээ эдэлж буй “зорилтот бүлгийнхэн” хийгээд хаа дуртай газартаа сүм байгуулж, шашны элдэв бүлгийн үйл ажилллагаандаа хэнийг ч хамаагүй татан оролцуулж буй байгууллагынхны хараат бус байдлыг үүнээс илүүгээр яаж бэхжүүлэх гэсэн юм бол. Түүнчлэн 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн нь энэ хуулиар шашны бүлэг (10-аас дээш хүнтэй), шашны байгууллага үүсгэн байгуулах эрхтэй болж байгаа юм билээ. Эрхээ эдэлнэ гээд одоо нөгөө эмээ нар 10-уулаа нийлж шашны бүлэг байгуулчихсан сонгуулиар улстөржөөд, нийгмийн хагарал бутрал дээр тос нэмэн гал авалцуулахыг үзэх хувьгүй өдөр ирэх юм биш байгаа. Учир нь өдгөө Монголд өнгөлөн далдалсан гоё нэрийн доор аль нэг шашны урсгалынхан нэгдээд нам байгуулах, эсвэл хэд хэдэн сүм нийлээд улс төрийн намуудыг дэмжигчдийн холбоотой боллоо гэхэд түүнийг мэдэх боломж үгүй гэдэг.

Шашин бол нийгмийн оюун санааг хааш нь ч эргүүлж мэдэх асар хүчтэй зэвсэг учраас олон улс орны төр, засаг энэ асуудлыг ямар нэгэн байдлаар хянаж, хязгаарлах шаардлагатай гэж бодлогоор зохицуулдаг аж. Тэр тусмаа монголчууд шиг гэнэн итгэмтгий, мухар сүсэгт автахдаа амархан хүмүүсийн тухайд олон шашны эмх замбараагүй урсгалын нөлөө улс төрийн намуудаас улбаатай талцал хагарал дээр нь нэмэгдвэл юу болохыг таахад бэрх.

Иргэдийнхээ шүтэх, эс шүтэх эрхийг хангах нэг хэрэг. Харин ард иргэдээ шашнаас болоод өөр хоорондоо тэрслэн босож, мөргөлдөөн үүсгэх хэмжээнд хүргэхгүй байхад төр, засгийн бодлого чиглэх учиртай. Үүний тулд л дээрх хуулийн шинэчиллээс том хүлээлт нийгэмд үүсээд байгаа юм.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Хамба ламгүй, 15 мянга гаруй гишүүнтэй сүм


Баянзүрх дүүрэг дэх Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийг зорьж очсон юм. Донжтой загвар, цэвэрхэн хийцтэй, гадуураа төмөр хашаатай дөрвөн давхар саарал байшинд ороход монгол, гадаад залуучууд үүдний буйданд тухлан англиар ярилцана. Европ төрхтэй хоёр охин нэг удаагийн савтай хоол барин хажуугаар өнгөрлөө. Жижүүр нь сурвалжлах баг ирсэн тухай удирдлагадаа хэлэхээр цахилгаан шатаар жирийж одсон хойгуур мэдээллийн самбар дахийг гүйлгэж уншсан юм. Англи хэлний анхан болон дунд шатны, мөн тусгай сургалтад хүссэн хэнийг ч үнэ төлбөргүй хамруулдаг тухай зарлал байх нь анхаарал татав. Үйлчлэгч бүсгүй “Энэ их өгөөжтэй сургалт. Америкаас ирсэн багш нар ярианы англи хэл заадаг. Хүмүүс хэдхэн удаа яваад зүгширдэг” хэмээж байлаа.

Тус сүмийн ажлын албаны захирал У.Соёлмаа найрсгаар хүлээж аваад, Олон нийттэй харилцах албаны захирал Г.Түвшинжаргалыг сүмээ танилцуулахыг хүссэн.

Гэрэлтсэн цагаан царайтай, байнга инээмсэглэж ярьдаг эмэгтэй давхар бүрээр дагуулан, аль өрөөнд хэн суудаг, ямар ажил эрхэлдэг тухай хэллээ. Барилгын, материал хангамжийн, орчуулгын гэх зэрэг албатай аж. Орчуулгын албаныхан мэдээллийг НҮБ-ын стандартын түвшинд англиас монгол руу орчуулж түгээдэг ажээ. Мөн санхүүгийн алба, англи хэлний сургалтын анги, эмчийн өрөө байна. Энэ сүмд хамба лам (пастер) байдаггүй аж. Олон мянган гишүүнд салбар салбар хариуцаж үйлчилдэг удирдах хүмүүс л гэж бий. Тэднийг нь ерөнхийлөгч гэдэг юм байна. Төрөл бүрийн ажил, мэргэжилтэй тэдгээр хүн зав чөлөөгөөрөө сайн дураар гишүүдэд үйлчлэх ажлаа сэтгэл ханамжтай хийх нөхцөлийг ажлын албаныхан бүрдүүлдэг байна.

“Deseret” гэж сүмийн гишүүдийн хандив, тусламжаар хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай. Эднийх хамгийн сүүлд Клиникийн I эмнэлгийн Нүдний тасагт 1.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хандивлажээ. Өнгөрсөн зун Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах зорилгоор дөрвөн худаг гаргаж өгчээ. Сүмийн салбар ч байхгүй газарт сайн санааны үүднээс хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн нь тэр. “Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцсон СИОН хамтлагийн залуус энэ сүмийн гишүүн ажээ. Зургууд нь ханаар нэг өлгөөстэй.

Цайны цаг таарчээ. Булангийн өрөөнөөс амьсгаадсан чимээ гарахаар нь хараа явуулбал булчинлаг гурван залуу дасгал хийж байна. Тэдний нэг Шашны семинар институтийн захирал О.Одгэрэлтэй танилцаж, сүмд хийдэг ажлаа танилцуулахыг хүслээ. Тэрбээр “Би 23 дугаар дунд сургууль, ОХУ-д дээд сургууль төгссөн, ойн инженер мэргэжилтэй. 16 жил мод тарьж, эрдэм шинжилгээний ажил хийсэн. Сүмд бол шашны боловсрол хариуцаж ажилладаг. Шашны сургаал заадаг багш нарыг бэлтгэдэг юм. Христийн шашинтай амьдралаа холбоод 25 жил болж байна” хэмээн ярив. Христийн шашин, тэр дундаа “мормон” гэх албан бус “хоч”-той урсгалын мөн чанарыг цөөн үгээр тайлбарлахыг түүнээс хүсэхэд “Ер нь бол амьралын хэв маяг юм. “Мэргэн ухааны үг”-д идэж, ууж, хэрэглэж болохгүй таван зүйл гэж архи, тамхи, цай, кофе, мансууруулах бодисыг заасан байдаг.

Яагаад хориглосон байдаг вэ гэхээр энэ бүхэн хүнийг донтуулдаг. Эдгээрийн төлөө амьдралаа зориулдаг хүн ч байдаг. Заавал шашин ч биш, ямар нэг зүйлийг чөлөөтэй шүтэж бишрэхийн тулд өөр ямар нэг зүйлээс хараат байх ёсгүй. Архи, тамхи, мансууруулах бодис гэдэг бол бүр өвчин. Бас чөлөөтэй шүтэж бишрэхийн тулд ядуу байж болохгүй. Ядуурлаас яаж гаргах вэ. Боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй. Сурах нас нь хэтэрсэн бол яах вэ. Тэгвэл хүүхдийг нь сургана. Иймэрхүү амьдралын хэв маягийн тухай ойлголт юм. Хүн архи уухгүй, тамхи татахгүй, гэр бүлээс гадуур харилцаа тогтоохгүй байхад бүх талаар тайван амгалан, сайхан амьдардаг. Юу хийнэ, бүгд чөлөөтэй. Цай уухгүй яаж болдог юм бэ гэж хүмүүс асуудаг. Ус, хярам, жимсний шүүс ууна. Уух юм бишгүй” гэлээ.

Олон нийттэй харилцах албаны захирал Г.Түвшинжаргал “Хүнд тусалж амьдрах сайхан. Христ үүнд сургадаг. Бид Исүс Христийг үхээд амилсан гэдэгт итгэж, оюун санаандаа түүнд залбирдаг, загалмай зэргийг хиймэл гэж бодоод, үзээд шүтдэггүй.

Ажлын албаны захирал У.Соёлмаа Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн Монгол дахь үйл ажиллагааны талаар “Монголд 1994 оноос Хууль зүйн яамны зөвшөөрөлтэйгөөр албан ёсоор явуулж эхэлсэн. Одоо нийслэл болон Дорнод аймгийн Чойбалсан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнхараа болон Дархан-Уул аймгийн төвд хоёр, Эрдэнэт, Мөрөн, Ховдод үйл ажиллагаа явуулж байна. Христын шашны протестант, католик зэрэг олон урсгал байдаг. Хожмын үеийн гэгээнтнүүдийн урсгалыг 1830-аад онд сэргээж, дахин бий болгосон гэж үздэг. АНУ-ын Юта мужид төвтэй, дэлхийн бүх улсад салбар нэгжтэй, 17 сая гаруй гишүүнтэй. Монгол дахь гишүүдийн тоо 15 мянга гараад байна.

Гишүүн бүр сайн дураараа сүмдээ үйлчилдэг. Удирдагч нар цалин авдаггүй. Бүгд үндсэн ажилтай, зав чөлөөгөөрөө сүмдээ үйлчилдэг. Банкны эзэд, багш, эмч, дуурийн дуучид гээд бүхий л төрлийн мэргэжлийн хүмүүс бий. Шашин болгон хайр, энэрлийг түгээхийн төлөө байдаг гэж ярьдаг. Бид бусад бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг. Хүмүүсийн итгэл үнэмшлийг хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор бусад шашныхантай хамтарч ажилладаг, ялангуяа сайн үйлсийн төлөөх ажилд тэргүүлж оролцдог. Шашинтай, итгэлтэй хүн ямар нэг асуудал тулгарахад гарц байгаа гэдэгт итгэдэг болохоор сэтгэлийн хямралд орох нь харьцангуй бага. Бурхантайгаа яриад тусламж авчихна. Итгэл, сүсэг бишрэлээрээ дамжуулан зөв зарчмуудаа хэрэглээд ямар ч асуудлыг хүндрэл багатай давж гардаг. Тийм болохоор амар амгаланг мэдэрдэг газар бол сүм” гэлээ.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Хуулиараа албан ёсоор дэмждэг ч үйл ажиллагаанд нь хатуу хяналт тавьдаг

Шинжлэх ухааны судалгаанаас үзвэл, манай гаргийн улсуудын 20 гаруй хувь нь шашныг албан ёсоор төрийн хэмжээнд авч үздэг буюу Үндсэн хуульдаа ямар шашин шүтдэгээ онцгойлон заасан байдаг. Тэдгээрийн ихэнх нь исламын шашинт улс. Жишээлбэл, Исламын Бүгд Найрамдах Иран Улс хэмээн улсынхаа албан ёсны нэрд шашнаа тусгаж, шашны тэргүүн нь Ерөнхийлөгчөөсөө илүү эрх мэдэлтэй байдаг. Бас 20 хувь нь аль нэг шашныг дээдэлдэг, өөрөөр хэлбэл, төр барихад оролцдоггүй ч зан үйлийг нь улс даяар дагаж мөрддөг гэж “Guardian” сонинд мэдээлжээ.

АНУ-ын Вашингтон хот дахь эрдэм шинжилгээ, судалгааны “Pew research” төвийн шинэ судалгаанаас харвал, дэлхийн улсуудын 53 хувь нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн, эсвэл дээдэлдэг шашинтай бол 10 улс ямар ч шашныг ил тод бөгөөд идэвхтэй эсэргүүцдэг гэнэ. Төрийн хэмжээнд шашнаа хүлээн зөвшөөрсөн 43 улсын ихэнх нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутагт, 27 нь Азид, цөөн хэд нь Европын хойд хэсэгт оршдог байна. 13 улс, тэдгээрийн дотор Европын есөн орон христ, Бутан, Камбож хоёр будда, Израил ганцаараа иудейн шашныг албан ёсоор төрийн хэмжээнд шүтэж биширдэг. Харин хиндү шашныг Энэтхэг болон өөр бусад улсад төрийн хэмжээнд шүтдэггүй ч манай гаргийн нэг тэрбум орчим хүн үүнд итгэж, сүсэглэдэг байна. Үүнтэй холбоотойгоор судлахад, дэлхийн хүн амын гуравны нэг нь христ, дөрөвний нэг нь мусульман байдаг аж. Тодруулбал, хүн төрөлхтний 32 хувь буюу 2.2 тэрбум нь христ, 23 хувь буюу 1.6 тэрбум нь ислам, 15 хувь буюу нэг тэрбум нь хиндү, долоон хувь буюу 500 сая нь будда, 0.2 хувь буюу 14 сая нь иудейн шашин шүтэж байна.

“Зарим тохиолдолд төрийн хэмжээнд авч үздэг гэх шашин нь бэлгэдлийн төдий үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн ч хуулийн, эсвэл татвар, үл хөдлөх болон бусад хөрөнгө эзэмших, төсвөөс санхүүгийн тусламж авахад хөнгөлөлт үзүүлэх зэргээр төрөөс дэмжинэ. Үүний сацуу шашныг албан ёсоор дэмждэг орнуудад төр нь сүм, хийдийнхээ зан үйлийг хатуу хянаж, бусад шашин, ялангуяа цөөнхийн шүтлэгт янз бүрийн хязгаар тавьж, эсвэл эрс хориглож байна” гэж “Pew research” төвийн судалгаанд дурджээ. Мөн “Хэд хэдэн улсад албан ёсоор хүлээн зөвшөөрсөн шашиндаа эртний уламжлал, түүхэн өв мэтээр хандаж, Засгийн газраас нь ямар ч дэмжлэг, хөнгөлөлт үзүүлдэггүй. Гэтэл зарим нь төрөөс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн шашнаа заавал шүтэж бишрэхийг бүх иргэндээ тулгадаг” болохыг онцлон тэмдэглэжээ. Дээр дурдсан, шашны байгууллагын үйл ажиллагааг хатуу хянадаг, эсвэл аль ч шашныг идэвхтэй эсэргүүцдэг 10 улсад Хятад, Куба, Умард Солонгос, Вьетнам болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс багтсан байна. “Тэдгээр улсын төрийн түшээд шашны зан үйл, тэрчлэн шашны бүлгүүдийн улс төрийн үйл ажиллагаанд хатуу хяналт тавихыг эрмэлздэг аж.


БАЙР СУУРЬ

ХЗДХЯ-аас олон нийтээр хэлэлцүүлж буй Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар судлаачид юу хэлэв.

Шашны асуудлыг аж ахуйн нэгжийн байр сууриас харжээ

С.ДЭМБЭРЭЛ (МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн багш):

-Судалгаа муу хийжээ. Шашны байгууллагуудын тухай тоо баримт, ангилал гэх зэрэгт дутагдалтай зүйл олон байна. Хуулийн олон шинэ заалт өмнөхтэйгөө зөрчилдөж байгаа нь нэлээд ажиглагдсан. Европ, тэр дундаа христийн шашинтай улс орнуудын хуулийг тэр чигээр нь орчуулаад тавьчихсан ч юм шиг. Монголын уламжлалт түүх, соёл, ёс заншлыг харгалзаж үзсэн нь тун бага. Мөн гаднын шашны гаж урсгал орж ирэх, үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлийг энэ хуулиар хааж, нарийн зохицуулж өгөөгүй байна. Хууль боловсруулахад шашин судлаачдыг оролцуулаагүй. Зөвхөн хуульчид л ажилласан нь шүүмжлэлтэй. Шашны асуудлыг зохицуулах төрийн институцийн асуудлыг нарийн тодорхойлж өгөх хэрэгтэй. Үүнд ч шашин судлаачдыг оролцуулах ёстой. Яагаад өнөөдрийн нийгэмд шашны тухай асуудал тулгамдаад байна гэхээр шашны байгууллагуудыг бүртгэж, зөвшөөрөл өгч байгаа нь мэргэжлийн бус хүмүүс байна. Шашны байгууллагыг зүгээр л нэг аж ахуйн нэгжийн байр сууриас харж үзээд байгаа нь буруу, болих хэрэгтэй.

Энэ хуулийн үндсэн агуулга нь буруу


С.ЯНЖИНСҮРЭН (МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор):

-Олон нийтээр хэлэлцүүлж буй Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг эргэж харах, авсан саналуудаа цуглуулж нэгтгэх, түүнийгээ тусгах талд сайтар ажиллах байх гэж бодож байна. Хэрвээ тэгэхгүй бол Монгол Улс шашны инкубатор болох аюулд ороод байна. Энэ нь төрөөс сүм, хийдийн, шашны институцүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах тухай хууль юм. Гэтэл түүнийг Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний хууль гэж нэрлэх шаардлага байхгүй байх. Судлаачийн хувиар хуулийн хэлэлцүүлэгт очиж, сонссон. Иргэд болон мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонсож байгаа нь том

дэвшил юм. Гэхдээ уг хуулийг боловсруулах багт манай улсад байгаа 250-иад шашин судлаачаас хэнийг ажиллуулав. Тодорхойгүй. Хэлэлцүүлгийн үйл явцаас хууль боловсруулахад мэргэжлийн шашин судлаач оролцуулаагүй, хуулийн үндсэн агуулга буруу гэдэг нь харагдсан. Шинэ төсөлтэй танилцсан иргэд “Монголчууд буддын соёлтой ард түмэн гэдгээсээ татгалзаж байгаа юм уу” гэж асууж байна. Эндээс харахад ч гэсэн хуулийн агуулга зөв үү, буруу юу гэдэг нь ойлгогдох байх.

Шашин маш олон үүрэгтэй. Энэ үүргийг хууль зүйн салбарынхан, хуульчид тодорхойлж чадаж байгаа. Үүн дээр нэмээд мэргэжлийн шашин судлаачидтай хамтрах юм бол илүү өндөр төвшинд тодорхойлно гэж бодож байна. Иймээс боломжтой бол хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг өргөтгөх тал дээр ХЗДХЯ уян хатан хандах байх гэж найдъя.

Найман хүн нийлээд шашны байгууллага байгуулах боломж олгож болохгүй

Х.БАТЫРБЕК (Монголын мусульманы нийгэмлэгүүдийн холбооны гүйцэтгэх захирал):

-Одоогийн байдлаар манай улсад дэлхийд байдаг шашин болон шүтлэгийн болох, болохгүй бүх урсгал, хэлбэр байгаа. Бүгд л ямар нэгэн шашин шүтдэг учраас тэр нь муу гэж нэрлээд яах вэ.

Уламжлалт болон бусад шашин зэрэгцэн, эвтэй байх хэрэгтэй, үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулах ёстой. Тийм учраас тэдгээрийг зохицуулах хуулийг шинэчлэх нь зайлшгүй.

1996 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиас “Шашны төв байгууллага байх ёстой” гэсэн заалтыг хассанаар бүх юм нээлттэй, замбараагүй болж эхэлсэн. Хэн нь хэндээ захирагдах, төрөөс яаж хянах зэрэг нь тодорхойгүй болсон. Христийн шашин хүч түрээд ороод ирэхтэй зэрэгцээд тэр заалтыг авч хаясан нь маш буруу. Тэр заалтыг бүрмөсөн авахын оронд христ гэдгийг эвийг нь олж нэмээд, төв байгууллагатай байна гэдгийг хэвээр нь үлдээсэн бол засаг захиргаатай байх байлаа.

Одоо хэлэлцүүлж байгаа хуульд ямар ч шашны, хяналт тавьдаг төв байгууллага байна гэж зааж өгөөсэй гэж бодож байна. Монгол Улс хоёрхон үндэстэнтэй. Тиймээс уламжлалт шашны нэгээр исламыг нэрлээсэй. Чингис хааны үед Хархорумд исламын сүм, хийд байсан түүх бий. Бусад шашныг үгүйсгэхгүй, бүгд тэгш эрхтэй. Мөн стандарт зааж өгөөсэй. Сүм, хийд барих бол хэмжээ, очих хүмүүсийн тоо, гаднах төрх ямар байх зэргийг тодорхой хэлээд өгчих хэрэгтэй. Стандартын шаардлага хангасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн акттай, газартай, хашаатай, бусад зүйл нь ойлгомжой байвал аль ч шашны сүм, хийд нийгмийн хөгжлийн толь байх болно. Тэгэхгүй бол одоогийнх шиг тэтгэвэрт гарсан өвгөн шашны номоос жаахан юм цээжлээд, хашаан дотроо байшин бариад, сүм, хийд гэж нэрлээд, үйл ажиллагаа явуулсан хэвээр байх болно. Зарим орны туршлага байна. Найман хүн нийлээд шашны байгууллага байгуулах боломж олгож болохгүй. Харин найман мянган хүн итгэж үнэмшдэг бол өөр хэрэг. Уламжлалт шашнаа авч үлдэх арга зам нь олон хүн хүлээн зөвшөөрсөн шашны чиглэлд үйл ажиллагаа явуулах эрх олгох юм.

Хүний суурь эрхийг төрөөс хэт хязгаарласан шинж төсөлд байна


Г.АРИУНБОЛД (Монголын эвангелийн эвслийн гүйцэтгэх захирал):

-Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Христийн Эвангелийн чуулгануудын төлөөллийн байгууллагын зүгээс тус төслийн талаар саналаа хэлье. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа хүний салшгүй суурь эрх болох шашин шүтэх, итгэл үнэмшилтэй байхыг баталгаажуулсан. Ингэхдээ Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн пакт зэрэг хүний эрхийн бусад суурь баримт бичигт

заасан шашин шүтэх эрхийг төр баталгаажуулан хангах үүрэгтэйгээр зохицуулсан байдаг. Энэхүү хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг харахад, зарим талаараа хүний салшгүй, суурь эрхийг төрийн зүгээс хэт хязгаарласан шинжтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)