Шатахууны үнийг хямдруулах цаг

Энэ сар гарснаас хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ эргээд өсөж эхэллээ. “Brent” маркийн нефтийн ханш өнгөрсөн сарын 30-нд баррель нь 22 ам.долларт хүрсэн. Тэгвэл долоо хоногийн өмнө тогтсон ханш 34 “ногоон”-д хүрч, нэмэгдээд байна. Шинэ оны эхэнд баррель газрын тосны ханш 65 ам.долларт хэлбэлзэж байв. Тухайн үед ханш нь өснө гэсэн хүлээлт давамгайлж байсан. Тиймээс Засгийн газраас АИ-92 төрлийн шатахууны үнийг тогтворжуулах хэдж гэрээг “Би Ди Өү интернэйншл” компанитай зургаан сарын хугацаатай байгуулсан юм.

Хэдж гэрээ гэдэг нь эрсдэлийн сан байгуулан, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон үнийг тогтвортой байлгах зорилготой санхүүгийн үүсмэл хэрэгсэл. Манай улс түүхэндээ анх удаа шатахууны үнийг тогтворжуулах хэдж гэрээ хийсэн нь энэ. Эх сурвалжийн мэдээллээр, хэдж гэрээг баррель газрын тосны үнэ 71 ам.доллар байхаар суурилан хийсэн гэнэ. Энгийнээр тайлбарлавал, ийм гэрээг үзэглэснээр дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 71 ам.доллароос өссөн ч бид тогтвортой үнээр АИ-92 төрлийн шатахуун худалдан авах боломж бүрдүүлсэн гэсэн үг.

...ОХУ-аас шатахуунаа 100 хувь худалдан авдаг манай орны хувьд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хямдарсан нь боломж юм. Цар тахлын үед эдийн засаг хүндэрч иргэдийн орлого буурч байна. Тиймээс газрын тосны үнэ уруудсан боломжийг ашиглаж, хүнд үед иргэдээ хямд шатахуунаар хангах нь зүй...

Нэгэнт газрын тосны үнэ өсөх хүлээлттэй байсан учраас он гарангуут импортлогчид шатахуун нөөцөлж эхэлсэн. Нефтийн ханш дэлхийн зах зээлд тогтвортой үед импортлогчид нөөц бүрдүүлэхийг шамддаггүй. Учир нь импортлогчид нөөц бүрдүүлэхийн тулд банкнаас богино хугацаатай, өндөр хүүтэй ам.долларын зээл авдаг. Газрын тосны ханш тогтвортой байх, цаашдаа хямдрах хандлагатай үед импортлогчид шатахуун нөөцлөхөө багасгаж, өндөр хүүтэй санхүүжилт авахаас татгалздаг юм. Энэ бол зардлаа бууруулж буй арга нь. Импортлогчид нефтийн үнэ өснө гээд их хэмжээний шатахуун нөөцөлснийг Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлэл бэлхнээ харуулна. Монгол Улс одоогоор 40 орчим хоногийн шатахууны нөөцтэй байгаа. Хадгалах савныхаа бараг 80 хувийг шатахуунаар дүүргэсэн гэсэн үг. Манай улс 50-60 хоног хэрэглэх шатахуунаа нөөцлөх савтайг мэргэжилтнүүд хэлдэг. Нефтийн ханш тогтвортой үед импортлогчид 20-30 хоногийн л нөөц бүрдүүлдэг юм.

Засгийн газар эрсдэлээс хамгаалах гэрээ байгуулж, импортлогчид нөөцөө нэмэгдүүлсэн нь шатахууны үнэ өсөхөөс сэргийлэх зорилготой байлаа. Гэвч БНХАУ-д коронавирусийн халдвар гарч, дэлхий нийтээр тархан, аюулт өвчин цар тахлын хэмжээнд хүрснээр монголчууд шатахууны үнийг тогтворжуулах зорилгыг төдийгүй олон улсын эдийн засгийг орвонгоор нь эргүүлчихлээ. Хятад олон улсын олборлосон нийт газрын тосны 45 хувийг дангаараа “залгидаг”. Аюулт өвчин тархахаас сэргийлэн тус улс хөл хорио тогтоосноор газрын тосны бүтээгдэхүүний эрэлт их хэмжээгээр буурсан. Эл үйл явдал нефтийн ханш уруудахад голлон нөлөөлөв. ОПЕК-ийн 10 орон хэлэлцээд, өдөрт олборлох газрын тосныхоо хэмжээг 1.5 сая баррелиар багасаж, үнийг нь тогтворжуулах санал гаргасан. Гэтэл ОХУ, Казахстан газрын тос олборлолтоо бууруулахгүй гэж мэдэгдсэн юм. Тэдний мэдэгдлийг сонссон ОПЕК-ийн орнууд ч олборлолтоо бууруулах шийдвэр гаргаагүй. Харин дэлхийн хамгийн том олборлогч Саудын Араб ОХУ-тай тэрслэн, үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэв. Шинжээчид АНУ-ын явуулгаар Саудын Араб ийм мэдэгдэл хийсэн гэж таамаглаж байна. “Ковид-19”-ийн тархалтаас гадна газрын тосны хоёр том олборлогчийн толхилцооны дүнд баррелийнх нь ханш 22 ам.доллар луу “гулссан” юм. Энэ нь газрын тосны сүүлийн таван жил дэх хамгийн хямд үнэ.

Нефтийн ханш сүүлийн долоо хоногт 10 гаруй ам.доллароор өссөнийг шинжээчид Хятадын эдийн засгийн идэвхжил сэргэсэнтэй холбон тайлбарлаж байна. Өмнөд хөршийнхөн коронавирусийн тархалтыг саармагжуулж, халдваргүйжүүлэх арга хэмжээг эрчимтэй авсны дараа үйлдвэр, аж ахуйн газруудаа ажиллуулж эхэллээ. Ингэснээр шатах, тослох материалынх нь хэрэглээ нь нэмэгдэн, эрэлт үүсгэж байна гэж шинжээчид үзэв. Эрэлт үүсэхээр үнэ өсдөг жамтай.

ОХУ-аас шатахуунаа 100 хувь худалдан авдаг манай орны хувьд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хямдарсан нь боломж юм. Цар тахлын үед эдийн засаг хүндэрч иргэдийн орлого буурч байна. Тиймээс газрын тосны үнэ уруудсан боломжийг ашиглаж, хүнд үед иргэдээ хямд шатахуунаар хангах нь зүй. Шатахууны үнийг тогтвортой барих хоёр арга бий. Хямд шатахуун их хэмжээгээр худалдан авч нөөцлөх нь үнийг тогтвортой байлгах нэг арга нь. Нөгөө нь хэдж гэрээ хийж, эрсдэлийн сан байгуулан бензиний үнийг тогтворжуулах юм.

Хойд хөршийн “Роснефть” компани энэ сард шатахуун нийлүүлэх хямд үнийн санал манайханд ирүүлэх нь дамжиггүй. Угаас дэлхийн зах зээл дэх газрын тосны ханшаар жишиж, тусгай томьёогоор шатахууны үнийг тогтоох хэлэлцээрийг хоёр тал хэрэгжүүлээд удаж байна. Тэгэхээр импортлогчид энэ сард хямд шатахуунаар савнуудаа дүүртэл нөөцлөх хэрэгтэй. Дээр дурдсанчлан 60 хоногийн нөөц бүрдүүлэх сав манайд бий. Ийм хэмжээний хямд шатахуун нөөцөлж чадвал хоёр сарын

хугацаанд хямд шатахуун хэрэглэнэ гэсэн үг. Импортлогчдыг өртөг багатай санхүүжилтээр дэмжвэл энэ ажлыг амжуулахад дөхөм байх магадлалтай. Тэд оны эхэнд үнэтэй шатахуун нөөцөлчихсөн учраас санхүүгийн дутагдалтай байж мэдэх юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар шатахууны нөөц бүрдүүлэх бодлого баримталж буй. Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр тодорхой саналын төсөл бэлтгэснээ дуулгасан. Гэвч Засгийн газраас эцсийн шийдвэр гаргасны дараа олон нийтэд мэдээлнэ гээд “нууц”-аа дэлгэхээс татгалзлаа.

Ямартай ч Засгийн газраас нефтийн ханш уруудсан боломжийг ашиглах шийдвэр гаргах бололтой.

Засгийн газрын оны эхэнд хийсэн хэдж гэрээ үр дүнгээ өгсөнгүй. Хэлж ирээгүй хийсэж ирсэн гай гэдэг шиг аюулт өвчин гэнэт тархчихлаа. Үүнээс шалтгаалаад газрын тосны ханш огцом уруудав. Цар тахал нүүрлэнэ гэж хэн тооцоолоогүй учраас өмнөхийг гоочлоод юу хийх вэ. Харин дахиад 35 ам.доллароор суурь болгон хэдж хийвэл яасан юм бэ. Ийм гэрээг зургаан сарын хугацаатай хийе гэж бодъё. Тэгвэл шатахууны үнэ зургаан сарын хугацаанд тогтвортой байна гэсэн үг.

Шатахуун импортлогч зарим компани гадаадын трейдерээр дамжуулаад, хэдж гэрээ хийхээ дуулгаж байна. Бензиний жижиглэн худалдаа эрхэлдэг том компаниуд хэдж гэрээ хийчихвэл шатахууны үнэ тогтвортой байх нь ойлгомжтой. Шатахууны жижиглэн худалдааны зах зээлд олон компани ажилладаг ч хэдхэн нь 80 хувийг эзэлдэг билээ. Одоо л шатахууны үнийг “царцаах” цаг. Ингэхийн тулд Засгийн газар зоримог шийдвэр гаргаж, зохион байгуулалт хийн, импорлогчдыг бодлогоор дэмжих хэрэгтэй болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)