Шахмал түлшний эко барьцалдуулагчийг Монголдоо үйлдвэрлэж эхэллээ

Монгол эрдэмтдийн олон жилийн туршилт, судалгааны үр дүнд “Баргил тех” компанийнхан шахмал түлшний эко барьцалдуулагч гарган авч, Монголдоо үйлдвэрлэж эхэллээ. Өнгөрсөн өвөл хэрэглээнд нэвтрүүлсэн шахмал түлшний найрлага дахь хүхэрлэг хий ДЭМБ-ын зөвшөөрөх хэмжээнээс хэд дахин их байсныг мэргэжлийнхэн судалж, шүүмжилсэн. Энэ нь барьцалдуулагчийн чанар муутай холбоотой байв. Олон улсад түлшнээс ялгарах хүхэрлэг хийг бууруулах 400 гаруй арга байдаг. Тэдгээрээс хамгийн үр дүнтэй, зардал багатай, түүхий эдийн олдоц ихтэй гидратын буюу бөсгөсөн шохойг тус компанийнхан ашиглан, хүхэрлэг хийг бууруулах арга олжээ. Тодруулбал, шахмал түлшний барьцалдуулагчид шохойг тусгай технологиор хольсноор хүхрийг агаарт бус, үнсэнд булах боломжтой. Учир нь гидратын шохой нь хүхэрлэг хийг өөртөө нэгдүүлж, шаталт дуусахад гипс болгон хувиргадаг байна. Монголчуудын гарган авсан эко барьцалдуулагч нь MNS 6738:2018 стандартыг 98 хувь хангасан, органик цардуулын нэгдэл бүхий инновацын бүтээгдэхүүн болсныг “Баргил тех” компанийнхан хэлсэн. Улаанбаатар хотын гэр хорооллын 216 мянган өрхийн нэг жилийн хэрэгцээнд дунджаар 600 мянган тонн шахмал түлш зарцуулна гэвэл үүний гурван хувьд нь буюу 18 000 тонн барьцалдуулагч шаардлагатай аж. Эл хэрэгцээг бүрэн хангах үйлдвэрийг Монгол Улсын зөвлөх инженерүүдийн баг угсарч, ашиглалтад оруулжээ. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр нь цагт 90 тонн барьцалдуулагч үйлдвэрлэх хүчин чадалтай тул импортыг 100 хувь орлох гэнэ. Ташрамд сонирхуулахад, уг барьцалдуулагч нь шахмал түлшний шаталтын явцад үүсдэг хүхэрлэг хийг дөрөв дахин бууруулсныг олон судалгаа, туршилтаар баталгаажуулжээ. Цаашлаад тус үйлдвэр улсад жилд дунджаар 6.5 тэрбум төрөгийн татвар төлж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд 13.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх тооцоо гарчээ.

Бэлтгэсэн: О.Оргилох