ШАЛ ДЭМИЙ сайн дурын даатгал

Монгол Улсын хүн амын насжилт ирээдүйд өсөх бөгөөд 50 жилийн дараа таван хүн тутмын нэг нь 62-оос дээш настай байна гэх урьдчилсан тооцоог гаргажээ. Монголын нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх "Шинрай" төслийнхний дээрх таамаглалаар ирээдүйд хүн амын насжилт хэдэн хувиар нэмэгдэхийг хүснэгтээс харна уу.

80 настай япон оюутан гурван жилийн өмнө “Манайхан эмнэлэгт хэвтэхдээ нэг ч төгрөг төлдөггүй, тэтгэвэрт гарсныхаа дараа ахмадууд дэлхийг хэрэн аялдаг” гэж билээ. Тэрбээр Өвөрмонголын их сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид бидэнтэй хамт сурч байхдаа ийн ярьсан юм. 

Удалгүй тэрбээр Өвөрмонголыг голж, БНХАУ-ын Харбин хотын их сургууль руу шилжин сурах болсон. Олон орноор аялангаа суралцаж, сонирхолгүй бол төлбөрийн зөрүүнд нь түүртэлгүй өөр сургууль руу шилжин, хүссэнээ хийж, зоргоороо амьдардаг түүнд зарим оюутан цагаахан атаархдаг байлаа. Японы өндөр настнууд яаж санхүүгийн эрх чөлөөнд хүрдгийг хэд хоногийн өмнө мэдэв.

Монголын нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ито Цүнэто Японы тэтгэврийн тогтолцоо, хуримтлалын сангийн талаар мэдээллээ. Түүнчлэн Монголын нийгмийн даатгалын тогтолцоо нэг л биш гэдгийг анхааруулж, яагаад гэдгийг ч тайлбарласан. Япончуудын хийсэн судалгаар монголчуудын дундаж нас жил ирэх тусам нэмэгдэж буй. Энэ нь манай нийгмийн даатгалын тогтолцоонд эрсдэл учруулах магадлал өндөр гэнэ.

Япончууд 58 жилийн өмнө шууд хуваарилалтын болон хуримтлалын сангийн хос тогтолцоонд шилжсэн юм байна. Тэнд сайн дурын нийгмийн даатгал гэх ойлголт байдаггүй, бүгд албан журмаар нийгмийн даатгал төлдөг. Нийгмийн даатгалын санд төвлөрсөн мөнгө нь ахмадуудынхаа тэтгэвэрийг олгоход хүрэлцээд зогсохгүй илүү гардаг. Үлдсэн мөнгийг хуримтлалын санд төвлөрүүлж нийгмийн бусад халамжид зарцуулдаг аж. 

Японы иргэд 20 нас хүрээд албан журмаар даатгал төлөх хуультай. Оюутан, эсвэл ажилгүй бол нийгмийн даатгалаа таслахгүй, улсаас төлүүлэх хүсэлт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамандаа гаргаж болдог. Ажилтай болоод улсын мөнгийг буцааж төлөх үүрэгтэй аж. Япончууд бүх нийтээрээ албан журмын даатгалын системд шилжсэн 1961 онд хүн амын 43 хувь нь залуу, 5.7 хувь нь ахмад настан байжээ.

...Манай улс Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 онд баталсан. Уг хуулиар 1995-2017 онд сайн дураар даатгуулаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгосон. Насаараа ажил хийгээгүй хэрнээ зарим иргэн сайн дурын даатгалаа нэг удаа нөхөн төлөөд улсад олон жил ажиллаж, хөлсөө урсгасан иргэнээс илүү их тэтгэвэр авлаа гэх гомдол тухайн үед гарсан удаатай. Дээр нь нэлээд олон хүн нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар нөхөн төлж, улс тэдний тэтгэврийг олгож чадахгүйд хүрсэн. Тиймээс нийгмийн даатгалыг сайн дураар нөхөн төлөхийг 2020 он хүртэл хойшлуулсан...

Мөн эдийн засгийн хөгжлийн түвшин нь өнөөгийн Монголоос ч доогуур байсан гэх. Харин албан журмын даатгалаар хуримтлуулсан мөнгөө Японы Засгийн газар Сангийн яамаараа дамжуулан аж ахуйн нэгж, байгууллагад хүүтэй зээлж, хөдөө, аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулжээ. 

Үүний хүчинд Японы эдийн засаг хурдацтай сэргэж, хуримтлалын сангийн мөнгө нь ч үлэмж ихээр өссөн гэдэг. Өдгөө тус улсын аль ч салбарт хөрөнгө оруулах шаардлагагүй болсон тул хуримтлалын сангийн мөнгөнд “гар дүрэх” хэрэгцээ үгүй болжээ.

Одоо Монголын нийгмийн даатгалын тогтолцооны талаар япончуудын хийсэн судалгаатай танилцъя. Монгол Улсын хүн амын 70 хувь нь залуу үеийнхэн, 4.1 хувь нь өндөр настан. Одоогоор манай улсын 187 000 иргэн сайн дураар, 870 000 иргэн албан журмаар нийгмийн даатгал төлж байна. Харамсалтай нь, бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө хуримтлагдах нь байтугай аав, ээжүүдийн маань тэтгэврийг өгөхөд ч хүрэлцдэггүй.

Жишээ нь, 2017 онд тэтгэврийн даатгалын санд 877.1 тэрбум төгрөг төвлөрчээ. Энэ нь өндөр настнуудын тэтгэврийг тавихад хүрэлцээгүй тул улсаас нэмж 570.2 тэрбум төгрөг гаргасан байна. Тэтгэвэрт нийт 1.4 их наяд төгрөг зарцуулсан гэсэн үг. Жилийн жилд өндөр настны тэтгэврийг олгохдоо улсаас нэмж мөнгө гаргадаг аж.

Бид ч хөгширнө. Тэр цагт залуусынхаа хөдөлмөрлөж, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөөр тэтгэврээ авна гэсэн үг. “Шинрай” төслийнхний гаргасан судалгаагаар, ирээдүйд Монгол залуучуудын орон байхаа болино. Өдгөө 20 хүн тутмын нэг нь ахмад настан бол 50 жилийн дараа таван хүн тутмын нэг нь өндөр настан болж дээрх харьцаа өөрчлөгдөх нь. Ингэснээр ирээдүйд бид үр хойчдоо нэрмээс болно гэсэн үг. 

Үр хүүхдүүдийн минь төлсөн нийгмийн даатгалын шимтгэл ахмадуудын тэтгэвэрт хүрэхгүй, улсаас гаргах мөнгө нь одоогийнхоос хэд дахин нэмэгдэх бололтой. Тиймээс сайн дурын даатгалын систем Монголд тохирохгүй гэж “Шинрай”-гийнхан дүгнэжээ. Жишээ нь, аль нэг байгууллагад 40 жил ажилласан Б, насаараа хөдөлмөр эрхлээгүй хэрнээ тэтгэвэрт гарахаасаа өмнөх таван жилд өндөр шимтгэл төлсөн А-тай адил хэмжээний тэтгэвэр авахыг “Шинрай”- гийнхан шударга бус хэмээв. 

Тодруулбал, олонх малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэвэрт гарах дөхөхөөр л сайн дурын даатгал төлж эхэлдгийг тэд шүүмжилсэн. Тиймээс Монгол Улс шал дэмий сайн дурын нийгмийн даатгалыг халж, нийтээрээ албан журмаар даатгуулж, хуримтлалын сан үүсгэх нь ирээдүйд ашиг тусаа өгнө хэмээн зөвлөлөө.

Манай улс Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 онд баталсан. Уг хуулиар 1995-2017 онд сайн дураар даатгуулаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгосон. 

Насаараа ажил хийгээгүй хэрнээ зарим иргэн сайн дурын даатгалаа нэг удаа нөхөн төлөөд улсад олон жил ажиллаж, хөлсөө урсгасан иргэнээс илүү их тэтгэвэр авлаа гэх гомдол тухайн үед гарсан удаатай. Дээр нь нэлээд олон хүн нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар нөхөн төлж, улс тэдний тэтгэврийг олгож чадахгүйд хүрсэн. Тиймээс нийгмийн даатгалыг сайн дураар нөхөн төлөхийг 2020 он хүртэл хойшлуулсан.

“Шинрай”-гийнхны судалгааны дүнгээр, 50 жилийн дараа манай улсын таван хүн тутмын нэг нь 62 настай болж, өндөр настнууд хүн амын 26 хувийг эзлэх аж. Тиймээс одоо л хуримтлалын сан байгуулахгүй бол ирээдүйд ахмадууд тэтгэвэр авч чадахгүйд хүрнэ гэдгийг япончууд дахин дахин анхааруулж буй. 

Төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү энэ талаар “Монголд нэг талд нь маш их мөнгөтэй иргэн, нөгөө хэсэгт нь хөгжлөөс хоцорч үлдсэн бүлэг хүн байна. Дундаж давхаргынхан цөөн. Баян, хоосны ялгаа их байна гэсэн үг. Ирээдүйд өндөр настны тоо улам нэмэгдэх учраас одооноос хуримтлалын сан бүрдүүлж, дундаж давхаргыг зузаатгаж чадвал Монголын эдийн засагт үр өгөөжтэй” хэмээн санууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)