Шарав гуайд

Б.Шарав гуай

Таныг Хөдөлмөрийн баатар болсон өдөр уран бүтээлчид яаж баяр хүргэж байсныг анзаарсан уу. Хуучир, найрал хөгжимд зориулсан концертыг тань Шанхайн хөгжмийн дээд сургуулийн магистрант Э.Цэндсүрэн Консерваторын симфони найрал хөгжимтэй, маэстро, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбатын удирдлагаар хөгжимдсөнөө сонсгосон. Залуу төгөлдөр хуурч А.Ханболд төгөлдөр хуурт зориулсан “Торгууд нутаг” бүтээлийг тань эгшиглүүлэв. Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Э.Номин “Бүсгүй заяа” бүжгийн гоцлолыг тань “амилуулан”, уяруулан бүжсэнээ харууллаа. Та уг хөгжмийг турьхан, уяхан хэрнээ, хаанаас нь гардаг юм бол гэхээр эрэмгий энэ л бүжигчинд зориулсан мэт. Уг бүжгийн хөгжмийн ятгын гоцлолыг Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэд та даатгажээ. Хөгжмийн зохиолч, гоцлол хөгжимчин, бүжигчин гурвын гайхамшигт гурамсан бүтээл болсон юм билээ.

Хөгжмийн бүтээлүүдэд тань уран зураг үйлдээд бараг гүйцсэн зураач Т.Хулан уран зураг, хөгжмийн хосолмол бүтээл хийхдээ “Сэтгэлийн эгшиг”-ийг тань залуу төгөлдөр хуурч А.Ханболдын тоглосноор сонгосон байна билээ.

Тэнхээ тааруу хэрнээ хайртай гэргийдээ хаяглан морин хуурт зориулсан “Эхийн сэтгэл” шиг хэмээх хайрын шивнээ, энэрэхүйн дээд гэлтэй тансаг бүтээл туурвиж, морин хуурч Н.Жигжиддоржоор анхлан тоглуулахад танаас сэтгэлийн тэнхээ, тэсвэр, тэвчээрийг мэдэрч байлаа.

Ердөө өнгөрсөн өвөл хөгжмийн томоохон хэмжээний бүтээл туурвиж байна гэж сонссон. “Төгсөөгүй бүтээл” түмэн олондоо үлдээв үү дээ. Сэтгэл зовох юун, дэлхийн суутнуудын амьдрал ийм юм байх юм билээ. Хөгжимчин, хөгжмийн зохиолч, хөгжмийн онолч хүү тань дуусгаж, хөгжим, урлагаа дээдэлдэг хотол олон даяараа сонсож, гэгээн алсад одсон эрхэм хүндэт тандаа түмэнтээ талархах өдөр холгүй байх аа.

Хүн байхын үлгэрийг амьдрал, уран бүтээл, холбосон эгшиг бүхнийхээ хөг, аялгуугаар мэдрүүлсэн их хүмүүн та минь амгалан нойрс доо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)